2023 оны 03 дугаар сарын 20-нд Давалгаа нэртэй пэйжид socialmedee.me домайнд байршуулсан мэдээллийг “Шуурхай мэдээ” гэсэн гарчигтай хуваалцсан нь 776 реакц, 63 сэтгэгдэл авч, постыг 137 удаа цааш хуваалцсан байна.
Socialmedee.me домайнд байршуулсан мэдээ нь “ШУУРХАЙ : Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд автомашинууд бөөнөөрөө шатлаа шүү. Жолооч нараа ирээд машинаа авцгаагаарай. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд автомашинууд шатаж байна” гээд шатаж буй машины зургийг хавсаргасан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хуучирсан мэдээг дахин түгээж хандалт цуглуулж байна
Тус мэдээлэлд ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад Монцамэ агентлагийн вэбсайтад 2022 оны 05 дугаар сарын 20-нд байршуулсан мэдээний илэрц гарч ирлээ. Тус мэдээнд:
“Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Гэгээ сургуулийн арын хашаан дотор автомашин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр өглөө 06.00 цагт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход задаргааны сэлбэгт ашигладаг улсын дугааргүй 3 ширхэг “Тоёота Королла”, 1 ширхэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсныг унтраасан байна” гэсэн байна.
Улсын дугааргүй, сэлбэгийн зориулалттай гэж Монцамэ агентлаг дурдсан нь шалгаж буй мэдээллийн “жолооч нараа анхаараарай” гэсэн сэрэмжлүүлэгтэй зөрөлдөж байна. Иймд уг мэдээлэл нь өмнө болсон үйл явдлыг өрнөж буй үйл явдлын шуурхай мэдээ мэтээр нийтэлж анхаарал татах зорилготой нийтэлжээ.
Бид 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн дуудлагын төвтэй холбогдож Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэр унтраах, аврах албаны архивыг шүүлгэхэд ойрын хугацаанд “БЗД-ийн хоёрдугаар хороонд машин шатсан гэх дуудлага” ирүүлээгүй байна.