Саддам Хусейний ач хүү Америкийн туcгaй хүчний эcpэг гaнцaapaa тулaлдаж гайхшруулсан түүх гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #468

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Саддам Хуссейний 14 настай хүү Мустафа Хусейн Америкийн тусгай хүчний 400 гаруй цэргийн эсрэг 6 цаг ганцаараа тулалдсан ба 14 америк цэргийг хороосны эцэст алагдсан тухай мэдээлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Саддам Хусейний ач хүүгийн зураг биш бөгөөд америк зурагчин Стив Маккуригийн (Steve McCurry) Афганистанд авсан зураг. АНУ тэргүүтэй холбоотны цэргийн командлагч Рикардо Санчез 2003 оны долдугаар сарын 23-нд хийсэн мэдээлэлдээ цэргийн ажиллагааны үеэр 4 хүн амь үрэгдэж, 4 америк цэрэг шархадсан гэжээ.

2023 оны 03 дугаар сарын 18-нд newsmn.info вэб сайт “Саддам Хуссейний 14 настай ач хүү Америкийн туcгaй хүчнийхний эcpэг гaнцaapaa тулaлдаж гайхшруулсан түүх” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд Саддам Хуссейний 14 настай хүү Мустафа Хусейн Америкийн тусгай хүчний 400 гаруй цэргийн эсрэг 6 цаг ганцаараа тулалдсан ба 14 америк цэргийг хороосны эцэст алагдсан тухай тайлбарлажээ. Мөн үргэлжлүүлэн “Мyстафагийн эр зоригийн талаар “New York Times” сонины сэтгүүлч Робеpт Эйск “Хэpвээ манай yлсад түүн шиг xүүxэд байсан бол бид түүний эр зоригт зоpиулан xот болгондоо xөшөө босгоx байсан. Түүний энэ их эp зоpигийн талааp xүн бүpт яpьж, өсвөp насныxанд үлгэp дyypайлал болгоx байсан” хэмээсэн” гэж мэдээлсэн байна. Түүнчлэн, түүний тухай мэдээлэлд баруун гартаа буу, зүүн гартаа нохойн хүзүүвч барьсан хүүгийн зургийг ашигласан байна.

Тус мэдээллийг News MN пэйжид хуваалцсаныг 03 дугаар сарын 22-ны байдлаар 3.5 мянга гаруй реакц, 306 сэтгэгдлээр идэвржүүлж, 453 удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

Мэдээллийн нүүрэнд ашигласан зураг нь Саддам Хусейний ач хүүгийн зураг биш америк зурагчин Стив Маккуригийн Афганистанд авсан зураг

Дээрх зураг Саддам Хусейний ач хүүгийн зураг биш бөгөөд америк зурагчин Стив Маккуригийн (Steve McCurry) Афганистанд авсан зураг юм. Тэрээр 2017 онд Афганистанд авсан зургийн цуглуулгаа хэвлүүлэхдээ “дээрх зургийг оруулна” хэмээн өөрийн Инстаграм хуудсаараа мэдэгдэж байжээ. Стив Маккури 1979-2016 оны хооронд Афганистанд хэд хэдэн удаа зорчих үеэрээ афганчууд болон тэдний амьдралыг харуулсан зургууд авсаныг вэб сайтдаа байршуулжээ.

Саддам Хусейний ач хүү 14 цэрэг алаагүй

Саддам Хусейний ач хүү Мустафа 2003 оны долдугаар сард Иракийн Мосулд аав Кусей Хусейн болон Саддамын том хүү Удей Хусейний хамт Америкийн цэргүүдэд алуулсан боловч ганцаараа амьд үлдсэн 14 цэрэг алсан гэдэг нь худал юм. Хусейний гэр бүлийнхнийг алсан цэргийн ажиллагааны үеэр 4 хүн амь үрэгдэж, 4 америк цэрэг шархадсан гэж АНУ тэргүүтэй холбоотны цэргийн командлагч Рикардо Санчез 2003 оны долдугаар сарын 23-нд болсон хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэж байсан байна. Тэрээр цэргийн ажиллагааны үеэр танк эсэргүүцэх зэвсэгт 3 хүн буюу үүнд Кусей болон Удей Хусейн нар алагдаж, харин ганцаараа үлдсэн Мустафа Хуссейн алагдах хүртлээ буудалдцсан талаар мэдэгдсэн байна. 

Роберт Эйск гэх сэтгүүлч Мустафагийн талаар бичээгүй

Харин Мустафагийн талаар “New York Times” сонины Роберт Эйск сэтгүүлч түүний эр зоригийг шагшран бичээгүй бөгөөд Мустафагийн талаарх мэдээллийг шалгасан AFP Fact Check баримт шалгах байгууллага тийм нэртэй сэтгүүлч “New York Times” сонинд ажилладаг байсан мэдээлэл олдохгүй байгааг баримт шалгалтдаа дурджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document