2023 оны 02 дугаар сарын 10-нд daiso mongolia fans нэртэй пэйжид “Daiso Mongolia байгууллагын 28 жилийн ойд зориулан бид танд 5000 төгрөг бэлнээр илгээнэ. Одоогоор уг тоог таасан ялагч олдоогүй байна. Манай хуудас болон уг постод лайк дарж, энэ постыг 5-7 группт шэйр хийгээд мессежее шалгаарай” гэж постолсныг 805 хэрэглэгч цааш хуваалцаж 619 реакц, 5.4 мянган сэтгэгдэл үлдээжээ. Яг ижил постыг өөр нэгэн daiso mongolia fans гэх пэйжид мөн адил 02 дугаар сарын 10-ны өдөр байршуулсныг 761 хэрэглэгц цааш хуваалцаж, 471 реакц, 3 мянган сэтгэгдэл үлдээсэн байна.
Үүнээс хойш daiso mongolia fans гэх яг ижил нэртэй хэд, хэдэн пэйж нээж постуудаа сэргээн хуваалцсаар байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр буюу 04 дүгээр сарын 23-нд оруулсан пост одоогийн байдлаар 41 реакц, 230 сэтгэгдэл авч, 158 удаа цааш хуваалцжээ.
Factcheck: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Эх сурвалжийг шалгаж заншаарай
Аливаа брэнд ихэнх тохиолдолд өөрийн нэрэн дээр элдэв нэмэлтгүйгээр сошиал сувгуудаа нэрлэдэг. Харин шалгаж буй эх сурвалж маань Daiso Mongolia Fans буюу Daiso-г дэмжигчид гэсэн байна. Албан ёсны хаягаараа аливаа урамшууллаа зарлаж, мэдээлэхээс биш, хандалт багатай дэмжигчдийн хуудаст байршуулахгүй.
Бодит эх сурвалжийн хандалт нь хуурамч хаягуудаас ихэнх тохиолдолд их бөгөөд илүү эрэлттэй тул хайлтын системийн хамгийн эхэнд гарч ирэх магадлал өндөр. Daiso Mongolia гэх түлхүүр ашиглан хайхад гарч ирсэн илэрцүүдийн хамгийн эхэнд 192 мянган дагагчтай Daiso Mongolia пэйж гарч ирж байхад бидний шалгаж буй эх сурвалжийн пэйж гуравдугаарт жагсаж гарч ирсэн байна. /Энэ нь тухайн хэрэглэгчийн хуурамч мэдээллийг идэвхжүүлдэг байдлаас хамааран эхэнд гарах магадлал бий/
Итгэж болохуйц эх сурвалж болон сэжигтэй эх сурвалжуудын хаягаа хөтөлсөн байдал ялгаатай байгааг дээрх зургаас харж болно. Үйлчилгээний байгууллага хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байх үүднээс хаяг, байршил, утасны дугаар, цахим шуудан, цагийн хуваарь зэргийг оруулсан байхад бидний шалгаж буй эх сурвалжид ямар нэг мэдээлэл алга байна.
2. Агуулгыг шалгах
Daiso брэнд нь 50 жилийн ойн баяраа тохиолдуулан 2022 оноос эхлүүлэн бүтэн жилийн хугацаатай урамшууллыг олон улсад зарлажээ. Харин Монгол дахь Daiso брэндийн урамшуулал нь 04 дүгээр сарын 30-нд дуусаж буйг вэбсайтдаа байршуулжээ. Тус урамшууллын хүрээнд бүтээгдэхүүнүүддээ тусгай хямдрал зарласан байна. Харин албан ёсны пэйжид нь ямар нэг мөнгө тараасан, азтан тодруулсан гэх мэдээлэл байсангүй. Мөн 02 дугаар сарын 11-нд уг постыг нийтэлжээ.
Хуурамч урамшуулал зарлах нь шинэ хаягуудын хандалтыг нэмэгдүүлдэг бөгөөд дараагийн худал мэдээллийнх нь нөлөөлөх цар хүрээг тэлдэг тул худал мэдээлэл түгээгчид энэ төрлийн арга ашиглах нь маш их. Иймд сэжигтэй санагдсан мэдээллүүддээ баримт шалгалт хийж, худал тохиолдолд тэднийг репортлох мөн манай төв лүү илгээх боломжтой.