2023 оны 04 дүгээр сарын 20-нд Bunny Uyanga нэртэй хэрэглэгч Reel буюу дамран бичлэг оруулж 4.3 мянган реакц, 345 сэтгэгдэл авч, бичлэгийг 6.7 мянган удаа цааш түгээжээ. Бичлэгт гадил жимсний харласан хэсэгт төрөл бүрийн амьд биет хөдөлж байгаа гэх микроскопын дүрсийг харуулаад “Гэр бүлдээ хайртай л бол харласан банана битгий идээрэй” гэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Гадил жимс яагаад харладаг вэ?
Britannica толь бичигт гадил жимс яагаад харладгийг хялбаршуулсан байдлаар тайлбарлажээ.
“Гадилын амьдралын мөчлөг их өнгөлөг. Гүн ногоон, амтлаг шар, эцэстээ дур гутам бор болж хувирна. Тэгвэл гадилын өнгө яагаад өөрчлөгддөг юм бэ?
Гадил нь бусад жимсний адилаар боловсорч гүйцэж буй дохиог илгээх этилен нэртэй дааврыг ялгаруулж, түүндээ хариу үйлдэл үзүүлдэг. Гүйцэд болоогүй жимс хатуу, чихэрлэг биш хүчиллэг, ногоон туяатай байна. Харин этилен хийтэй харилцан үйлчлэлд орох үед хүчлүүд нь задарч, илүү зөөлөн болох ба хлорофилийн ногоон пигмент нь задардаг, энэ тохиолдолд гадил шар өнгөтэй болдог. Бусад жимснээс ялгаатай нь гадил илүү их этилен ялгаруулдаг. Боловсорч гүйцэж байх үедээ өнгөлөг шар болж илүү амттай болох ч этилен хэт ихдэх үед зарим хэсэг харладаг. Эсвэл цохигдож, гэмтсэн бол язарч, харлах боломжтой”
Britannica: Why do bananas turn brown?
2. Харласан гадилыг идэх нь аюултай юу?
IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний баталгаажсан гишүүн THIP Media харласан гадилтай холбоотой агуулгаар баримт шалгалт хийж, тайланг 2021 оны 09 дугаар сарын 08-нд нийтэлжээ. Баримт шалгалтад:
“Гадил нь эслэг, кали, витамин В6, витамин С болон төрөл бүрийн антиоксидант, ургамлын шим тэжээлээр баялаг жимс юм. Калийн агууламж ихтэй тул зүрхэнд, эслэг нь ходоодонд сайн. Харласан гадил идэж болохгүй гэдэг худал. Харин ч тэднийг идэх нь зарим талаараа биед ашигтайг судлаачид тогтоосон байдаг. Гадил болж гүйцэх үед цардуул нь энгийн сахар болон хувирч биед шингэхэд илүү хялбар болдог. Гэхдээ болц нь гүйцэж харласан болон муудсан гадилыг хооронд нь ялгах нь чухал. Бүрэн болсон гадилын хальс энд тэндээ харласан байж болно. Харин дотор жимс нь өнгөө алдаж, ус гүйж, эхүүн үнэртэй байвал идэж болохгүй, муудсан гэсэн үг” гэсэн байна.
3. Бичлэгт харуулсан амьд биет гадилын харласан хэсэгт харагдах боломжтой юу?
Австралийн Воллонгонгийн их сургуулийн судлаач, доктор Уолт Каролл бидний шалгаж буй бичлэгийг няцааж, өөрийн TikTok хаягтаа харьцуулсан туршилтын дүнг хийж байршуулжээ.
Тэрээр шалгаж буй бичлэгт гарсан шиг гадилын харласан хэсгийг авч микроскопын дурангаар харахад ямар нэг амьд биет байсангүй, зөвхөн гадилын эсүүд л харагдаж байв. Бичлэгт “Зориудаар нян, шавжийг гадилд шахаж, хүмүүсийн анхаарлыг татах гэж хийсэн бичлэг. Энэ бичлэгээр харласан гадил болгоныг нян эсвэл шавжтай гэж хэлэх боломжгүй” гэсэн байна.