Мах зөөлрүүлэгч нь хүний биед аюулгүй бөгөөд ашигласан тохиолдолд махны хэмжээг өсгөхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #456

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Буузны үйлдвэрүүд нь мах зөөлрүүлэгч хэрэглэдэг бөгөөд тус зөөлрүүлэгч нь махыг хөөлгөж, хүний биед хорт хавдар үүсгэх боломжтой гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Мах зөөлрүүлэгч буюу бромелайн нь олон улсад хүний биед гаж нөлөө үзүүлэх тохиол бага, өрхийн хэрэглээнд ч аюулгүй гэдэг нь батлагдсан бодис.

2023 оны 03 дугаар сарын 05-нд Dobu.mn нэртэй пэйжид “ИРГЭНИЙ ҮГ: Дэлгүүрээс бэлэн бууз, банш авдаг хүмүүс болгоомжлоорой. Буузны цехэд ажилладаг байсан тогооч “Буузны цехэд бууз хийхдээ мах зөөлрүүлэгч гээд цагаан юм хийдэг. Тэгээд хэдэн минутын дараа гэхэд тэр амталсан мах нь хоёр дахин өсдөг юм билээ. Та тийм юм олоод аваач” гэв. “Би тийм нүгэл хийхгүй ээ.Нүглээ даахгүй” гэв.

Дэлгүүрээс бэлэн бууз, банш авдаг хүмүүс болгоомжлоорой. Махыг хэдхэн минутад ялз зөөлрүүлж байхад хүний ходоодыг яах уу. Ходоод, шулуун гэдэсний хорт хавдар ихсэж байгаагийн шалтгаан ч байж магад шүү. Бүгд тийм биш байх гэж итгэж байна. Нүгэл буяны дэнс байдаг юм шүү” гэх пост оруулсан нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар 114 реакц, 25 сэтгэгдэл авч, 1.3 мянган удаа цааш түгээсэн байна.

Уг мэдээллийг бусад эх сурвалжууд ч хуулбарлан нийтэлж өндөр хандалт авсаар байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Мах зөөлрүүлэгч гэж юу вэ?

Канадын Гуэлфийн их сургуулийн вэбсайтад тус сургуулийн Хүнсний шинжлэх ухааны тэнхимийн зөвлөх профессор Дон Мерсер 2020 оны 05 дугаар сарын 08-нд дараах нийтлэлийг байршуулжээ.

“Орчин цагийн химийн шинжлэх ухаан онц чадлыг нь судалж эхлэхээс ч эрт үед ханборгоцойг дулаан орнуудад эмийн ургамал гэж үздэг байв. Хожим 1890 онд эрдэмтэд ханборгоцойноос “бромелин” гэх энзимийг анх ялгаж авчээ. Дараа нь химийн нэршлийг оновчилж тус энзимийн нэрийг “бромелайн” өөрчилсөн байна. Үнэндээ бромелайн нь уургийг задалдаг протеаз гэх энзимийн 2 бодисоос тогтсон нэгдэл юм. Уг протеаз нь маханд агуулагдах уургийн том молекул болох коллаген гэх холбогч уургийг задалж бичил хэсгүүдэд хуваадаг. Энэ нь махны бүтцийг сулруулж, зөөллөх нөлөө үзүүлдэг” гэсэн байна.

2. Бромелайн нь махыг өсгөхгүй, харин чанах үеийн агшилтыг бууруулдаг

Хүнс судлалын олон улсын сэтгүүлд 2021 оны 04 дүгээр сард Энэтхэгийн эрдэмтэдийн нийтлүүлсэн “Хаягдал ханборгоцойноос ялгаж авсан бромелайн ашиглан махыг зөөлрүүлэх нь” нэртэй судалгааны тайланд:
“Махыг химийн болон физик үйлчлэл ашиглан зөөлрүүлэх уламжлалт аргуудтай харьцуулахад энзим ашиглан зөөлрүүлэх нь эдийн засаг болон эрүүл мэнд талаасаа харьцангуй давуу талтай. Уг судалгааны ажлаар бромелайн нь махны хэмжээ болон pH-д төдийлөн нөлөөгүй, харин ус даах чадвар болон уургийн агууламжийг харьцангуй өсгөж байгааг тогтоолоо.

