2023 оны 03 дугаар сарын 04-нд Medremj Delgertsetseg нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Утсаа толгой дээрээ болон ойр тавьж унтдаг ээжээс аутизм болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлалтай. Гар утасны хэрэглээгээ хязгаартай хэрэглэж байх нь чухал…” гэсэн пост нийтэлсэн нь мянга гаруй реакц, 98 сэтгэгдэл авч, 1.4 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Гар утас толгойн ойр тавьж унтдаг эмэгтэйгээс аутизмтай эсвэл ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрдөг болох нь батлагдаагүй, хуурамч мэдээлэл юм.
2008-2012 оны үед жирэмсэн байхдаа гар утас хэрэглэхэд ялгардаг радио долгионоос нь шалтгаалан хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж болох талаар амьтан болон эпидемиологийн судалгаанд үндэслэн дүгнэсэн судалгаанууд байсан. Тухайлбал, 2012 онд гар утаснаас ялгардаг радио долгион нь ургийн хөгжилд нөлөөлөн, анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD) үүсгэх боломжтой байж болох талаар Йелийн их сургуулийн профессор Хью Тэйлор (Hugh S. Taylor) хулгана дээр хийсэн туршилтдаа үндэслэн дүгнэж байсан байна.
Гэвч сүүлийн жилүүдэд хийсэн өргөн хүрээтэй судалгаануудаар дээрх дүгнэлт нь үгүйсгэгдсэн байна.
Тухайлбал, 2017 онд Елени Пападопоулоу (Eleni Papadopoulou) нарын судлаачид 1999-2008 оны хооронд Норвегийн 45,000 орчим эх-хүүхдийг хамарсан судалгааны дүнгээ танилцуулсан бөгөөд тэдний дүгнэлтэд жирэмсэн үеийн утасны хэрэглээ нь хүүхдийн мэдрэлийн хөгжилд ямар нэг сөрөг нөлөө ажиглагдаагүй болохыг мэдэгдсэн байна.
Мөн 2018 онд Францын 18,000 орчим гэр бүлийг хамруулсан судалгаанд бага хэмжээтэй цахилгаан соронзон долгион буюу гар утаснаас ялгардаг радио долгион нь төрөлтийн дараах үр дүнд нөлөөлөхгүй болохыг тогтоосон байна.
Хэдийгээр аутизмын шалтгаан нь өнөөгийн байдлаар бүрэн судлагдаж тогтоогдоогүй ч генийн болон орчны нөлөөнөөс /агаарын бохирдол, пестицид, эхийн нас, таргалалт, чихрийн шижин, дархлааны системийн эмгэг гэх мэт/ шалтгаалан урагт аутизм үүсэх боломжтойг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн Орчны эрүүл мэндийн үндэсний институт мэдээлсэн байна.
Харин жирэмсний үед гар утасны хэрэглээнээс шалтгаалан урагт мэдрэлийн хөгжлийн асуудал буюу аутизм болон бусад хөгжлийн бэрхшээл үүсдэг эсэх нь тогтоодоогүй болохыг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн хяналтын байгууллагууд мэдээлсэн байна.
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг гар утас ашиглаж буй үед ялгардаг радио долгион нь бага хэмжээтэй ионжуулдаггүй радио долгион байдаг ба энэ нь ямар нэг эрүүл мэндийн асуудал үүсгэдэг нь батлагдаагүй болохыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гар утаснаас ялгарах ионжуулдаггүй радио долгион нь зарим хэт ягаан туяа (ultraviolet light), рентген туяа (X-ray) эсвэл гамма туяа (gamma ray) шиг атомын түвшинд ионжуулан задрал үүсгэхгүй болохыг тус байгууллага мэдээлсэн байна.
Мөн Ионжуулдаггүй туяанаас хамгаалах олон улсын комисс (The International Commission on Non-Ionizing Radiation Protection) гар утаснаас ялгардаг радио долгион эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй болохыг мэдэгдсэн байна.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Европын холбоо энэ асуудалд хангалттай баримт цуглараагүй байгааг онцлон, цаашид судлах шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.