Хүн амын 75 хувь нь нэн ядуу болсон гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #501

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол улсын ядуурлын түвшинг 45 хувиас 75 хувь болж өссөн гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Монгол улсын ядуурлын хамралтын хүрээ 2016 онд 29.6 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болсон байна.

2023 оны 04 дүгээр сарын 23-нд Ардын үг нэртэй пэйжид одоогийн төрийн гурван өндөрлөгийн зураг дээр “Тэднийг засаг авахад нийт хүн амын 45 хувь нэн ядуу байсан бол одоо 75 хувийн нэн ядуутай болж” гэх тайлбартай пост оруулсан нь 04 дүгээр сарын 24-ний байдлаар 100 реакц, 18 сэтгэгдэл авч, 336 удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Шалгаж буй мэдээлэлд харуулсан улстөрчдийн харьяалагдах Монгол ардын нам 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд 65 суудал, 2020 оны сонгуульд 62 суудал тус, тус авсан байна.

2020 оны байдлаар Монгол Улсын ядуурлын хамралтын хүрээ 27.8 хувь байжээ

Монгол Улсын ядуурлын үндсэн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо хоёр жил тутамд нэг удаа гаргадаг. Үндэсний статистикийн хорооны сайтад байршуулсан хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт нь 2020 оных байна. Тус хорооны 51262325 дугаарын утсанд холбогдож тодруулахад 2022 оны ядуурлын үндсэн үзүүлэлтийг 2023 оны 09 дүгээр сард гаргана гэв.

Доор хүснэгтэд 2016 оноос хамгийн сүүлийн тоон үзүүлэлт гарсан жил хүртэлх ядуурлын үзүүлэлтийг харууллаа.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Улсын хэмжээнд ядуурлын үзүүлэлтийг гурван индексээр тодорхойлдог. Тэдгээр нь:

  • Ядуурлын хамралтын хүрээ – ядуурлын түвшин нь нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулдаг.
  • Ядуурлын гүнзгийрэлт – ядуу хүн амын хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг.
  • Ядуурлын мэдрэмжийн индекс – ядуу хүн амын дундах хэрэглээний тархалтыг үзүүлдэг байна.

Шалгаж буй мэдээллийн зураг дахь улстөрчдийн манлайлж буй МАН эрх барьж эхлэх үе буюу 2016 онд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь нь 29.6 байсан бол 2020 онд 27.8 хувь болсон байна. Ирэх есдүгээр сард гарах 2022 оны үзүүлэлтэд 27.8 хувиас шууд 75 хувь болтлоо өсөх боломжгүй юм.

Дэлгэнгүй мэдээллийг олон улсын тайлангаас шүүж хүргэе.

Олон улсын судалгаануудад Монгол Улсын ядуурлын дүр төрхийг илэрхийлсэн нь

Дэлхийн 173 улсаас Монгол Улс 2018 оны үзүүлэлтээрээ 56 дугаарт бичигддэг байна.

Ядуу иргэд хамгийн их хувийг эзэлдэг буюу хүн амынх нь 76.8 хувь ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай улс бол Экваторын Гвеней. Харин хоёрдугаарт Өмнөд Судан 76.4 хувь, гуравт Мадгасгар 70.7 хувиар тус тус эзэлдэг байна.

Монгол Улсын хүн амын 28.4 хувь нь ядуурлын шугамаас доогуур гэх үзүүлэлтээрээ /2018 оноос хойш шинэчлээгүй байна/ 56-д бичигдэж байна.

Дэлхийн банкны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд “Хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна” гэж дурджээ.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар 2020 онд манай улсын ядуурлын түвшинг 36.7 хувь болж өсөх байсан гэсэн төсөөллийг гаргаж байжээ. “КОВИД-19” цар тахлын үед айл өрхүүдийг хамгаалах зорилгоор төрөөс 18 хүртэлх насны бүх хүүхдэд олгох хүүхдийн мөнгийг эрс нэмэгдүүлж 2020 онд 1.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий гурван хувь, төсвийн зарлагын найм орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүргэсэн. Хүүхдийн мөнгө хөтөлбөр, хүнсний талон, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хөтөлбөрүүдэд хийсэн АХБ-ны судалгаагаар хэрэв засгийн газраас эдгээр арга хэмжээг аваагүй байсан бол 2018 онд 28,4 хувь байсан Монгол Улсын ядуурлын
түвшин 2020 онд 36,7 хувь болж өсөх байсан хэмээн дүгнэжээ.

НҮБ-ын “Монгол Улс Хөгжлийн төлөв байдлын шинжилгээ 2021” судалгаанд “2016-2018 онд нэг хүнд ногдох ДНБ-ий нэг хувийн өсөлт тутамд ногдох ядуурлын түвшний бууралт 0.5 нэгж хувь байгаа буюу ядуурал харьцангуй өндөр хэвээр, 2018 оны байдлаар хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. Мөн ядуурлын хамрагдалтын түвшин 28.4 хувь байгаа нь Монгол Улсын 905 мянга орчим хүн зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй байгааг илэрхийлж байна.

Ядууралд хэдийнээ өртсөн хүмүүсээс гадна хүн амын 14.9 хувь буюу 474.8 мянган хүн ядуурлын шугам болон ядуурлын шугамыг 25 хувиар дээш өсгөсөн түвшин хоёрын хооронд дахь хэрэглээтэй амьдарч байна” гэжээ. Энэ нь ядуурлын шугам руу орох эрсдэлтэй 500 орчим мянган хүн байгааг сануулсан ба нэгэнт ядууралд өртсөн 28.4 % дээр ангалын ирмэг дээр байгаа 14.9 %-ийг нэмээд (43.3%) ч шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг 75 хувьд хүрэхгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document