Хятад байцайны бичлэг гэх хуурамч мэдээллийг сэргээн түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #496

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хятад байцаа! Бид мөн ч их идсэн байхдаа бусаддаа сэрэмжлүүлж шэйр хийцгээе” гэсэн мэдээллийг сэргээн түгээж байна.

Баримт шалгалтын үр дүн

Үзүүлэнгийн хүнсний бүтээгдэхүүн хийдэг “shokuhin sampuru” гэх урлагийн талаар үзүүлсэн бичлэгийг хуурамч тайлбартайгаар түгээж байна.

2023 оны 04 дүгээр сарын 22-нд zasagt.com домайн нэртэй сайтад “Бичлэг: хятад байцаа! Бид мөн ч их идсэн байхдаа бусаддаа сэрэмжлүүлж шэйр хийцгээе” гэсэн гарчигтай мэдээлэл дахин оруулж, Goy Medleg, Түмний мэдээ зэрэг пэйжид холбоосыг хавсарган түгээснийг сүүлийн 24 цагийн байдлаар 2.9 мянган гаруй удаа үзээд байна. Сайт дахь мэдээллийг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс хойш нийт 36 удаа дахин оруулж, facebook-т 190 шэйр авсан байна. Уг мэдээлэлд Bayarmagnai S Myangan нэртэй хэрэглэгчийн 2022 оны 05 дугаар сарын 13-нд “Бид мөн ч их идсэн байхдаа. Монголчууд ходоод, элэгний хорт хавдраар тэргүүлээд байгаа нь хятад хүнстэй салшгүй холбоотой. Одоо хориглох байлгүй дээ‼️Khurelsukh Ukhnaa” гэсэн тайлбартай бичлэгийг холбож өгсөн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Бичлэгт үзүүлэнгийн хоол хийж буй үйл явцыг харуулсан

Хиймэл байцай хийж буй бичлэг нь 2016 оны 09 дүгээр сарын 20-нд Food52 гэх дэлхийн даяар 13 сая гаруй тогооч, хоол үйлдвэрлэлийн салбарт хамаатай мэргэжилтнүүдийг нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сайтад гарсан байна.

Тус бичлэгт Японы “shokuhin sampuru” буюу үзүүлэнгийн хоолны зах зээлийн суурийг тавьсан Такизо Ивасаки гэх эрхэмийн үзүүлэнгийн байцай хийж буйг харуулсан байна. Бичлэгт гарч буй байцай зэргийг вакс, хуванцар материалаар хийдэг бөгөөд хоолны газрууд ихэвчлэн хажуугаар нь өнгөрч буй үйлчлүүлэгчдээ татах зорилгоор хиймэл хоолны үзүүлэн бэлдэж тавьдаг.

Бичлэгт хятадууд хиймэл ногоо хийж буйг харуулаагүй тухай баримт шалгалт хийж байв

2017 оны 05 дугаар сарын 11-нд Энэтхэгийн “BOOM Live” баримт шалгах төвийн (IFCN-ий баталгаажуулалттай баримт шалгах төв) шалгасан. Уг бичлэг нь мөн хятад байцай хийж буй үйл явц биш гэжээ. Баримт шалгасан нийтлэлд бичсэнээр “Бичлэгт Японы ресторануудад ашигладаг үзүүлэнгийн хоол хийж байгааг харуулсан бөгөөд хоёр жилийн өмнө SBS сувгаар цацагдаж байсан. Маш олон ресторанд уг хоолны үзүүлэнг ашигладаг ба үзүүлэн хийдэг дэлгүүрүүдтэй ч хамтарч ажилладаг” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document