Үрэвслээс сэргийлдэг хүнсийг үрэвсэл үүсгэдэг мэтээр буруу тайлбарласан байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #457

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэн, үрэвсэл үүсгэгч гэж тайлбарласан байна.

Баримт шалгалтын үр дүн

Үрэвслийн үед биед зохицуулах үйлчилгээтэй ашигтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг буруугаар тайлбарласан байна.

2023 оны 02 дугаар сарын 26-нд Trendy Iphone нэртэй пэйжид feednews4.com домайнд байршуулсан мэдээг “Бараг бүгдээрээ л өдөр болгон энэ хүнсийг иддэг, харамсалтай нь үрэвсэл үүсгэдэг гэдгийг нь тэр болгон мэддэггүй” гэх гарчигтайгаар хуваалцсан нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар 199 реакц, 41 сэтгэгдэл авч, 278 удаа хуваалцсан байна.

Feednews4.com домайнд байршуулсан мэдээ нь:
“Эрүүл тос, уураг нь эрүүл мэндийг дэмжих бодис мөн, харин сахар муу тул зайлсхийх хэрэгтэй. Хүнс болгон харилцан адилгүй агууламжтай, бодисын агууламж нь хүний бие махбодид ч харилцан адилгүй нөлөөлнө. Тиймээс хоол хүнс сонгохдоо анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна, жишээ нь зарим нэг хүнс үрэвсэлд хүргэх ажээ.

Үрэвслийн эх сурвалж болсон хоол хүнс
1. Тараг
2. Улаан лооль
3. Буудай
4. Цитрусын төрлийн жимс
5. Будаа
6. Самар” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Үрэвсэл гэж юу вэ?

Австралийн Күинсландийн их сургуулийн дэргэдэх Молекулын био шинжлэх ухааны хүрээлэнгийн вэбсайтад үрэвслийг:
“Үрэвсэл гэдэг нь бидний бие элдэв гэмтэл, эсвэл өвчлүүлэгч зэрэг гэмтээгч хүчин зүйлүүдэд үзүүлдэг хариу үйлдэл юм. Биед аюул тохиох үед цитокин гэх уураг ялгаруулж, бидний биеийн тогтолцоо асуудлын эсрэг тэмцэж эхэлнэ. Үрэвслийн үед өвдөх, хавдах, улайх, халах зэрэг гадна шинж тэмдэг нийтлэг илэрнэ. Өвдөх шинж тэмдэг нь бидэнд гэмтээгч хүчин зүйлийн талаар мэдэгдэж, гэмтлийн голомтод шингэн хурснаар хавдаж, эдгээх зорилгоор цусны эргэлт гэмтлийн голомтод хурах үед халж, улайх зэрэг байдлаар үргэлжилнэ. Харин нян эсвэл вирус биед нэвтэрсэн тохиолдолд дархлааны тогтолцоо цагаан эсийг идэвхжүүлж өвчлүүлэгчтэй тэмцдэг.

Хэрэв уг процесс хэвийн үргэлжилж гэмтэл эдгэж, өвчлүүлэгч устсан тохиолдолд үрэвсэл намждаг. Гэвч үрэвсэл нь Голдилокийн нөхцөлт буюу тун нь таараагүй тохиолдолд өөрт халтай үйл явц юм. Хэт бага үрэвсэл нь эдгэрэлтийг удаашруулж, хэт их үрэвсэл нь өөрийн эрүүл мэндийг үгүй хийдэг. Иймд үрэвсэл нь аливаа өвчний шинж тэмдэг эсвэл үүсгүүрийн аль, аль нь байж чаддаг гэж ойлгож болно.

Үрэвсэлт өвчнүүд маш олон бөгөөд хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь:

-Элэгний өөхлөлт
-Чихрийн шижин
-Ходоодны үрэвсэл
-Ревматоид үрэвсэл
-Таргалалт
-Алцгеймерийн өвчин
-Хавдар гэх мэт үргэлжилнэ” гэсэн байна.