Эхлээд ханборгоцойг жижиг хэсгүүдэд хувааж, жинлээд, холигч төхөөрөмжид хийж бутлаад 0.1 моль/литр натрийн фосфатын буфэрийн уусмалтай хольсон. Үүссэн язмагийг даавуугаар шүүгээд тусгай төхөөрөмжөөр хуурай болгов. 5 төрлийн махны сорьц бэлдэж тэдгээрийг бромелайнгүйгээр, мөн бромелайн ашиглан хэсэг хугацаанд дарсан гэж хувааж тугалган цаасанд ороож чаналаа. Махыг чанах үед мах шүүс болон өөх тосоо алдаж хэмжээ нь агшдаг ба ашигласан сорьцууд боловсруулсны дараа дараах байдлаар агшсан байна.

Бромелайн хэрэглээгүй мах – 53.23 хувь
Бромелайн хэрэглэсэн:
30 минут дарсан мах – 25.71 хувь
60 минут дарсан мах – 20.59 хувь
90 минут дарсан мах – 18.75 хувь
120 минут дарсан мах – 11.77 хувь

Дээрх үзүүлэлтээс харахад мах боловсруулалтын явцад эзлэхүүнээ алдах байдал нь бромелайн хэрэглэснээр буурч байгааг ажиглалаа” гэсэн байна.

3. Бромелайн нь шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг гаж нөлөө үзүүлдэггүй

Европын эмийн агентлаг 2018 оны 01 дүгээр сарын 26-нд Бромелайны эрсдлийн үнэлгээний тайланг танилцуулжээ. Уг тайланд:

Харх болон хулгана дээр туршсан туршилтын үр дүнд бромелайн нь хоруу чанар маш багатай гэж гарсан. Хүн дээр ч мөн адил бромелайныг ашиглан хийсэн төрөл бүрийн туршилтууд бий. Клиник практикийн сайн жишигт нийцсэн дараах үр дүнгүүд байна.

Ямар нэг суурь өвчингүй 12 оролцогчийг 2 хэсэгт хуваан нэг хэсэгт нь өдөрт биеийн жингийн килограмм тутамд 26.7 милиграмм, нөгөө хэсэгт нь килограмм тутамд 53.4 милиграмм нунтаг бромелайныг 28 өдрийн турш амаар уулгасан. Ямар нэг гаж нөлөө огт илрээгүй.

Ханиад хүрсэн:
62 хүүхдэд зөвхөн бромелайн
34 хүүхдэд бромелайныг хавсарга тунгаар
20 хүүхдэд энгийн эмчилгээ хийсэн. Туршилтын явцад ханборгоцойн харшилтай хүүхдэд л харшлын реакц илэрснээс өөр ямар нэг гаж нөлөө байгаагүй.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон ДЭМБ-ын хамтарсан Хүнсний нэмэлтийн экспертүүдийн хорооноос бромелайны өдрийн тунг “ямар нэг хязгаар байхгүй” гэж тогтоосон.

АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг ч бромелайныг өргөн хэрэглээнд аюулгүй гэж үздэг” гэсэн байна.

Энэтхэгийн эрдэмтэдийн 2016 оны 06 дугаар сарын 30-нд танилцуулсан “Ханборгоцойн шүүснээс гаргасан бромелайнаар мах зөөлрүүлэх нь” нэртэй судалгааны тайланд:
“Бромелайн нь эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд ач холбогдолтой. Ханборгоцойн хаягдлаас хялбар бөгөөд хямд байдлаар уг энзимийг гаргаж авах боломжтой. Хүнс үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд аюулгүй ашиглаж болох учраас элдэв химийн бодис, бусад жимсний протеазуудаас харьцангуй үр дүнтэй” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document