Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр ERSAG гэх шошготой тосыг “Үе мөч, нуруу өвддөг, үений шингэн дутагдсан хүмүүс хэрэглэхэд маш сайн. Шидэт ногоон тос нь өвчин намдаадаг шүү” гэх тайлбартайгаар сурталчилж байна. Ихэнх тохиолдолд олон гишүүнтэй бүлгэмүүдээр сурталчилгааг хэт давтан түгээжээ. Эдгээр постууд жишээлбэл:
- Naraa Naraa нэртэй хэрэглэгчийн Нуруу хүзүүний өвчнөө зөв оношилж эмчилцгээе! бүлгэмд оруулсан пост 43 реакц, 91 сэтгэгдэл авч, 22 удаа цааш түгээсэн
- Б. Базармаа нэртэй хэрэглэгчийн Бүх төрлийн зар хамгийн том зарын группт оруулсан пост 22 реакц, 47 сэтгэгдэл авсан
- Tserenpil Dulmaa нэртэй хэрэглэгчийн Говь-Алтай Зарын Нэгдсэн Группт оруулсан пост 14 реакц, 10 сэтгэгдэл авч, 15 удаа цааш хуваалцсан
- Giikhee Dovdon нэртэй хэрэглэгчийн Зүүнхараа нэгдсэн зар бүлгэмд оруулсан пост 5 реакц, 2 сэтгэгдэл авч, 2 удаа цааш хуваалцсан зэрэг хандалттай байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Эмчилгээний бус зөвхөн гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүн байна
Шалгаж буй постод хавсаргасан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн Туркийн Ersag брэндийн вэбсайт гарч ирлээ. Тус бүтээгдэхүүний тайлбарт “Уг бүтээгдэхүүн нь эм биш бөгөөд зөвхөн гоо сайхны зориулалттай, ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм” гэсэн байна. Мөн бүтээгдэхүүн дээр байгаа MASAJ KREMI гэх тэмдэглэгээ нь Монгол хэл рүү орчуулбал “Иллэгийн тос” гэсэн үг юм.
2. Иллэг нь үе мөчний зарим өвчний үед таатай мэдрэмж төрүүлэх ч эмчилгээ болохгүй
АНУ-ын Үе мөчний өвчин судлалын сангийн зөвлөмжид:
“Иллэг хийлгүүлэх нь өвдөг, гарын үе мөч, нуруу өвдөх болон хуян хөөрөх үед таатай мэдрэмж төрүүлдэг. Висконсины их сургуулийн профессор, сэтгэл судлаач Кристофер Мойерийн хэлж буйгаар иллэг нь зөвхөн үе мөчний өвчнийг намдаагаад зогсохгүй өвчтөний сэтгэл зүйн байдалд сайнаар нөлөөлж, тайвшруулдаг байна. Гэхдээ иллэг хийх үедээ хэт их хүч ашиглах эсвэл хэт зөөлөн байвал үр дүнгүй аж. Хэрэв танд:
- Үе мөч гэмтсэн
- Үрэвслээс үүдэн улайлт үүссэн, харшил туурсан
- Яс сийрэгжсэн
- Цусны даралт ихэссэн
- Судас бүдүүрсэн зэрэг шинж тэмдэг байгаа бол өөрөө дур мэдэн иллэг хийлгүйгээр мэргэжлийн эмч, бариа засалчид хандаарай” гэсэн байна.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад байршуулсан үе мөчний өвчний тухай мэдээлэлд “Жингээ зохицуулах, зөв хооллох, зөв суух зэргийг анхаарч, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хэрэв биед үрэвсэл явагдаж байвал түүнийг эрт илрүүлснээр үе мөчний өвчний эрсдэлийг бууруулна. Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр физик эмчилгээ, эсвэл мэс засал хийлгэх боломжтой” гэсэн байна.