2023 оны 04 дүгээр сарын 2-нд Харь гариг сонирхогчид фэйсбүүк хуудас “Нарнаас ямар нэг зүйл сорж авч буй сансрын биет” гэх бичлэгийг постолсон. Постод тэмдэглэснээр бичлэгт үлдсэн уг сансрын биет нь “дэлхийгээс том хэмжээтэй гэж үзэж байгаа бөгөөд ихэнх уфологчид үүнийг харь гаригийн эх хөлөг нарнаас эрчим хүч буюу цэнэг авч байгаа гэсэн онол дээр санал нийлдэг” гэжээ. Мөн тус бичлэгийг 2016 онд Америкийн сансрын агентлаг NASA-н Solar and Heliospheric Observatory (SOHO) авсан гэсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Нарны хажууд зогссон харь гаригийн хөлөг гэх зураг нь компьютер графикаар хийсэн бичлэгийн хэсэг бөгөөд харь гаригийн биетүүдийн талаарх хуурамч бичлэг түгээдэг “Section 51” гэх хаяг энэ бичлэгийг анх нийтэлж байсан байна.
Постод ашигласан зургуудыг reverse image search функцээр хайхад Section 51 гэсэн фэйсбүүк хаяг тасдаж авсан зургийн эх бичлэгийг 2020 онд постолж байсан байна.
Энэ постод бичлэгийг зөвхөн зугаацах зорилгоор ашиглахыг (entertainment only) зөвлөсөн бөгөөд бичлэгийн гарчигт компьютер графикаар (CGI) хийсэн гэдгийг анхааруулсан байна.
Section 51 хэмээх хаяг нь харь гаригийн биетүүд гэх хуурамч бичлэгүүдийг түгээдэг ба энэ төрлийн хуурамч видео, зураг дагнан шалгадаг “UFO of Interest” вэб сайттай и-мэйлээр холбогдон, шалгаж буй бичлэгийг судалсан эсэх талаар лавлахад дээрх бичлэг нь хуурамч болохыг онцлон тус хаягийг шалган видео нийтэлж байснаа бидэнд мэдэгдсэн юм.
Харин Америкийн сансрын агентлаг нарнаас эрчим хүч сорж буй харь гаригийн биетийн тухай албан мэдэгдэл гаргаагүй бөгөөд NASA-ийн нар ажиглах Solar and Heliospheric Observatory (SOHO) хиймэл дагуулын бичлэгт үлдсэн нарны соронзон орны хөдөлгөөнөөс шалтгаалсан дэлбэрэлтүүд нь “үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой үзэгдэл” хэмээн худал мэдээ болж ашиглагдах тохиолдол байдгийг Newsweek мэдээлж байсан байна.