2023 оны 02 дугаар сарын 02-нд Жаргалтай гэр бүл гэх пэйжид “Дрожжи түргэн исгэгчийн тухай” гэх гарчигтай постыг Данбаоли түргэн исгэгчийн зургийг хавсаргаж нийтэлсэн нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний байдлаар 357 реакц, 104 сэтгэгдэл авч, 740 удаа цааш түгээсэн байна.
Тус постод:
“Та хэзээ нэгэн цагт бромат кали гэж сонсож байсан уу? Энэ бол гурилан бүтээгдэхүүний хөөлгөгчний гол найрлага юм. Хөөлгөгчний ачаар талх зөөлөн, шарах шүүгээнээс дөнгөж гаргаж ирсэн мэт үзэмжит байдлаа удаан хугацаанд хадгалдаг. Бромат кали нь толгойн өвдөлт, арьсны тууралт үүсгэж, хоол хүнсний шингэцэд нөлөөлдөг.
-Харамсалтай нь энэ бүтээгдэхүүнд худалдаанд талханд их хэмжээгээр агуулагддаг. Канад, Хятад, Европын холбоонд хориглосон.
-Дрожжи (түргэн исгэгч) мөөгнүүд нь хүний гэдсэнд орж өсөж үржихдээ бидний хоол тэжээлээрээ авсан шим тэжээлт бодисуудыг хэрэглээд, бид (амин дэм,эрдэс, бодис) алдаж дархлаа суларч өвчин үүсэх шалтгаан бий болдог.
-Гурил дрожжи нийлхээрээ бие махбодийг хүчиллэг болгож ходоодны үрэвсэл, шарх, архаг өтгөн хаталт үүсгэнэ.
-Дрожжи нь үйлдвэрлэж байгаа аргаасаа хамаарч их хэмжээний хортой химийн бодис, хүнд металиудыг агуулдаг байна.
-Мөөгнүүд нь элэг зүрх уушгийг гэмтээдэг байна.
-Эдгээр мөөгнөөс цусны эргэлтийг явцыг хямраадаг бүлэн үүсдэг.
-Гэдэсний хэвийн бичил биетнүүд багасч ялзаруулагч бичил биетнүүд ихэсч дархлааг сулруулдаг
-Хорт хавдрыг идэвхитэй өсөлтийг дэмждэг орчныг бий болгож байдаг.
-Цусан дахь кальцийг бууруулдаг байна” гэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Түргэн исгэгчийн найрлагад шалгаж буй мэдээлэлд дурдсан бромат кали гэх бодис ордоггүй
Бид өмнөх баримт шалгалтаараа олон нийтийн Данбаоли гэж нэрлэж заншсан түргэн исгэгчийн найрлагын талаар судалж, тайланг 2022 оны 10 дугаар сарын 19-нд нийтэлж байсан. Баримт шалгалтын тайлангаас хуваалцвал,
“Иргэд ахуйн хэрэгцээндээ нийтлэг ашигладаг Данбаоли брэндийн гурил исгэгч нь БНХАУ-аас орж ирдэг. Данбаоли брэндийн вэбсайтад байх үйлдвэрийн танилцуулгад: “50 гаруй оронд үйлдвэрлэж, 185 оронд бүтээгдэхүүн нийлүүлдэг Францын Lesaffre брэндийн БНХАУ дахь төлөөлөгчөөр ажиллаж, нэгдсэн технологийн дагуу исгэгч үйлдвэрлэдэг. 1985 онд БНХАУ-ын анхны исгэгч үйлдвэрлэгч компани болон үйл ажиллагаагаа эхлүүлснээр гурил исгэгч, хөөлгөгч, алкохолийн исгэгч болон хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэж, одоо Хятад болон бусад улсуудад экспортолдог” гэжээ. Данбаоли брэндийн исгэгчийн тухай мэдээлэлд орц, найрлагадаа “Гурилын хөрөнгө болон сорбитан моностеарат” гэх хоёр л орцтой гэсэн байна. Баримт шалгалтад дурдсан Hefe /герман хэлээр хөрөнгө гэсэн үг/ нь мөн л гурил исгэгч бөгөөд тодорхой брэнд дурдаагүй ч Германы онлайн худалдааны дэлгүүрүүдээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний орцтой танилцахад мөн адил хөрөнгө болон сорбитан моностеарат гэсэн байна.
