Брюс Уиллис таалал төгссөн гэдэг нь худал мэдээлэл

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #465

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Холливуудын жүжигчин Брюс Уиллисыг нас барлаа гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Жүжигчин тархины хязгаарлагдмал хатангир гэх эдгэрэшгүй өвчинтэй нь оношлогдсон хэдий ч тэрээр амьд сэрүүн байна.

2023 оны 03 дугаар сарын 06-нд Шинэ Сенсаци, Eco Bayankhongor, Ulstur.com зэрэг пэйжүүдээр Холливудийн алдарт жүжигчин Брюс Уиллисийг нас барсан гэх мэдээг түгээжээ. Тус мэдээг түгээхдээ жүжигчин Брюс Уиллисийн оршуулгын гэх зураг, эмнэлгийн ажилтнуудын зураг зэргийг ашигласан байх ба зарим пост нь socialmedee.mn гэх домайныг хавсаргасан байна. Socialmedee.mn домайн дээрх мэдээллийг Crowdtangle хэрэглүүрээр шалгахад Facebook сүлжээнд 55 удаа постолж, 238 сэтгэгдэл, 1,558 реакц авчээ.

Socialmedee.mn вэбсайтад байршуулсан мэдээлэлд:
“Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллис хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

“Хатуу самар” киногоороо алдартай, Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллис хүнд өвчний улмаас жүжигчний замналаа өндөрлүүлж буй талаар түүний гэр бүл Инстаграм хуудсаараа дамжуулан зарлаж байсан билээ. Тодруулбал, өдгөө 67 настай жүжигчин Брюст афази гэх өвчний онош тогтоогджээ. Америкийн Майо эмнэлгийн мэдээлснээр, толгойдоо хүнд гэмтэл авсан эсвэл тархинд цус харвасан үед афази өвчин үүсдэг байна. Үүний улмаас тухайн хүн бусадтай аман болон бичгийн хэлээр харилцах, ярих чадвараа алддаг аж. Түүний гэр бүлийн зүгээс гаргасан мэдэгдэлд “Бидний хайрт Брюс эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд афази өвчнөөр өвдсөн нь оношлогдсон. Үүний улмаас тэрбээр жүжигчний замналаа өндөрлүүлж байна. Энэ бол манай гэр бүлийн хувьд үнэхээр хэцүү үе бөгөөд бид та бүхний хайр, энэрэл, дэмжлэгт маш их талархаж байна. Бид энэ давааг гэр бүлийн хамт даван туулах болно” хэмээн жүжигчин Брюс Уиллисийн гэр бүл бичиж байжээ” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Ашигласан зургийг шалгах

Мэдээлэлд хавсаргасан хоёр зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад бөхийж буй эмч нарын зургийг “Хүнд ослоор өөд болсон ч олон хүний амийг аварсан 17 настай донорт хүндэтгэл үзүүлж буй эмч нар” гэсэн бол, Брюс Уиллисийн жаазтай зураг нь цахим орчинд өргөн ашигладаг зургийн тэмплэйт байна.

2. Брюс Уиллис тархины хязгаарлагдмал хатангиртай болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн байна

BBC агентлагийн 02 дугаар сарын 17-ны мэдээнд:
“Жүжигчин Брюс Уиллис тархины хязгаарлагдмал хатангиртай болсныг түүний ар гэрийнхэн мэдэгдлээ. 67 настай жүжигчний өмнө жилийн онош болох афази буюу хэл, ярианы чадвараа алдах өвчин нь хүндэрч тархины хязгаарлагдмал хатангиртай болоод буй аж. Одоогоор уг өвчинд ямар нэг эмчилгээ байхгүй ч ирээдүйд өөрчлөгдөх байх хэмээн найдаж байна гэж түүний гэр бүлийн мэдэгдэлд дурджээ” гэсэн байна.

Олны хараанаас ангид байсан жүжигчин 03 сарын 6-нд /түүнийг нас барсан гэх мэдээлэл түгээсэн өдөр/ хэвлэлийн дуранд өртсөн байна. Хэвлэлийнхэнд хандаж жүжигчний эхнэр Эмма Хэминг Уиллис мэдэгдэл хийсэн юм. CNN агентлагийн мэдээнд дурдсанаар:
“Брюс Уиллисын эхнэр Эмма Хэминг Уиллис папарацци сайтуудыг шүүмжиллээ. Эрүүл мэндийн асуудалтай байгаа жүжигчнийг олон нийтийн дунд орилж дуудахгүй байх, түүнээс зай барихыг хүссэн байна. Учир нь Брюс Уиллисыг хүмүүсийн дунд байх үед зурагчид түүнийг яриулах гэж хүчилсэнд тэрээр ундууцсан аж” гэсэн байна.

Брюс Уиллисыг нас барсан талаар олон улсад танигдсан хэвлэлийн байгууллагууд ямар нэг мэдээлэл хийгээгүй байх бөгөөд түүнийг нас барсан гэсэн өдөр тэрээр гадуур явж харагдсан байна. Мөн тус мэдээлэлд дурдсан өвчний онош хуучирсан бөгөөд ашигласан зураг нь эвлүүлэг тул Брюс Уиллис нас барсан гэх мэдээлэл худал юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document