2023 оны 03 дугаар сарын 26-нд Сургалтын Төвүүдийн Нэгдсэн Холбоо нэртэй бүлгэмд Zaya Zaya нэртэй хэрэглэгч “Миний хүүг Бат-очир гэдэг 6 настай Миний хүү гадаа байрны үүдэндээ зүв зүгээр тоглож байсан хүү маань 280 вольтын цахилгаанд түлэгдсэн Одоо ГСҮТТд байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд Зургаахан настай нялх үр бүү хэл том хүн ч тэсвэрлэшгүй хүнд Арьс мах хоёр задарч тасарсан бөгөө толгойноос нуруу хүртлээ урт оёдол тавьуулсан байгаа бөгөөд. ГСҮТТД шарханд шаналсан бяцхан Бат-очир хүүгийн минь эмчилгээнд 8сая төгрөг хэрэгтэй болсон” гээд Отгонзаяа нэртэй дансны дугаарыг, бага насны хүүхдийн 2 зургийн хамт нийтэлсэн нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны байдлаар 20 реакц авч, 12 удаа хуваалцсан байна. Энэхүү мэдээлэл нь цахим сүлжээнд байнгын давтамжтай сэргэдэг хуурамч мэдээлэл юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Зургаар хайх
Постод ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад Вьетнамын Нгхе Ан хотын цагдаагийн газрын вэбсайтад 2021 оны 12 дугаар сарын 17-нд байршуулсан “Хуурамч мэдээлэл ашиглаж хандивын аян өрнүүлж, 1600 гаруй хохирогчийг залилсан этгээдийг баривчиллаа” гэсэн гарчигтай мэдээний илэрц байна. Мэдээнд:
“Пан Ван Тай гэгч этгээд Facebook платформ дээр хэд, хэдэн хаяг үүсгэж хуурамч мэдээллээр 1600 гаруй хүнийг залилсан байна. Хэсэг иргэд нэгдэн 2 сая дон /Вьетнамын үндэсний мөнгөн дэвсгэрт/ цуглуулж, үл таних данс руу илгээсэн талаарх мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 12 нд Нгхе Ан мужийн цагдаагийн газар хүлээн авсан юм. Энэ мэдээллийг авсан даруйдаа Кибер аюулгүй байдлын хэлтэс болон Өндөржүүлсэн технологи ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийнхан хамтран мөрдлөг явуулсны үр дүнд гэмт этгээдийг баривчиллаа. Баривчилгааны үеэр хэрэгтний буудаллаж байсан газарт нийт 200 сая дон, 2 гар утас, 3 банкны карт байжээ. Түүнд залилуулсан нийт хохирогчдын тоо 1600, хохирлын хэмжээ 600 сая донд хүрээд байна” гэсэн байна. Тус мэдээнд дурдсан хэрэгтний ашиглаж байсан хуурамч зурагтай ижил хоёр зургийг шалгаж буй постод ашиглажээ.
2. ГССҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албанаас уг мэдээлэл худал болохыг анхаарууллаа
ГССҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтан н.Мөнхцэцэг:
“Яг энэ мэдээлэл маш олон жил цахим сүлжээгээр түгсээр байна. Манай түлэнхийн тасагт Бат-Очир гэх хүүхэд байхгүй байна. 2015 онд бага насны хүүхэд түлэгдсэн үйл явдал болж байсан. Бат-Очир гэдэг нь тухайн үед түлэгдэж байсан хүүхдийн нэрийг дуурайлгасан нэр. Тухайн үед түлэнхийг зардлыг төрөөс даадаггүй байсан тул хүүгийн аав, ээж хандивын аян өрнүүлж байсан. Эмчилгээний зардал ч хандиваар бүрдэж хүү гадаадад очоод эмчлүүлж, одоо эсэн мэнд байгаа. Гэтэл тухайн үед болж байсан зүйлийг өөрт тохиосон мэтээр бусдыг залилах чанартай үйлдэл одоог хүртэл гарсаар байна. Мөн түлэнхийн төв тасагт эмчлүүлж буй хүүхдүүд хандив гуйх шаардлагагүй, учир нь эмчилгээний зардлыг нь төрөөс 100 хувь даадаг болсон. Иймд дээрх хандив гуйсан мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй.
Өмнө нь бид яг энэ төрлийн мэдээг тараасан хоёр ч удаагийн үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдээлж, холбогдох этгээдүүдийг олж, шүүхээр хариуцлага тооцуулсан. Цахим хэрэглэгчид ч янз бүрийн хандивын аянд шууд илтгэлгүй сонор байж өөрийн хэмжээнд нягталж байвал залилангийн хохирогч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадна” гэж хариуллаа.
Хэн нэгэнд тусламжийн гараа сунгаж илгээсэн таны хандив бусдын өрөвч сэтгэлийг ашиглан амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдийн халаасанд орох эрсдэл бий тул энэ төрлийн мэдээлэлд сонор сэрэмжтэй байгаарай. Мөн хандив хүсэж буй хүн холбоо барих утас, зураг, мэдээллээ ил тод тавьдгаараа хуурамч хандиваас ялгаатайг анхаараарай.