2. Та лактозын хэт мэдрэгшилтэй л биш бол сахарын агууламжгүй тараг өөрт тохируулан хэрэглэж болно

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Үе мөчний үрэвсэлтэй тэмцэх сангийн вэбсайтад үе мөчний үрэвсэлтэй холбоотой 10 цуу ярианд залруулга хийсэн байна. Үүнд сүү, цагаан идээг:
“Зарим хүмүүс сүү, цагаан идээнээс зайлсхийснээр үрэвсэл нь намжсан гэдэг ч шинжлэх ухаан сүү, сүүн бүтээгдэхүүн дээр хоёр талтай хариулт хэлдэг. Сүү, цагаан идээн дээр хийсэн туршилтуудаар тухайн хүний биеийн онцлогоос хамаарч сүү, цагаан идээ нь нэг бол үрэвслийг өдөөх, эсвэл намжаах нөлөө үзүүлнэ. Лактозын хэт мэдрэгшилтэй буюу сүү, цагаан идээ хэрэглэж чадахгүй эсвэл сүүний харшилтай биш л бол заавал сүү, цагаан идээг хориглох гээд байх шаардлагагүй. Гэхдээ хэрэглэхдээ элдэв нэмэлтгүй, тослог багатайг хэрэглэсэн нь зүйтэй” гэсэн байна. Мөн тус вэбсайтад байршуулсан сүү, цагаан идээний тухай мэдээлэлд:
“Тухайн хүн хэрвээ сүү, цагаан идээ хэрэглээд өөрт асуудалгүй байвал хэрэглэхэд асуудалгүй. Зарим судлаач, эмч нар сүү, цагаан идээг хориглох дэглэм зөвлөдөг. Хэрвээ хориглосон тохиолдолд кальци, витамин Д зэргийг нь орлуулж чадах бусад хүний бүтээгдэхүүнүүдийг сайн хэрэглэх ёстой” гэж анхааруулжээ.

“Шим, тэжээл судлалын ололт, амжилт” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2021 оны хэвлэлд АНУ-ын Калифорнийн их сургууль, Висконсин-Мадисоны их сургууль болон Үндэсний сүү, цагаан идээний зөвлөлийн эрдэмтэд хамтран боловсруулсан судалгааны тайлангаа нийтлүүлжээ. Уг тайланг АНУ-д болон олон улсад гүйцэтгэсэн 70 гаруй туршилтын тайланд үндэслэж боловсруулсан байна. Үр дүнд:
“Одоогоор аль нэг төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэж хэлэх хангалттай нотолгоо үгүй байгаа ч, бид уг ажлынхаа эцэст сүү, цагаан идээ нь эрхтэн тогтолцооны архаг үрэвслийн маркеруудыг нэмэгдүүлэхгүй гэх дүгнэлтэд хүрлээ. Мэдээж цаашид сүү, цагаан идээг бүтээгдэхүүний төрлөөс хамааран хүний биед хэрхэн нөлөөлөхийг нарийн судлах шаардлагатай” гэсэн байна.

БНХАУ-ын эрдэмтдийн 2022 оны 08 дугаар сарын 31-нд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг Frontiers олон улсын сэтгүүлийн вэбсайтад байршуулжээ. Тус өгүүлэлд “Их хэмжээгээр чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь үрэвслийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог тул өдөр тутмын хүнснээсээ аль болох чихрийг хасах нь зүйтэй” гэсэн байна.

3. Улаан лооль нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн вэбсайтад 2021 оны 11 дүгээр сарын 16-нд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэнд улаан лоолийг дурджээ.