Европын Хүнсний аюулгүй байдлын албаны вэбсайтад байршуулсан исгэгчийн орц дахь Сорбитан моноестарат бодисын тухай мэдээлэлд: “E 491 тэмдэглэгээт хүнсний нэмэлт буюу Сорбитан моностеарат нь хүнсний эмульс /зохих бүтцийг хадгалах үйлчилгээтэй тогтворжуулагч/ юм. Эрдэнэшиш болон кассава ургамлаас гаргаж авдаг сорбитолыг тосны хүчилтэй урвалжуулснаар сорбитаны төрлийн нэгдлүүдийг гаргаж авна.
Европын Хүнсний аюулгүй байдлын агентлагаас дараах бүтээгдэхүүнүүдэд ашиглахыг зөвшөөрдөг:
- Нарийн боов
- Нарийн боовны чимэглэл
- Тосон эмульс
- Сүү ба цөцгий орлуулагч
- Шингэнийг цайруулагч
- Шингэн цайны концентрат
- Чихэр, дессерт
- Өтгөрүүлсэн соус
- Гурилын исгэгч
- Бохь
- Хүнсний нэмэлт
- Уургийн тэжээл
- Хөөсрөлт багасгагч зэрэг” гэсэн байна.
Уншигч та бүхэн түргэн исгэгч болон калийн бромат нь ялгаатай болохыг анхаарна уу. Түргэн исгэгч буюу гурилын хөрөнгө нь нэг эстэн, харин калийн бромат нь химийн бодис юм.
2. Дэлхийн олон оронд бромат калийг хүнсэнд хэрэглэхийг хориглосон байдгийн нэг нь Монгол Улс
Их Британийн The Naturaler вэбсайтад мэдээлснээр “1914 оноос ашиглаж эхэлсэн калийн бромат (E924) бодис нь гурилын зуурмагийг биежүүлж, хөөлгөлтийг нэмэгдүүлж, гурилыг илүү цагаан болгодог. Талхны хувьд маш чухал ач холбогдолтой хэдий ч хүний биед хор нөлөөтэйг нь тогтоосон тул хожмоо дэлхийн олон оронд хориглосон” гэсэн байна.
ДЭМБ-ын Олон улсын химийн аюулгүй байдлын хөтөлбөрийн 1990 оны 30 дугаар хэлэлцүүлгээр калийн броматын хор нөлөөг хэлэлцсэн байна. Уг хэлэлцүүлгийн эцэст калийн бромат хэрэглээд хордлогод орвол хүнд дараах байдлаар илэрнэ гэжээ. Эдгээрт “бөөлжих, суулгах, шээс ялгаруулалт буурах, шээс татрах, дүлийрэх, толгой эргэх, даралт унах, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа тасалдах, шээсний замын үйл ажиллагаа зогсох, бөөрний үхжил явагдах, зүрхний титэм судсыг гэмтээх” зэргийг дурдсан байна. Мөн амьтан дээр хийсэн туршилтуудын үр дүнд “Бромат калийн тогтмол хэрэглээ нь бөөрний эс болон бамбай булчирхайн эсийг мутацид оруулж, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай” гэж дүгнэжээ. Тус дүнэлтэнд үндэслэн Европын хүнсний аюулгүй байдлын алба 1990 онд калийн броматыг хүнсэнд хэрэглэж болох бодисын жагсаалтаас хассаныг The Guardian сонин мэдээлсэн байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон ДЭМБ-ын хамтарсан Хүнсний нэмэлтийн экспертүүдийн хорооны бромат кали бодис дээр хийж байсан өмнөх үнэлгээнүүдээс дурдвал:
“1983 он: 1 килограмм гурил тутамд хамгийн ихдээ 75 милиграмм хэмжээгээр ашиглахыг зөвшөөрөв.
1988 он: 1 килограмм гурил тутамд ашиглах хэмжээг 0-60 милиграмм байхыг зүйлчлэв.
1992 он: Гурилан бүтээгдэхүүнд ашиглахыг хориглов. Ашиглах хамгийн дээд хэмжээ гэж байхгүй бөгөөд огт хэрэглэж болохгүй.
