Хүүхдийн мөнгө барьцаалаад 4 сая төгрөгийн зээл авлаа гэх хуурамч мэдээллээр луйвар хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #479

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хоёр хүүхдийн мөнгө барьцаалж 4 сая төгрөгийн заал авсан гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд дурдсан хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжийг барьцаалан зээл авах боломжгүй.

2023 оны 03 дугаар сарын 27-ноос эхлэн Ider Idermaa нэртэй хэрэглэгчийн хаягаас “Хүүе хүүхдийн мөнгө халамж асаргаа цалинтай ээж барьцаалсан зээл апп шинээр гаржээ. Дөнгөж сая найз нь 2 хүүхдийн мөнгө барьцаалаад 4 сая авчихлаа 1хүүхдийн мөнгө авдаг бол дээд талдаа 2 сая авчихдаг юм байна. Зөвхөн Чат шүү” гэх мэдээллийг Халамж ба хүүхдийн мөнгө, Хуучин хувцасны худалдаа, Шинэ хуучин цахилгаан бараа тавилгын худалдаа болон аймгуудын зарын группүүд, бусад нээлттэй группүүдэд оруулсаар байна.

Уг постын доор сэтгэгдэл үлдээсэн хүмүүст зөвхөн чатаар харилцах болзол тавьдаг ба зээл авах аргыг төлбөртэй заана гээд иргэдээс мөнгө аваад блок хийж байгааг бичсэн сэтгэгдлүүдээс харж болно.

FACTCHECK: Бид өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн тусламжтайгаар дараах байдлаар тайланг бэлдлээ

Хаягийг нягтлах

Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаяг “svnjee.svnjidmaa.10” ба user ID нь “100002560652400”.

“2009 онд МСҮТ-өөс гарч, 2011 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын бүрэн дунд сургуулийг төгссөн”, “2012 онд Хүрэл Чулуун Бат Эрдэнэ-тэй гэрлэсэн” гэх мэдээллээ 2019 оны 06 дугаар сарын 11-нд оруулсан гэх мэтээр хаягаа хөтөлж ирсэн ба олон нийтэд нээлттэй оруулсан мэдээлэл нь дандаа бусдын постыг хуваалцсан байна. Эдгээр шинжээр тухайн хаягийг бодит хүн, эвсэл хуурамч гэдгийг тодорхойлох боломжгүй.

Хаягийг шинжилж, найдвартай эсэхийг мэдэх боломжгүй үед агуулгаар хайж, бодит байдлыг нягтлаарай.

Агуулгыг нягтлах

Шалгаж буй мэдээлэлд дурдсан хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжийг барьцаалан зээл авах боломжгүй.

Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгох талаар бусад эх сурвалжаас мэдээлэл хайгаарай. Facebook-ийнхээ хайлт хэсэгт, эсвэл Google-д энэ утгаар бичиж хайхад холбоотой мэдээллүүд гарч ирэх ба манай өмнөх баримт шалгалтад энэ төрлийн залилангийн талаар дурдаж байсан. Тухайн үед Засгийн газрын 2022 оны 36 дугаар тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журам” хүчин төгөлдөр хэрэгжиж байсан ба уг журмын 6.4-д “Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно” гэж заасан байсан.

Харин 2022 оны 11 сарын 11 өдөр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаар дээрх журам хүчингүй болсон. Уг тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам” баталсан.

Журмын,

  • 1.4-д хүүхдийн мөнгийг банкны дансаар дамжуулан олгохоор,
  • 3.1, 3.2, 3.3-д хүүхдийн мөнгийн тодорхой хувийг банканд хадгаламж хэлбэрээр хуримтлуулахаар,
  • 5.2-д хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй гэсэн тусгайлсан зохицуулалт байна.

Энэхүү тогтоолд хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгоход холбогдох харилцааг шууд хориглосон заалт байхгүй байна.
Нэгэнт хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр банканд хадгалж байгаа тул тухайн хадгаламжийг барьцаалж зээл олгох эсэх асуудлыг банк өөрийн эрх хэмжээ, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэхээр байгааг хуулийн фирмийн зүгээс бидэнд мэдээлсэн юм.

03 дугаар сарын 30-нд Монголбанкны мэдээллийн албаны 323078 дугаарын утсаар тодруулахад, “Монголбанк нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Банкуудад зээлийн бүтээгдэхүүний талаар нарийвчлан чиглэл өгөх боломжгүй”-г мэдэгдсэн юм.

Арилжааны банкуудын цахим хуудсаас зээлийн бүтээгдэхүүнүүдийг шүүж үзэхэд “Хүүхдийн мөнгө барьцаалсан зээл” гэж тухайлсан төрөл байхгүй байна. Харин хүүхдийн мөнгөө хуримтлуулдаг хадгаламж нээсэн хэрэглэгч “хадгаламж барьцаалсан зээл” авах эрх нь нээлттэй байна.

Дээрх мэдээлэл нь зөвхөн арилжааны банканд хүүхдийн мөнгийг хадгаламж нээж хуримтлуулдаг хүмүүст олгодог Хадгаламж барьцаалсан зээлийн тухай гэдгийг сайтар анхаараарай.

Түүнээс биш, хэн нэгэн тодорхойгүй хаягтай хэрэглэгч “хүүхдийн мөнгө барьцаалан зээл авдаг аппликейшн зааж өгч, мөнгөтэй болгох тухай” агуулгад дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй юм.

Төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж, цахим залилангийн хохирогч болохоос зайлсхийгээрэй

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй. Мөн дээрх төрлийн зээлийн бүтээгдэхүүний талаар албан ёсны ямар ч сайтад байхгүй, эргээд холбоо барих хаяг, байршил, утасны дугааргүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг цахим залилангийн шинж чанарыг агуулсан байгаа тул та бүхэн хялбар зээл авахыг хүсэж, хувийн мэдээлэл, дансны дугаараа өгөхөөс зайлсхийгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document