Дээр дурдсан Үе мөчний үрэвсэлтэй тэмцэх сангийн вэбсайтад үе мөчний үрэвсэлтэй холбоотой 10 цуу ярианд хийсэн залруулгад:
“Улаан лооль, төмс, хаш болон чинжүү зэргийг үе мөчний өвчнийг өдөөдөг соланин гэх бодис агуулдаг учраас хэрэглэж болохгүй гэх буруу ойлголт бий. Үнэндээ энэ ойлголт шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Харин ч хүнсний ногоонууд ерөнхийдөө эрүүл мэндэд маш сайн байдаг. Мэдээж эдгээр хүнсний ногоог хэрэглэхгүй байлаа гээд танд сөрөг нөлөө илрэхгүй” гэсэн байна.

Соланин агуулсан төмсний талаар бид өмнөх баримт шалгалтдаа дурдаж байсан ба хэрэглэхийн аргагүй хэт гашуурч, бүтцээ алдсан үед л хортой байдаг, харин энгийн үед аюулгүй гэдгийг мэдээлсэн.

Энэтхэг, Иран, Индонез, Саудын Араб улсуудын эрдэмтэд мета шинжилгээний тайлангаа Европын энтераль болон парэнтераль шим тэжээлийн нийгэмлэгийн Клиникийн шим тэжээл сэтгүүлд 2022 оны 08 дугаар сард нийтлүүлжээ. Мета шинжилгээ нь нийт 467 өгүүллийг хамарсан байна. Мета шинжилгээгээр улаан лооль нь CRP /үрэвслийн үед элэгнээс ялгарах уураг/, IL-6 /үрэвслийн үед эсээс ялгарах бүлэг уураг/ ялгаралттай ямар нэг хамааралгүй. Харин TNF-a буюу үрэвсүүлэгч цитокиныг бага хэмжээгээр дарангуйлж байсан байна.

4. Бүхэл үрийн бүтээгдэхүүн нь үрэвслийн үед будаа, цагаан гурилаас илүү сонголт

Австралийн Сиднейн их сургууль болон Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтэд цахим платформууд дээрх 730 эрдэм шинжилгээний ажлын тайлангаас шаардлага хангасан 31 судалгааны ажлыг нэгтгэн дүгнэсэн тоймыг Олон улсын шим тэжээл судлалын сэтгүүлийн Хүнсний үр, бүхэл үрийн шим тэжээлийн үзүүлэлт нэртэй тусгай дугаарт 2022 онд нийтлүүлсэн байна. Дүгнэлтдээ “Цагаан гурилын оронд бүхэл үр хэрэглэснээр эрүүл мэндэд ач тустай. Учир нь бүхэл үрэнд төрөл бүрийн хүнсний эслэг, мөн түүнчлэн цагаан гурилд байхгүй ургамлын бодисууд, тосны хүчил, амин хүчил, аминдэм, эрдэс бодис агуулдаг аж. Бидний хамруулсан 15 солбисон болон 16 зэрэгцээ нийт 31 судалгааны 12-т нь бүхэл үр нь үрэвслийн маркерыг буулгаж байсан. Ялангуяа илүүдэл жинтэй, таргалалттай эсвэл архаг, хууч өвчтэй хүмүүст илүүтэй үр дүнтэй байсан. Зөвхөн Австрали гэлтгүй дэлхий нийтийн таргалалтын түвшин нэмэгдэж байгаа энэ үед цагаан гурилын оронд бүхэл үр хэрэглэх нь зөв сонголт. Мэдээж бүхэл үр гэх ерөнхий нэршилд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн багтах тул цаашид илүү нарийвчлан судлах нь зүйтэй” гэсэн байна.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Үе мөчний үрэвсэлтэй тэмцэх сангийн вэбсайтад цагаан гурил, цагаан будааг хэрхэн орлуулж болох тухай зөвлөжээ. Зөвлөмжид:
“Үрэвсэлтэй тэмцье гэж байгаа бол боловсруулсан үрийн бүтээгдэхүүнээс зайлсхий. Цагаан будаа, цагаан гурил, худалдааны жигнэмэг, бялуу зэрэг нь харин ч үрэвслийг нэмэгдүүлэх магадлалтай.

