“Хүүхдийн мөнгийг 100,000 биш 300,000₮ болгох саналыг дэмжих үү” гэх агуулгаар хандалт авсаар байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #472

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хүүхдийн мөнгийг 100,000 биш 300,000₮ болгох саналыг дэмжих үү, Дэмжвэл сайдад хүртэл шэйр хий гэсэн мэдээллийг 7 сар гаруйн хугацаанд дахин шэйрлэж хандалт авсаар байна.

Баримт шалгалтын үр дүн

Аливаа нэг асуудлаар олон нийтийн санал авах тохиолдол байдаг ч ямар байгууллагаас, ямар үндэслэлээр, гарц, шийдлийг санал болгож, түүнийг нь дэмжих эсэх талаар тодорхой хугацаанд баталгаат эх сурвалж болохуйц байгууллагын сайт, пэйжээр явуулж, үр дүнг нь олон нийтэд зарладаг.

Харин энэхүү мэдээлэл нь хаяг, үндэслэл, зорилгоо тодорхой бичээгүй, шууд “Дэмжиж байгаа нь шэйр хийж сайдад хүртэл түгээе” гэж үйлдэлд уриалан, олон удаагийн давтамжтай дахин оруулж хандалт авсаар байна.

2023 оны 03 дугаар сарын 18-нд шинэчилсэн xemnel.com домайн нэртэй сайт дахь “Хүүхдийн мөнгийг 100,000 биш 300,000₮ болгох саналыг дэмжих үү? Дэмжиж байгаа нь шэйр хийж сайдад хүртэл түгээе” гэх гарчигтай, “Мөнгөө хэрхэн удирдах вэ” номоос хуулбарлав гэж эх сурвалжаа дурдан, “Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм…” гэх мэтээр оруулжээ.

Сайт дахь мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 10-наас эхлэн Facebook платформ дахь 49 нээлттэй группэд давхардсан тоогоор 87 удаа дахин постолж нийт 31,168 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна. Энэ нь хандалт авах зорилгоор явуулдаг хуурамч мэдээллийн нэг төрөл юм. Учир нь уг сайт болон пэйжүүдийн эзэмшил тодорхой бус, үг болон найруулгын алдаатай, гарчиг, текст тохирохгүй зэрэг алдаа нь мэргэжлийн редакцын үйл ажиллагаа гэх боломжгүй нь эх сурвалжид эргэлзэх үндсэн шалтгаан юм.

FACTCHECK: Дараах байдлаар шалгаж үзээрэй.

Агуулгыг нягтлах

Аливаа нэг асуудлаар олон нийтийн санал авах тохиолдол байдаг ч ямар байгууллагаас, ямар үндэслэлээр, гарц, шийдлийг санал болгож, түүнийг нь дэмжих эсэх талаар тодорхой хугацаанд баталгаат эх сурвалж болохуйц байгууллагын сайт, пэйжээр явуулж, үр дүнг нь олон нийтэд зарладаг.

Харин энэхүү мэдээлэл нь хаяг, үндэслэл, зорилгоо тодорхой бичээгүй, шууд “Дэмжиж байгаа нь шэйр хийж сайдад хүртэл түгээе” гэж үйлдэлд уриалан, олон удаагийн давтамжтай дахин оруулж хандалт авсаар байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 5-ны 11 дугаартай тогтоолоор Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн тогтоосон бөгөөд мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж олгоно гэсэн.

2023 оны төсвийн төсөлд Монгол Улсын 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт 100.0 мянган төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр улсын төсвөөс олгохоор тооцсон ба энэ үндэслэлээр батлагдсан.

Харин хүүхдийн мөнгийг 300,000 төгрөг болгох талаар шийдвэр гаргах түвшинд яригдаагүй бөгөөд, хэрэв ингэж өөрчлөх шаардлагатай бол тооцоо судалгаа хийж, шаардлагатай мөнгийг шийдвэрлэх гарц, боломжийг санал болгож, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх учиртай.

Хаягийг шалгах

Тухай мэдээлэл оруулсан хаяг нь албан ёсных эсэх нь оруулсан мэдээллийн бодит байдлыг тодорхойлох нэг үндэслэл болдог. Xemnel news нэртэй пэйжийг 2018 оны 12 дугаар сарын 23-нд Aztan нэртэй анх нээж, 2021 онд Xemnel news болгон өөрчилсөн байна. Монголоос 9 админ удирддаг гэж бүртгүүлснээс өөр мэдээлэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болох, холбоо барих мэдээлэл, хаяг байршил, сайт, имэйл зэрэг танилцуулгад шаардлагатай мэдээлэл бөглөөгүй байна.

Та бүхэн хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхийг хүсэж, тодорхой бус эх сурвалжаас явуулсан уриалгын дагуу шэйрлэн түгээснээр үр дүнд хүрэх магадлал бага. Харин энэ мэт жишээгээр олон нийтийн сэтгэл зүйг хямраах, өдөөн турхирах, хуурамч мэдээллээр анхаарал татаж, хандалтын тоогоор ашиг олдог бүлэг этгээдийн зорилгыг биелүүлж хандалтыг нэмэгдүүлж байгаагаа ухамсарлаж, мэдээлэлд хариуцлагатай, хашир хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document