“Тэмбүү өвчний үед үс унах шинж тэмдэг илэрдэг” гэснийг “Үс унадаг хүн тэмбүүтэй байдаг” гэж гуйвуулан тайлбарлажээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #491

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дугархүү эмч: Үс нь унадаг хүмүүс тэмбүүтэй байдаг” гэх гарчигтай мэдээг байршуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цахим хэрэглэгчийн бичсэн агуулгыг гуйвуулж, бусад хэрэглэгчийг төөрөгдүүлж болохуйц байдлаар гарчигласан байна.

2023 оны 03 дугаар сарын 05-нд bihairtai.com гэх домайнд “Дугархүү эмч: Үс нь унадаг хүмүүс ТЭМБҮҮ-тэй байдаг” гэх гарчигтай мэдээг байршуулжээ. Тус мэдээллийг Facebook сүлжээнд 57 удаа постолж нийт 1,502 реакц, 1,155 сэтгэгдэл авч, 120 шэйр цуглуулсан байна. Хамгийн сүүлд 04 дүгээр сарын 06-нд Жамбал Анхбаяр нэртэй хэрэглэгч KoreaBox – солонгос барааг бөөний үнээр нэртэй бүлгэмд хуваалцаж 41 реакц, 56 сэтгэгдэл авч, 2 удаа цааш түгээжээ.

Мэдээлэлд:
“Сүүлийн хэдэн өдөр Үндэсний oлoн нийтийн телевизээр aй Ёo Дoктoр гэх эрүүл мэндийн нэвтрүүлэг дoлoo хoнoг бүр тoгтсoн цaгт үзэгчдэд хүрдэг. Уг нэвтрүүлэгээр oлoн нийтэд эрүүл мэндийн бoлoвсрoл oлгoж aливaa өвчнөөс урьдчилaн сэргийлэх үүрэгтэй. Гэтэл тус нэвтрүүлгийн эмч гэх Дугaрхүү удaa дaрaa шинжлэх ухaaнaaс зөрүүтэй мэдээлэл хүргэсэн тaлaaр мэргэжлийн эмч нaр өөрсдийн цaхим хуудaстaa нийтэлж бaйгaa. Цaхим хуудaстaa “Тэмбүү бусaд БЗХӨ шиг идээ бээр, эвгүй үнэр, өвдөлт зoвиур өгдөггүй юм. Гэтэл aрьсaн дээрх туурaлт, үс унaлт, гэх мэт гoo сaйхны зoвиур өгөхөөр нь хүмүүс үсний шaмпунь сaвaндaa бaйнa гээд явдaг нь хaрaмсaлтaй. Мэдэхэд илүүдэхгүй” гэжээ. Гэтэл уг мэдээлэл мөн л шинжлэх ухaaны мэдээллээс хoл зөрүүтэй бaйгaa тaлaaр хэрэглэгчид нь бичжээ” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Мэдээлэлд оноосон гарчиг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхүйц байна

Тус мэдээлэлд дурдсан Дугархүү эмч гэх хэрэглэгчийн хаяг руу ороход 03 дугаар сарын 03-нд “Тэмбүү бусад БЗХӨ шиг идээ бээр, эвгүй үнэр, өвдөлт зовиур өгдөггүй юм. Гэтэл арьсан дээрх тууралт, үс уналт гэх мэт гоо сайхны зовиур өгөхөөр нь хүмүүс үсний шомпунадаа савандаа байна гээд явдаг нь харамсалтай” гэх постыг байршуулжээ. Дугархүү эмч нэртэй хэрэглэгчийн хуваалцсан 44 минутын урттай Youtube бичлэг болон постын тайлбарын алинд нь ч тэрээр “Үс унадаг хүмүүс тэмбүүтэй байдаг” гэж хэлээгүй байна. Харин түүний “Тэмбүү өвчний үед үс унах шинж тэмдэг байдаг. Хүмүүс энэ шинж тэмдгийг мэдэхгүй цаг алддаг” гэж хэлснийг “Үс унадаг л бол тэмбүүтэй” гэж хэлсэн болгож гарчиглажээ.

2. Тэмбүү өвчин, түүний шинж тэмдэг: ҮС УНАЛТ

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 03-ны А/305 тушаалаар “Бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталсан байна. Уг тушаалд:
“Тэмбүү өвчин нь цайвар трепонемаар үүсгэгддэг, архаг удаан явцтай, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо (арьс, салст, дотор эрхтэн, мэдрэл ба тулгуур хөдөлгөөний эрхтэн)-г гэмтээдэг, урагт дамжин халдварладаг бэлгийн замын халдварт өвчин юм.

  • Нууц хугацаа нь 3-4 долоо хоног үргэлжилнэ
  • Тэмбүү өвчний нэгдүгээр үе нь дунджаар 6-7 хоног үргэлжилнэ. Хатуу яр гарна, хатуу ярны ойролцоох тунгалгийн зангилаа томорно. Тунгалгийн судас үрэвсэнэ.
  • Тэмбүү өвчний хоёрдугаар үе нь халдвар авснаас 2-3 сарын дараа буюу хатуу яр гарснаас 6-7 долоо хоногийн дараа арьс салстаар тархмал тууралт гарснаар эхэлж 2-5 жил үргэлжилнэ. Арьс, салстаар толбот, гүвдрүүт, идээт цэврүү гарна. Үс унана, арьс цайна. Эмчилгээ хийлгээгүй ч 1-3 сарын дараа тууралт аяндаа арилж, 2-р үеийн далд хэлбэрт шилжинэ.
  • Тэмбүү өвчний гуравдугаар үе нь халдвар авснаас 3-5 жилийн дараа илэрч, 5-10 жил түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ. Арьс салстад товруут, зангилаат тууралт гарч, дотоод эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ. Ийлдэс судлалын шинжилгээ 25-30 хувьд сөрөг илэрнэ.

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд болон эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад оношлуулах боломжтой” гэсэн байна.

Тэмбүү өвчний шалтгаант үс уналтыг судалсан эрдэм шинжилгээний тайлангууд цахим сүлжээнд нийтэд хүртээлтэй хэлбэрээр түгээмэл байна. Тайландын эрдэмтдийн тэмбүүгийн шалтгаант үс уналтыг судалсан дүн шинжилгээг 2022 оны 05 дугаар сарын 02-нд Frontiers сэтгүүлд байршуулжээ. Тус тайланд:
“Тэмбүү өвчний хоёрдугаар үед илэрдэг үс унах шинж тэмдэг нь нийт тохиолдлын 2.9 – 22.2 хувьд давамгай илэрнэ. Бусад шалтгаант үс уналтуудтай андуурагддаг учраас хуурмаг шинж гэж нэрлэгддэг. Алаг цоог, сарнисан, холимог гэсэн 3 төрлийн хэлбэртэй” гэсэн байна.

Тэмбүүгийн шалтгаант үс уналтын эмнэл зүйн шинж тэмдэг (А) алаг цоог, (B) сарнисан, (C) холимог, (D) хөмсөгний


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document