Витамин С хавдар эмчилдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #474

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“С витамин нь хавдрын эсрэг, зарим хими эмчилгээнээс илүү үр дүнтэйг судалгаагаар баталсан” гэх мэдээлэл гаргасан.

Баримт шалгалтын үр дүн

“Өндөр тунтай С витаминыг зөвхөн клиник туршилтын хүрээнд ажиглалтын түвшний хавдрын эсрэг эм гэж үзэж болох бөгөөд үсэрхийлсэн шулуун гэдэсний хавдартай өвчтөнүүдийн насыг уртасгаагүй, сепсисийн судалгаанууд ямар нэг ач холбогдол илрүүлээгүй, сөрөг нөлөө илэрсэн, сахар хэмжигчийн үзүүлэлтэд өөрчлөлт гарсан” гэжээ.

2023 оны 03 дугаар сарын 09-нд ehoron.club вэб сайт “C витаминаар ХАВДАР ЭМЧЛЭХ АРГА. С витамин нь хавдрын эсрэг, зарим хими эмчилгээнээс илүү үр дүнтэй ХАДГАЛААД АВААРАЙ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд витамин С нь хорт хавдрыг устгадгийг баталсан судалгаанууд хийсэн талаар тайлбарлажээ. Үүнд хэд хэдэн судалгааны үр дүнг танилцуулан “хавдрын өвчтэй хүмүүс бүгд С-витамины дутагдалтай байдаг” ба “хорт хавдрын үед витамин С хэрэглэхийг санал болгодог” гэжээ. 

Мөн “1979 онд Cameron, Pauling, Brain Leibovitz нар өмнө хийгдсэн 13 судалгаанд дахин дүгнэлт хийж хавдрын өвчтэй хүмүүс С-витамины дутагдалд орж, цусны цагаан эс нь бактери болон гаднын эсийг устгах, хавдрын эстэй тэмцэх ямарч чадваргүй болсон байдгийг дахин нотолсон байна.” Түүнчлэн Камерон болон Паулинг нар 1971 онд хамтарсан судалгаа хийж хавдрын сүүлийн шатанд байгаа өвчтөнүүдэд эмчилгээнээс нь гадна өдөр бүр 10 грамм витамин С уулгасан. С-витамин уусан 100 өвчтөнөөс 22 өвчтөн 2,4 жил амьдарсан ба 8 өвчтөн 3,5 жил болоход амьд байсан ба бусад өвчтөнүүд нь С-витамин уугаагүй өвчтөнүүдээс дунджаар 300 хоног илүү насалсан. С-витамин уугаагүй өвчтөнүүд хэдэн сар л амьдарсан байна. С-витамин уусан өвчтөнүүдийн өвдөлт нь намдаж өвчин намдаах тариагаа хийлгэхгүй болсон ба хоолондоо дуртай болж, тамир тэнхээ нь сайжирч хордлого нь багасч байжээ” гэж мэдээлжээ. 

Цаашлаад хорт хавдрын үед С витаминыг өндөр тунгаар хэрэглэх нь хавдрыг эмчилдэг гээд үүнд “1977 онд Торонто хотын эрдэмтэн-хавдар судлаач Robert Bruce хүний баасанд хавдар үүсгэдэг бодис (канцероген) байдаг ба бүдүүн гэдэсний хавдар үүсгэдэг болохыг баталсан бөгөөд судалгаагаа үргэлжлүүлсээр 1979 онд тэр хавдар үүсгэдэг бодисыг С-витамины өндөр тунгаар устгаж болохыг баталсан байна. Peyman(2007), Mikirova(2008), Yeom(2009) нар С-витамины өндөр тун хавдрын эс өөртөө судас үүсгэхийг(ангиогенез) нь зогсоодог болохыг баталсан байна” гээд дээр дурдсан судалгаануудыг эшилсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Витамин С нь хорт хавдрыг эмчлэх батлагдсан арга биш бөгөөд мэргэжлийн судалгааны байгууллагууд С витаминыг дангаараа хавдар эмчилдэггүй болохыг мэдэгдсэн байна. Мөн ижил агуулгатай мэдээллийг Lead Stories, Newsmeter зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай байгууллагууд шалгаж, худал болохыг нь мэдээлсэн байна.

