2023 оны 01 дүгээр сарын 27-нд ehoron.club вэб сайт “Багваахай нь хорт хавдар, халдварт шар, элэг, бөөр, ходоодны өвчнийг анагаана. ХЭРЭГЛЭХ АРГА. ХАДГАЛААД АВААРАЙ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлснийг 03 дугаар сарын 11 хүртэл нийт 25 удаа Facebook платформд хуваалцаж, 1897 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна.
Уг мэдээлэлд “багваахай цэцэг нь хорт хавдар, халдварт шар, элэг, бөөр, ходоодны өвчнийг анагаана”, мөн “элгийг хоргүйжүүлж, шээс хөөх шинж чанартайгаас гадна холестринийг бууруулж, цөс үүсэлтийг эрчимжүүлдэг ба жирэмсэн болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд нэн тустай” гэж зөвлөн хоол хүнсэндээ хэрэглэхийг санал болгожээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Багваахай цэцэг нь дээр дурдсан өвчнүүдийг анагаах чадваргүй бөгөөд энэ цэцгийн анагаах чадварыг сурталдсан нь худал мэдээлэл юм.
2021 оны 07 дугаар сарын 21-нд АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайтын багваахай цэцгийн талаарх мэдээлэлд “Багваахай цэцгийг хүнсэнд хэрэглэх буюу шинээр нь шууд хэрэглэх, цай болгон хандлах, саладны орцонд ашиглах зэргээр хэрэглэж болох ба цэцгийн иш нь витамин А, С, К болон кальци, потассиум, фолийн хүчлийн баялаг эх үүсвэр” гэж мэдэгдсэн байна. Мөн тус мэдээлэлд багваахай цэцгийг үрэвсэл намдаах, цусны даралт, сахарын хэмжээ, холестериныг бууруулах, антиоксидант үйлчилгээтэй байж болохыг тайлбарласан боловч дээрх үйлчилгээнүүдийг дүгнэсэн судалгаанууд нь лабораторын түвшинд буюу амьтанд хийсэн туршилт дээр үндсэлсэн гэдгийг онцолсон.
Цаашлаад тус цэцгийг уламжлалт анагаах ухаанд шээс хөөх, элэг, бөөрний эрүүл мэндэд ашиглаж байсан ч эдгээрийг баталсан судалгаа байхгүйг 1852 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн АНУ-ын Маунт-Синай (Mount Sinai) эмнэлгийн вэбсайтад мэдээлсэн байна.
Багваахай цэцэг нь хорт хавдрыг эмчлэх батлагдсан эмчилгээ биш болохыг хавдрын судалгааны байгууллагууд болон Snopes, USA TODAY, PolitiFact, AFP Fact Check гэх мэт олон улсын баталгаат эрхтэй баримт шалгах байгууллагууд баримтаар шалгаж тайлбарласан.
Тодруулбал хавдрын судалгааны тэргүүлэх байгууллагуудын нэг “Memorial Sloan Kettering” судалгааны төвийн 2010 оноос хойш багваахай цэцгийн хавдрын эсрэг үйлчилгээний талаарх судалгааг анхаарч байгаа ба тус байгууллагаас багваахай цэцэг хорт хавдар эмчилдэг болохыг баталсан клиник туршилт одоогоор хийгдээгүй болохыг мэдэгдсэн. Хэдийгээр 2016 онд Виндсорын их сургуулийн судлаачид багваахай цэцгийн үндэс нь шулуун гэдэсний хорт хавдрын эсийг устгаж буй талаар дүгнэсэн боловч энэ нь хүний бие дэх хавдарт бус лабораторын түвшинд хавдрын эсэд хийсэн судалгааны үр дүн болохыг судлаач Сияарам Пандэй (Siyaram Pandey) USA TODAY-д мэдээлсэн байна.