“Мөнгө хандивлана” гэх мэдээллийг хялбар аргаар худал болохыг тогтоох нь

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #489

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Иргэдэд ямар нэг барьцаа шаардахгүй мөнгө тарааж байна гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийг түгээж буй хаягууд нь хуурамч тул өөрийн сахүүгийн болон хувийн мэдээллээ баталгаагүй нэгэнд өгч болохгүй.

“Хүүгүй мөнгө зээлнэ”, “Буцалтгүй тусламж өрхөд олгоно”, “Иргэн бүрт их хэмжээний мөнгө хандивлана” зэрэг агуулгатай постууд цахим сүлжээнд өндөр хандалттай түгсэн хэвээр байна. Үүний нэг жишээ нь “2023 оны 4-р сарын 07-аас 4-р сарын 15 хүртэл Монгол Улсын иргэнд 5,000,000 төгрөгийг 900,000,000 төгрөгөөр хандивлана. Сайхан боломж коммент хэсэгт Тийм гэж тэмдэглээрэй. Chat” гэх пост ба төрөл бүрийн зураг хавсарган нийтэлжээ. Хандалт нь:

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1 Мэдээллийн эх сурвалжийг шалгах

Facebook сүлжээн дээрх аливаа мэдээлэлд итгэж, цааш түгээх эсвэл хариу үйлдэл үзүүлэхээс өмнө тухайн мэдээллийг хэн нийтэлснийг шалгаж заншаарай. Эх сурвалжийн найдвартай байдал буурах тусам худал мэдээлэл түгээдэг байх магадлал нэмэгддэг. Шалгаж буй мэдээллийг нийтэлсэн хаягуудыг ямар эх сурвалжаас түгээснийг шалгацгаая.

  • Хамгийн түрүүнд хаягийн About буюу нэмэлт мэдээлэл цэс рүү орж амьдардаг улс, хот, ажлын газар зэрэг хувийн мэдээлэл бүрэн эсэхийг шалгахад бидний шалгаж буй эх сурвалжуудад ямар нэг мэдээлэл байсангүй.
  • Дараагийн алхам бол ашигласан зургийг шалгах. Google Reverse image search хэрэглүүр ашиглан зургуудын илэрцийг харууллаа.
/Hubert Remy нэртэй хаягт ямар нэг зураг байгаагүй тул үлдсэн хоёр хаягийн нүүр зургаар хайлт хийв/

Catherine Benguigui нэртэй хаяг Францын Катерин Бенгиги гэх жүжигчний зургийг байршуулжээ. Гэвч жүжигчин Катериний сурталчилгааны вэбсайтад ямар нэг Facebook хаяг дурдаагүй байна. Badmaa Badmaa нэртэй хаяг Европын парламентаас томилогдсон ерөнхий прокурор Лаура Кодрутагийн зургийг ашигласан байна.

Европын прокурор эсвэл Францын жүжигчин Монгол Улсад бэлэн мөнгө тараана, түүнийгээ зарын бүлгэмүүдүүдэд монгол хэлээр бичиж нийтэлнэ гэдэг боломжгүй. Эх сурвалжийн найдвартай байдлыг дээрх энгийн алхмуудаар шалгаж болох нь.

2 Хуурамч хаягаар бусдыг хэрхэн залилдаг тухайд

АНУ-д байрлалтай, санхүүгийн залилантай тэмцэх PingIdentity платформын вэбсайтад 2022 оны 01 дүгээр сарын 23-нд байршуулсан “Хаяг үүсгэн залилах нь” нэртэй нийтлэлд:

“Залилан үйлдэхийг санаархсан этгээд өөрийн үнэн төрхөө нууж, ул мөрөө бага үлдээхийн тулд хамгийн түрүүнд хуурамч хаяг нээдэг байна. Тухайн хаягийг хэрхэн хэрэглэж буй нь зорилгоосоо хамаараад янз бүр. Цахим хаяг нь тэдэнд хэн нэгэн хүн, эсвэл аль нэг байгууллагын дүрд хувилж гэнэн хэрэглэгчдийг залилах боломж олгох бөгөөд тэд:
-Цахим тоглоомын платформд бусад хэрэглэгчийн төлбөртэй бүтээгдэхүүнийг хулгайлах
-Хуурамч худалдааны сайт үүсгэж картын мэдээллээ оруулсан хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах
-Санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй мэтээр хүмүүсээс хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, регистрийн дугаар зэргийг хулгайлах зэргээр ашиглах нь нийтлэг. Зарим тохиолдолд шинэ хаяг үүсгэхгүй, хэрэглэгчээс олж авсан хаягаараа дамжуулан залилан хийх нь ч бий” гэсэн байна.

Иймд та бүхэн ямар ч тохиолдолд бусдад өөрийн дансны нууц үг, регистрийн дугаар эсвэл утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэт хувийн мэдээллээ явуулж болохгүй. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй.

3 РЕПОРТ ХИЙХ

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document