Приус машины өндөр хүчдэлийн батарейг тусгай төхөөрөмжөөр шалгах нь зүйтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #473

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Приус машины батарейн ажиллагааг хэрхэн шалгах талаарх зааварчилгаа гэх бичлэг тархжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт приус машины хэрэглээний батарей /аккумлятор/-г шалгах аргыг үзүүлсэн, харин өндөр хүчдэлийн батарейг засварын төвд, тусгай төхөөрөмжөөр оношлуулна.

2023 оны 03 дугаар сарын 14-нд Хэрэгтэй санаанууд нэртэй пэйжид “Приус худалдан авч байгаа хүмүүс батарейг ингэж шалгаарай” гэх гарчигтай дамран бичлэг /reel/ оруулсан нь 03 дугаар сарын 27-ны байдлаар 4.8 мянган реакц, 146 сэтгэгдэл авч, 5.1 мянган удаа цааш хуваалцсан байна. Бичлэгт приус машины батарейг хэрхэн шалгах вэ гээд зааврыг оруулжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Бичлэгт дүрсэлсэн зааварчилгаа нь зөвхөн хэрэглээний батарейг шалгаж буй хэрэг

Бид Toyota Motor корпорацын Монгол дахь албан ёсны борлуулагч болох Тоёота Таван Богд төвийн Засвар үйлчилгээний төвтэй 03 дугаар сарын 27-нд утсаар холбогдож мэдээллийг тодруулсанд:
“Мэдээж машин болгон Auxiliary battery буюу хэрэглээний батарейтэй. Харин приус маркийн машинд High Voltage Battery буюу өндөр хүчдэлийн батарейг нэмэлтээр суурилуулж өгсөн байдаг. Хэрэглээний батарейг жолооч нар маань аккумлятор гэж ихэвчлэн ярьдаг бөгөөд энэхүү бичлэгт үзүүлсэн зааварчилгаа нь зөвхөн хэрэглээний 12 вольтын батарейн ажиллагааг л шалгаж буй хэрэг юм. Хэрэглээний батарей асахаас өмнө 11.7 вольт, ассан үед 14.1 вольт гэх мэтээр хэлбэлздэг.

1 ба 2 дугаар хэсэгт хэрэглээний болон өндөр хүчдэлийн батарейг харуулжээ
Зураг: Toyota Motor корпорацын Хайбрид загварын машинуудын тайлбар гарын авлага

Харин өндөр хүчдэлийн батарейн ажиллагааг тусгай төхөөрөмж ашиглан, компьютер оношилгоогоор яг аль хэсгийн батарейн ажиллагаа доголдсоныг шалгах ёстой. Учир нь өндөр хүчдэлийн батарей нь олон блокоос тогтох ба блок тус бүр нь бичил зай хураагуураас бүрдэх тул тус бүрийн хэвийн ажиллагааг мэргэжлийн засварын төвд хандан оношлуулах нь зүйтэй” гэж хариуллаа.

Иймд тус бичлэгт дурдсан аргачлал нь хэрэглээний батарейг шалгаж буй арга мөн хэдий ч, приус машины өндөр хүчдэлийн батарейг шалгах аргачлал биш тул энэхүү мэдээлэл нь бүрэн бус байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document