Хэрэв орлуулах шаардлагатай бол:

-Амарантын гурил
-Арвайн гурил
-Бор будаа
-Гурвалжин будаа
-Бүлгүр будаа
-Амуу будаа
-Кинуа будаа
-Сорго
-Хөх тариа
-Бүхэл овьёос
-Бүхэл үрийн гурил зэргийг хэрэглэж болно” гэсэн байна.

5. Үрэвслийн үед цитрусын төрлийн жимсийг хэрэглэж болно

Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн вэбсайтад 2021 оны 10 дугаар сарын 13-нд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй жимснүүдийг зөвлөсөн байна. Үүнд:
“Жүрж, бэрсүүт жүрж, нимбэг, лайм зэрэг нь С аминдэмээр баялаг. Мөн тэд эслэг, кали, кальци, B аминдэм, зэс, мөн флавоноид, каротиноид зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ургамлын бодис агуулдаг. Цитрусын төрлийн жимсийг бүрэн судлаагүй байгаа хэдий ч одоог хүртэл хийсэн судалгааны ажлуудаар цусан дахь холестериныг бууруулах, цусны сахрыг тэнцвэржүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах зэрэгт тодорхой хэмжээгээр эерэг нөлөөтэйг тогтоосон” гэсэн байна.

Их Британийн эрдэмтдийн бичсэн судалгааны ажлын шүүмжийг Дархлаа ба шим тэжээл судлал сэтгүүлд 2021 оны 06 дугаар сарын 24-нд нийтлүүлжээ. Уг шүүмжийн дүгнэлтэд “Цитрусын төрлийн жимс нь олон төрлийн аминдэм, эрдэс бодис, полифенолууд агуулдаг. Ялангуяа B9 болон С аминдэмийг ихээр агуулдгаараа алдартай. Эдгээр хоёр бодис нь хоёул хүний арьс, дотор эрхтний хана, дархлааны тогтолцооны хэвийн байдлыг хангахад чухал үүрэгтэй. Мөн С аминдэм нь үрэвслийг зохицуулах үйлчилгээтэй хүчирхэг анти оксидант юм. Мөн маш олон судалгааны ажлаар цитрусын төрлийн жимснүүд нь өөх тос эсвэл нүүрс усыг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй үрэвслийг хязгаарлах үйлчилгээтэйг тогтоосон байдаг” гэсэн байна.

6. Үр, самрыг үрэвслийн үед тохируулан хэрэглэх нь биед тустай

АНУ-ын Хүнсний шим тэжээл, хоолны дэглэм судлаачдын холбооны хэвлэлийн төлөөлөгч, Бастирийн их сургуулийн хоол зүйч Жинжэр Халтин үрэвслийн талаарх цуу яриаг няцааж ярилцлага өгч байжээ. Уг ярилцлагын тэмдэглэлийг arthritis.org вэбсайтад байршуулсан байна. Тэрээр ярилцлагадаа “Бид өөрсдийн идэх өөх тосны хэрэглээгээ зохицуулах нь чухал. Мэдээж үрэвслийн үед бол омега 3 эсвэл өөр ямар нэгэн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй өөх тос хэрэглэх нь зөв. Тэгэхээр загас, хушга, чиа үр, маалингын үр хэрэглэх ёстой гэсэн үг” гэсэн байна.

Мөн Японы бичил шим тэжээл судлалын төвийн вэбсайтад 2009 онд байршуулсан судалгааны тайланд “Бид долоо хоногийн ядаж 5 өдөр, дээд тал нь 28 грамм самар хэрэглэх нь зүйтэй. Иймд бид биед хэрэггүй амттаныхаа оронд самрыг тогтмол хэрэглэж болно. Самар нь зүрх судас, чихрийн шижин зэргээс үүдэлтэй үрэвслийн үед маш сайн үйлчилгээтэй. Гэвч самар нь тослог хүнс тул өдөрт 28 граммаас их хэмжээгээр идэхээс зайлсхий” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document