Төөрөгдүүлсэн гарчигтай мэдээллийг дахин түгээж хандалт цуглуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #483

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хаан Банкны хэрэглэгчид яг одоо дараад ороорой гэх гарчгаар үйлдэлд уриалж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуучирсан мэдээллийг дахин түгээсэн байх бөгөөд доторх агуулга хэрэглэгчдийг төөрөгдүүлэхүйц байна.

2023 оны 03 дугаар сарын 30-нд Сайн Эцэг Эх нэртэй пэйжид “Маргааш ХААН БАНКНЫ данстай хүн бүрийн дансанд 200.000 төгрөг орж … Унш!!! ТА ДАРЖ ОРООД – ТА ДАРЖ ОРООД” гэх гарчигтай, medeech.com домайн дээр байршуулсан мэдээг хуваалцсан нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар 417 реакц, 278 сэтгэгдэл авч, 25 удаа хуваалцсан байна.

Medeech.com сайтад байршуулсан мэдээ нь:
“Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г ЭМЯ засгийн газар хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнд : Бүх банкууд хамтран харилцагчдадаа дэмжиж ажиллах цаг болсон.

Нэг жил хүүхэд бүрт 200.000 төгрөг олгоц, Дулаан, цахилгаан, Тог усны мөнгийг хөнгөлсөн. Бүх халамжийн мөнгийг нэмэгдүүлсэн. Бид та бүгдийг үргэлж дэмжиж ажиллаж ирсэн. Иргэд болон улс орондоо энэ хүнд нөхцөлийг хамтдаа даван туулахад туслалцаа үзүүлэх хэрэгтэй.

Эмнэлэгт хэвчлүүлэн эмчлүүлж, эм тариагаа авч чадахгүй иргэд олон байна. Энэ цаг үед харилцагчдаа дэмжиж ажиллах маг чухал цаг ирээд байна. Иргэд боломжоороо нэгнээ дэмжиж байна. Та бүгд ч гэсэн иргэдээ дэмжиж иргэн бүрт 200.000 төгрөгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Эдийн засаг хямралтай үед энэ банкнууд иргэдээ дэмжиж ажиллахыг дэмжиж байвал ТИЙМ гээд сааналаа өгнө үү” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хуваалцсан холбоост байршуулсан мэдээ 1 жилийн өмнө байршуулсан буюу хуучирсан мэдээлэл байна

Холбоосоор дарж ороход уг мэдээллийг 2022 оны 03 дугаар сарын 16-нд байршуулсан байна. Crowdtangle хэрэглүүрээр байршуулсан цагаас хойших нийт хандалтыг шалгахад уг холбоосыг 484 удаа түгээж 6,900 реакц, 3,228 сэтгэгдэл авчээ. Энэ төрлийн сонирхол татахуйц гарчигтай мэдээг тодорхой хугацааны үечлэлээр дахин сэргээж хандалт авах үзэгдэл цөөнгүй. Хэдийгээр уг мэдээний агуулга саналаа өгнө үү гэж уриалсан ч санал өгөх цонх эсвэл хүснэгт байхгүй байна. Тэгэхээр уншигчдын саналын судалгаа цуглуулах зорилготой байршуулсан мэдээлэл биш гэдэг нь илт.

2. Ковидын үеийн эдийн засагт банкны салбар хэрхэн оролцсон тухайд

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г Засгийн газраас баталсан гэдэг үнэн. Уг төлөвлөгөөг Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан. Төлөвлөгөөний хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах  аж ахуйн нэгжийн төлөх зээлийн нийт хүүгийн 9.0 нэгж хүртэл хувийг, иргэдийн төлөх зээлийн нийт хүүгийн 10.0 нэгж хүртэл хувийг, хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэдийн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн 3.0 нэгж хувийг, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, ноолуур, ноос, арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэл, гурил, тэжээл, ургамлын тос, хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл болон хүнс боловсруулах, хүнсний сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох, хүнсний ногооны агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар зээлд хамрагдах зээлдэгчийн төлөх зээлийн нийт хүүгийн 7.65 нэгж хувийг 2021 онд, 10.65 нэгж хувийг 2022 оноос, малчдыг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг тус, тус Засгийн газраас хариуцан төлөхөд 2021 онд шаардагдах зардлын эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар, 2022-2027 онуудад шаардагдах зардлын эх үүсвэрийг тухайн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авсан бөгөөд тайланг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Банкны вэбсайтад байршуулжээ.

3. Гарчигаар төөрөгдүүлэн хэрэглэгчдийн сонирхлыг татдаг мэдээллүүдийг цааш хуваалцахгүй байж заншаарай

Нэгдүгээрт, уг мэдээлэлд гарчигт дурдсан шиг зөвхөн Хаан банкны хэрэглэгчидтэй холбоотой агуулга байсангүй. Хоёрдугаарт, мэдээлэлд дурдсан хүндрэлийн үеийн эдийн засгийн үед хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагууд аль хэдийнээ тодорхой хэмжээнд оролцсон байна.

Аливаа мэдээллийн гарчиг “Дараад ороорой”, “Дэмжиж байвал шэйр”, “Яг одоо ороод саналаа өг” гэх зэргээр үйлдэл уриалсан байх тусам уншигч та илүү хянуур байх нь зүйтэй. Хуучирсан, төөрөгдүүлсэн эдгээр мэдээллүүд нь таны бөгөөд бусад хэрэглэгчийн хэрэгцээт мэдээллийн хүртээмжийг бууруулдаг. Та бүхэн ямар нэг байдлаар хандалт өгч идэвхжүүлэх тусам бодит мэдээллийг үзэгдэлт багасаж, энэ төрлийн төөрөгдөл таны цахим хэрэглээнд ойр байсаар байна. Тиймээс дээрх шинжүүдийг агуулсан мэдээллийг идэвхжүүлэхгүй орхих, репорт хийдэг байхыг уриалж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document