2023 оны 01 дүгээр сараас эхлэн олон гишүүдтэй бүлгэмүүдэд “Наян саяын эргэн төлөгдөхгүй санхүүжилтийг өнөөдрөөс эхлэн айл өрхүүдэд олгоно. Гэр бүл, 18-аас дээш насны хүмүүсийг урьж байна. Иргэдийн үндсэн хэрэгцээнд зориулж зээл авахад нь бид тусалдаг. Манай санхүүжилтийн хүү 0% байна. Буцаагдахгүй зээл. Хувийн зурвас. Чат” гэх постыг хэд, хэдэн хаягаас хэт өндөр давтамжтай түгээсээр байна.
Шалгасан мэдээлэл 1 – 19 реакц, 25 сэтгэгдэл
Шалгасан мэдээлэл 2 – 11 реакц, 10 сэтгэгдэл, 1 удаа хуваалцсан
Шалгасан мэдээлэл 3 – 23 реакц, 40 сэтгэгдэл.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Эх сурвалжийг нягтлах
Олон нийтийн сүлжээнд зээл, санхүүжилттэй холбоотой агуулгаар нийтэлж буй хэрэглэгчтэй харилцаа тогтоохоос өмнө хамгийн түрүүнд хаягийг нягтлах нь зүйтэй. Эдгээр агуулгуудыг идэвхтэй түгээж буй хаягууд байршлаа Бенин улс гэсэн байна. Харин хэрэглэгчийн нэр, нүүр зургууд нь зөрүүтэй байгааг дараах зургуудаас үзэж болно.
- Esperance Saossi гэх хаяг Болгарийн эдийн засагч, Олон улсын валютын сангийн захирал Кристилина Жоржиевагийн зургийг
- Abbe Horoure Amouzoun гэх хаяг Канадын Үндэсний банкны Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал Силви Дурандын зургийг
- Darielle Djossou гэх хаяг Канадын Ямачиче Гэгээн Леоны бага сургуулийн захирал Карин Пэллетьегийн зургийг тус, тусын нүүр зураг болгон ашиглажээ.
2. Сонор байдлаа алдаж энэ төрлийн хуурамч мэдээллээ итгэх нь өөрийн санхүүгээ эрсдэлд оруулж буй хэлбэр
Хуурамч хаяг үүсгэн “мөнгөн дэмжлэг олгоно”, “бага хүүтэй мөнгө зээлнэ” зэрэг мэдээллээр цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж хандалтаа өсгөх, түүнчлэн санхүүгийн залилан хийх ч тохиолдол байдгийг бид өмнөх баримт шалгалтууддаа дурдаж байсан. Шалгаж буй постын доор сэтгэгдэл бичсэн иргэдэд “Найзын хүсэлт явуулаарай”, “Чат бичээрэй” зэрэг байдлаар хариулсан нь хандалтаа өсгөхийн зэрэгцээ бусдыг залилах санаатай үйлдэл байж болзошгүй. Иймд та өөрийн захидал харилцаа, санхүүгийн нууцаа чандлан хамгаалж өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн мэдээг репорт хийж заншаарай.