Facebook хуудсыг постод дурдаж, хуурамч анхааруулга нийтэлж буйгаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #495

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зохиогчийн эрхийн зөрчилтэй пэйжүүдийг дурдаж, мэдээллээ батаглаажуул гэх постыг спам байдлаар оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Meta платформд мэдэгдэл албан шуудан эсхүл платформын дотоод сүлжээнээс мэдэгдэл байдлаар ирдэг.

2023 оны 04 дүгээр сарын 16-с эхлэн Bussines Help’activity-109763456 нэртэй пэйжид “Анхааруулга. Таны хаяг идэвхгүй болох болно. Таныг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж репорт ирсэн учраас та энэ мэдэгдлийг харж байна. Хэрвээ доорх холбоосоор хаягаа баталгаажуулахгүй бол 24 цагийн дарааанаас таны хаягийг идэвхгүй болгож, ашиглалтаас хасна. Мэта Бизнэсийн хэлтэс” гэх постыг нийтэлж, нийт 19 удаагийн постоор 600 гаруй пэйжийг дурдсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хаяг, агуулгыг нягтлах

Худал мэдээлэл түгээж буй хаягуудад хамгийн их ажиглагддаг шинж тэмдгүүдэд үг, үсэг найруулгын алдаа ордог. Шалгаж буй мэдээллийг нийтэлсэн хэрэглэгчийн нэр Business гэх үгийг Bussines гэж алдаатай бичсэнийг харж болно. Facebook нь аливаа зурвас, нийтлэл хэл зүй, үг найруулгын алдаатай байх нь залилангийн нэг шинж тэмдэг гэж үздэг.

Шалгаж буй мэдээлэлд өөрсдийгөө Мэта Бизнесийн хэлтэс гэсэн байх ч хаяг руу орж үзэхэд ямар нэг баталгаажсан тэмдэг алга. Пэйжийн олон нийтэд нээлттэй мэдээлэх хэсэгт 04 дүгээр сарын 16-нд үүсгэсэн гэсэн байна. Мэтагийн үйлчилгээ үзүүлэгч хаягууд бүгд баталгаажсан цэнхэр тэмдэгтэй байдаг.

Мэдээлэлд дурдсан холбоос нь Facebook.com эсвэл fb.com гэх албан ёсны домайн холбоос биш байна. Дараад үзэхэд хэрэглэгчээс Facebook хаягийнх нь нэвтрэх нэр, нууц үг зэргийг оруулахыг шаардаж байна. Энэ тохиолдолд нэвтрэх нэр, нууц үгээ оруулах нь таны хаягийг хулгайлах эрсдэлтэй тул холбоос дээр бүү дараарай.

Нэмэлт мэдээлэл: Зохиогчийн эрхийн зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэгчийн хаягийг устгадаггүй бөгөөд тухайн зураг, нийтлэлийг хязгаарлах арга хэмжээ авдаг

Энэ төрлийн хуурамч мэдээллийг бид өмнө баримт шалгалт хийж байсан бөгөөд агуулгын хувьд “Зохиогчийн эрх зөрчсөн” гэж хуурамч мэдэгдэл хийсэн байна.

Facebook платформын Спам болон залилангаас сэргийлэх зөвлөмжид зааснаар:
“-Танаас мөнгө, бэлэг сэлт нэхсэн эсхүл таны хаягийг хязгаарлана, устгана гэх мэтээр сүрдүүлсэн агуулгатай шуудан, зурваст итгэхгүй байх
-Таны хаягтай холбоотой шуудан зөвхөн fb.com, facebook.com, facebookmail.com зэрэг баталгаажсан домайнаас илгээгдэх тул бусад төрлийн шуудангаас ирсэн зурвасуудад хариу өгөхгүй байх
-Facebook-ийн нэрийг барьж илгээсэн сэжигтэй холбоос руу нэвтрэхгүй байх нь зүйтэй” гэсэн байна.

Facebook платформ Зохиогчийн эрхтэй холбоотой түгээмэл асуултад дараах байдлаар хариулжээ.

Зохиогчийн эрхийн зөрчил гаргасан үндэслэлээр миний нийтлэлийг устгажээ. Энэ тохиолдолд Facebook-ээс зөрчил гаргасан хэрэглэгчид ямар мэдэгдэл хүргүүлдэг вэ?
-Бид зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол хүлээн авсан даруйдаа тухайн нийтлэлийг устгадаг. Нийтлэлийг оруулсан хэрэглэгчид нийтлэг тохиолдолд дараах мэдээллийг хүргүүлдэг. Үүнд:
-Гомдол, саналын дугаар
-Зохиогчийн эрх эзэмшигчийн нэр
-Гомдол гаргасан этгээдийн хавсаргасан цахим шуудангийн хаяг
-Гаргасан гомдлын дэлгэрэнгүй мэдээлэл
-Гомдолд зарга үүсгэх заавар зэрэг багтана. Тухайн гомдлыг утас, факс, цахим шуудангаар бидэнд ирүүлсэн тохиолдолд нийтлэлийг оруулсан хэрэглэгчид зөвхөн гомдлын дугаар, холбогдох тайлбарыг хүргүүлдэг. Хэрэглэгч бидэнд хандаж, нэмэлт мэдээлэл хүсэх боломжтой

Дээр дурдсанчлан зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаар Facebook тан руу өөрсдийн албан шуудан, эсхүл платформын дотоод системээр мэдэгдэл хүргүүлдэг. Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг танаас нэвтрэх нэр, нууц үг шаардахгүй.

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document