Америкийн Хавдрын судалгааны интститутийн (NCI) витамин С ба хавдрын эмчилгээний талаар мэдээлэлд тайлбарласнаар 1959 онд Торонтод байрлалтай эмч Виллиам Маккормик (William McCormick) хавдраар өвчилсөн хүмүүсийн цусан дахь С витаминыгийн хэмжээ бага байдгийг тогтоосон ба 1972 онд Шотландын мэс заслын эмч Эван Камерон (Evan Cameron) үүнд үндэслэн хавдартай 50 өвчтөнд витамин С хэрэглэхэд зарим эерэг үр дүн ажиглагдсан ажээ. Камерон энэ үр дүндээ урамшин Америк химич Лайнус Паулингтай (Linus Pauling) хамтран 100 хавдрын өвчтөнд витамин С хэрэглэсэн тухай судалгаагаа 1976 онд хэвлүүлжээ. 

Гэхдээ дээрх судалгаанууд нь С витаминыг хавдрын эмчилгээ болохыг батлаагүй бөгөөд тус судалгаанд хамрагдсан хяналтын групп болон витамин С хэрэглэсэн группын хооронд ялгааг судалгаанд харгалзаж үзээгүйгээс хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байна.

2022 онд Frontiers in Nutrition сэтгүүлд хэвлүүлсэн хавдрын эмчилгээнд витамин С хэрхэн нөлөөлж болохыг судалсан судалгаануудыг нэгтгэн тоймлосон өгүүлэлд дүгнэснээр “витамин С нь хэд хэдэн хавдрын эрсдэлийг бууруулж буй судалгаанууд байгаа ч өндөр түвшний судалгаа шаардлагатай”-г онцолсон байна.

АНУ-ын хавдрын судалгааны тэргүүлэх байгууллагуудын нэг “Memorial Sloan Kettering”-ийн мэдэгдсэнээр “Өндөр тунтай С витаминыг зөвхөн клиник туршилтын хүрээнд ажиглалтын түвшний хавдрын эсрэг эм гэж үзэж болох бөгөөд үсэрхийлсэн шулуун гэдэсний хавдартай өвчтөнүүдийн насыг уртасгаагүй, сепсисийн судалгаанууд ямар нэг ач холбогдол илрүүлээгүй, сөрөг нөлөө илэрсэн, сахар хэмжигчийн үзүүлэлтэд өөрчлөлт гарсан” гэжээ.

Мөн хавдрын судалгааны ‘Cancer Research UK’ байгууллагын мэдээллийн албаны эмч Мартин Ледвикийн мэдээлснээр “гол асуудал нь нийтлэг хавдрын эмчилгээтэй хамт витамин С хэрэглэх нь аюулгүй эсэхийг бид мэдэхгүй байна. Зарим тохиолдолд хими эмчилгээнд саад учруулан эмчилгээний үр дүнг багасгах боломжтой” гэсэн байна. Харин хавдрын өвчтөнүүд С витаминыг зөвхөн эмчтэйгээ зөвлөлдөн хэрэглэхийг тус байгууллага анхааруулсан байна.
Хэдийгээр витамин С нь хавдрын эмчилгээнд эерэг үр дүн харуулсан судалгаанууд байгаа ч одоогийн байдлаар витамин С нь хавдрыг дангаараа эмчилж болохыг баталсан өргөн хэмжээний судалгаа байхгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээ

Эх сурвалжууд

Lead Stories Өндөр тунтай витамин С хавдрын эс устгадаггүй талаар баримт шалгалт

Newsmeter Өндөр тунтай витамин С хавдрын эс устгадаггүй талаар баримт шалгалт

NCI Хавдрын эмчилгээнд өндөр тунтай витамин С ашигласан судалгаануудын талаарх нийтлэл

Эван Камерон С витаминыг хавдрын эмчилгээнд ашигласан талаарх судалгаа

Эван Камерон ба Линус Паулинг нарын С витаминыг хавдрын эмчилгээнд ашигласан талаарх судалгаа

Фернандо Кабаниас ‘Витамин С ба хавдар: 1609 өвчтөн ба 33 жилийн дараа бид юу гэж дүгнэж болох вэ?’

Zeyu Chen et. al ‘Vitamin C Intake and Cancers: An Umbrella Review’

‘Memorial Sloan Kettering’ хавдрын судалгааны байгууллагын вэб сайт дахь С витаминыгийн талаарх мэдээлэл

‘Cancer Research UK’ байгууллагын вэб сайт дахь С витаминыгийн талаарх мэдээлэл

АНУ-ын Мэйо клиникийн вэб сайт дахь С витаминыгийн талаарх мэдээлэл

Архивлагдсан хувилбар

https://archive.ph/qDRDs 

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document