1995 он: Гурилан бүтээгдэхүүний боловсруулалтад бүрэн задрахгүй броматын нэгдлүүд талханд үлдэж байгааг тогтоосон тул 1992 оны шийдвэрийг хэвээр хадгалж үлдээв” гэсэн байна. Хожим 1999 онд ДЭМБ-ын дэргэдэх Олон улсын хавдрын хяналтын байгууллагаас калийн броматыг 2B ангилал буюу хавдар үүсгэгч байх боломжтой бодисуудын жагсаалтад нэмжээ.
Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн А/515 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах” журмыг баталсан байдаг. Тус журмын:
“3.1. Бүртгүүлэх хүнсний нэмэлт нь Хүнсний хууль эрх зүйн хорооны “Codex stan 192-1995, “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”-ын “Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн жагсаалт” болон Европын холбооны хүнсний нэмэлтийн жагсаалтад тус тус багтсан тохиолдолд дараах бичиг баримтыг үндэслэн бүртгэж, дугаар олгоно.
8.1.2. Хүнсний нэмэлт нь Хүнсний хууль эрх зүйн хорооноос баталсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Codex stan 192-1995, “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”-ын “Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн жагсаалт” болон Европын холбооны хүнсний нэмэлтийн жагсаалтаас хасагдсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгож, түдгэлзүүлнэ” гэж тус, тус заажээ.
Холбогдох журмууд нь калийн броматыг Монгол Улсын хүнсний салбарт хориотой бодис гэдгийг илтгэж байна.
3. Түргэн исгэгчийн хөрөнгө хүний биед ороод мөөг болохгүй, цельсийн 60 хэмд бүрэн устдаг
АНУ-ын Нью-Йорк мужийн их сургууль 2020 оны 07 дугаар сарын 13-нд вэбсайтдаа Биологийн шинжлэх ухааны дэд профессор Лаура Раш, зөвлөх профессор Сара Уолкер нарын ярилцлагыг байршуулжээ. Ярилцлагаар түргэн исгэгчийн хөрөнгийн талаар онцолсонд:
“Талхны зуурмагт амьдарч, таны зууханд үхдэг.
Хөрөнгө гэдэг бол нэг эст мөөгөнцөр бөгөөд мөөгнөөс ялгаатай. Талхны хөрөнгийн шинжлэх ухааны нэршил нь Saccaromyches cerevisiae. Мэдээж нэг эстэн учраас цааш мөөг болж үржинэ гэх ойлголт байхгүй. Харин хоол тэжээл хомс, орчин нөхцөл харш үед хөрөнгө өөрийгөө хамгаалахаар гаднын нөлөөнд тэсвэртэй үрэнцэр ялгаруулж идэвхгүй буюу унтаа байдалд шилждэг. Идэвхгүй үедээ удаан байж чаддаг ба таатай орчинд буцаж амьдардаг. Хүчилтөрөгч болон дулааны нөлөөгөөр исгэгчийн хөрөнгө нь нүүрс усан дахь сахарыг задалж нүүрстөрөгчийн исэл ялгаруулна. Нүүрстөрөгчийн ислийн нөлөөгөөр үүсэх агаарын бөмбөлгүүд нь талхны зуурмагийг хөөлгөдөг. Харин хүний биед ямар нэг хор хөнөөл байхгүй” гэсэн байна.
Жэймс Бэрдийн сангийн гурван удаагийн шагналт /жил бүр АНУ-ын хүнс үйлдвэрлэлийн салбарын шилдэг мэргэжилтнүүдэд олгодог шагнал/ тогооч Дэвид Лэйтийн вэбсайтад 2021 оны 07 дугаар сарын 06-нд байршуулсан мэдээнд исгэгчийн хөрөнгө орчны хэмээс хамаарч хэрхэн идэвхэждэгийг тайлбарлажээ. Үүнд:
49-55 хэмд түргэн исгэгчийн хөрөнгө идэвхэжнэ
55-60 хэмд түргэн исгэгчийн хөрөнгө үхэж дуусна
100 хэм бол бүрэн болсон талхны доторх хэм
150-205 хэм талх барих үеийн гадаргын хайрсны температур” гэж дурджээ.
Иймд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг исгэгчийн хөрөнгө нь ходоод гэдсэнд орж, хүний идсэн хоол тэжээлийг шимдэг, мөөг нь элэг, зүрх, уушгийг гэмтээдэг зэрэг нь үндэслэлгүй мэдээлэл байна.