Төмсний нахиа астма, хавдрыг эмчлэх чадвартай гэдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #498

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Төмсний нахиа астма, хавдрыг эмчлэх чадвартай гэнэ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн.

Баримт шалгалтын үр дүн

Төмсийг дулаан буюу зохимжгүй орчинд хадгалах үед нахиалдаг бөгөөд энэ нь астма, хавдар эмчлэх эрүүл мэндийн нөлөөгүй юм. Эсрэгээр төмсний нахианд соланин агуулдагаас шалтгаалан хортой чанартай байдаг ба бид ногоон төмс нь соланин агуулдаг талаарх өмнөх баримт шалгалтдаа мэдээлж байсан.

2023 оны 04 дүгээр сарын 16-нд galuut.com вэб сайт “Төмсний нахиа астма, хавдрыг эмчлэх чадвартай гэнэ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Мэдээлэлд “төмсний нахиаг 96 хувийн цэвэр спиртэд 14 хоног хандлан хандыг бага хэмжээгээр усанд найруулан уувал астма, зүрхний өвчин, толгой өвдөх, даралт буулгах цаашлаад хавдрыг шимэх үйлчлэл үзүүлдэг” гэсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Төмсийг дулаан буюу зохимжгүй орчинд хадгалах үед нахиалдаг бөгөөд энэ нь астма, хавдар эмчлэх эрүүл мэндийн нөлөөгүй юм. Эсрэгээр төмсний нахианд соланин агуулдагаас шалтгаалан хортой чанартай байдаг ба бид ногоон төмс нь соланин агуулдаг талаарх өмнөх баримт шалгалтдаа мэдээлж байсан. 

Соланин нь төмсөнд агуулагддаг гликоалколоидын төрлийн бодис юм. Энэ бодисыг их хэмжээгээр биедээ шингээх буюу идсэнээс шалтгаалан хордлого авч гэдэс өвдөх, суулгалт, халуурах, ухаан балартах, бөөлжих гэх мэт шинж тэмдэг илэрдэг болохыг АНУ-ын Маунт-Синай (Mount Sinai) эмнэлгийн вэбсайтад мэдээлсэн байна.

Нахиалсан төмс нь соланины агууламж өндөртэй байдаг ба нахиалсан эсвэл ногоорсон хэсгийг нь салгаж хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг гэж АНУ-ын Миссури мужийн Хордлогын төв мэдээлсэн байна. 1984 онд Моррис ба Ли нарын хийсэн судалгаагаар хүний биеийн жингийн 1 кг тутамд 2-5 мг соланин ноогдох хэмжээнд шингээхэд хордлогын хэмжээнд очдог байна. 

Хэдийгээр соланин нь хавдрын эсрэг үйлчилгээтэй гэх судалгаанууд байдаг боловч эдгээр нь эсийн өсгөвөр эсвэл амьтанд туршсан туршилтууд байгаа бөгөөд өнөөг хүртэл хүн дээр ямар ч туршилт хийгдээгүй гэдгийг Магдалена Жоанна Винкиэл (Magdalena Joanna Winkiel) нарын судлаачид 2022 онд хэвлүүлсэн соланины хавдрын эсрэг үйлчилгээний талаарх тойм судалгаандаа дурдсан байна. Винкиэл соланин буюу гликоалколоид нь судалгааны ирээдүйтэй чиглэл гэж үзэн “хэдийгээр бид өнөө үед хэрэглэж байгаа хавдрын эсрэг эмүүдийг орлож чадахгүй ч магадгүй үүнтэй хавсарсан эмчилгээ үр дүнг сайжруулж болох юм” гэж EurekAlert! шинжлэх ухааны мэдээллийн вэб сайтад мэдэгдсэн байна.
Харин төмсний нахиа нь астмыг эмчилдэг болохыг баталсан ямар нэг дүгнэлт эрүүл мэндийн судалгааны талаарх дэлхийн хамгийн том дата бааз буюу АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн (National Institute of Health) судалгааны санд байхгүй ба энэ нь дээрх худал мэдээлэлд шигтгэсэн хуурамч эрүүл мэндийн зөвлөгөө байхаар байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document