Zero ундаанд ордог аспартам хорт хавдар үүсгэдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #469

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Zero-д чихэрлэг амт оруулагч E951 “Аспартам” хэмээх энгийн сахарнаас 200 дахин чихэрлэг амт үүсгэх чадалтай нэмэлт хийдэг. Аспартам нь халуун орчинд задралд орж элэг, тархи гэмтээгч, хорт хавдар үүсгэгч метанол, формальдегид хэмээх химийн нэгдлүүдийг үүсгэдэг” гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

1970-1980-аад оны үед аспартамыг хүнсний үйлдвэрлэлийн хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл батлагдах үеэр аспартамын эрүүл мэндийн сөрөг нөлөөний талаарх асуудал үүсэж байсан бөгөөд “тархины болон бусад төрлийн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэж дүгнэсэн судалгаанууд нь хожим хийсэн судалгаануудаар үгүйсгэгдсэн байна.

2023 оны 03 дугаар сарын 05-нд Эрүүл мэнд гэсэн хаягтай фэйсбүүк хуудас Кока кола зеро ундаа нь эрүүл мэндэд хортой болохыг анхааруулсан мэдээлэл постолсон. Постод тайлбарласнаар “Zero-д чихэрлэг амт оруулагч E951 “Аспартам” хэмээх энгийн сахарнаас 200 дахин чихэрлэг амт үүсгэх чадалтай нэмэлт хийдэг. Аспартам нь халуун орчинд задралд орж элэг, тархи гэмтээгч, хорт хавдар үүсгэгч метанол, формальдегид хэмээх химийн нэгдлүүдийг үүсгэдэг” гэжээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Аспартам нь хүний биед задралд орохдоо метаболитууд үүсгэдэг боловч эдгээр нь хавдар үүсгэхүйц хэмжээнийх биш

Аспартам (E 951) нь 1974 оноос хойш хүнсний бүтээгдэхүүний найрлагад ашиглаж эхэлсэн ба чихрээс 200 дахин чихэрлэг гэдгийг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) мэдээлэлдээ дурдсан ба аспартамыг бага хэмжээгээр ашиглан, сахартай ижил төрлийн амтыг үүсгэхэд хэрэглэдэг байна. 

Аспартам нь шулуун гэдсэнд задралд орохдоо метанол, фенилаланин, формальдегид, аспаргины хүчил зэрэг метаболитууд үүсгэдэг боловч эдгээр нь хавдар үүсгэх нөхцөл болдоггүй байна. Учир нь шулуун гэдсэнд аспартам шимэгдэх үед метанол болон задарч, энэ нь метаболизмоор формальдегид, дараа нь формиат болдог. Аспартамаар дамжуулж биед шимэгдсэн метанол, формальдегидын хэмжээ нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад бага байдаг байна. 

Жишээ нь бид цитрусын төрлийн жимс, жимсний шүүс, улаан лооль гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдээс илүү метанол авдаг болохыг АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн Хүнсний аюулгүй байдал асуудал хариуцсан захирал Дэвид Хаттан 1999 онд мэдэгдэж байсан байна.

Тиймээс шалгаж буй мэдээлэлд “хорт хавдар үүсгэгч метанол, формальдегид хэмээх химийн нэгдлүүдийг үүсгэдэг” гэж дурдаад, дээрх нарийвчилсан мэдээллийг өгөөгүй өнгөрсөн нь шууд хорт хавдар үүсгэдэг гэх ойлголт төрүүлэхүйц төөрөгдүүлсэн тул “бүрэн бус” гэх үнэлгээг өгсөн юм.

Аспартамыг хавдрын эрсдэл нэмэгдүүлдэг гэх судалгаа нь сүүлд хийсэн судалгаанд батлагдаагүй байна

1970-аад он болон 1980-ад оны үед аспартамыг хүнсний үйлдвэрлэлийн хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл батлагдах үеэр аспартамын эрүүл мэндийн сөрөг нөлөөний талаарх асуудал үүсэж байсан бөгөөд “тархины болон бусад төрлийн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэж дүгнэсэн судалгаанууд нь хожим хийсэн судалгаануудаар үгүйсгэгдсэн (энд, энд, бас энд) байна. Түүнчлэн АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн Хавдрын судалгааны институт дээрхтэй ижил дүгнэлтийг мэдэгдсэнээс гадна Европын Хүнсний аюулгүй байдлын байгууллага 2013 онд хийсэн үнэлгээгээрээ нийт хүн амд аюулгүй болохыг зарласан байна. 

Хавдрын судалгааны ‘Cancer Research UK’ байгууллагын мэдээлснээр аспартамын хэрэглээний өдрийн дээд хэмжээ нь 12 ширхэг лааз ундаатай тэнцүү байдаг ба zero буюу сахаргүй ундаанд агуулагддаг аспартам нь хавдар үүсгэхгүй болохыг онцолсон байна.
Харин фенилкетонурия гэх генетикийн ховор өвчтэй хүмүүс аспартамд агуулагддаг фенилаланиныг задлах чадваргүй байдаг учир энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүний найрлагатай хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөдгийг АНУ-ын Хавдрын нийгэмлэг мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document