2021 оны нэгдүгээр сарын 3-нд Ganzorig chuluunbor нэртэй Twitter хэрэглэгчийн хаягаас “Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог. Биед давс орж ирэхгүй болохоор вирус нь өлдөөд үхчихнэ. Хүн давс идэхгүй байх үед дархлааны эсүүдийн тоо нэмэгддэг учраас хурдан эдгэдэг. Хонины гүзээ их идсэнээр элгэнд хэрэгтэй маш их шимийг авч байдаг..” гэж жиргэсэн нь нэгдүгээр сарын 4-ний 20:00 цагийн байдлаар 121 retweet, 172 like аваад байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хуурамч мэдээлэл дундаас эрүүл мэндийн сэдэв хор хохирол ихтэй бөгөөд удаан хугацааны турш дахин давтаж түгээгддэг, тэр бүрд олон нийт итгэж, даган дуурайх зэргээр сөрөг нөлөө ихтэй тул баримтын шалгалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
Уг мэдээллийг 2016 оны нэгдүгээр сарын 6-нд azjargal.mn сайтад мэдээ болгож гаргасан байна. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 11-нд caaknews.mn сайтад давтан оруулахдаа эх сурвалжаа “Эх үрийн судар” номноос авсан гэж мэдээлсэн байв. “Эх үрийн судар” номын зохиогч Ц.Наранхандтай холбогдож элэгний вирус 14 хоногт давсгүй хоолоор хооллоход устдаг тухай бичсэн эх сурвалжийг асуухад Д.Мягмарсүрэн зохиогчийн “Монгол домчийн судар” номыг нэрлэлээ.
***
Ингээд “Монгол домчийн судар” номын зохиогч, анагаах ухааны доктор, хүний их эмч, Аарцаг нурууны бариа заслын нийгэмлэгийн тэргүүн Д.Мягмарсүрэнтэй холбогдоход -“Элэгний вирусийг устгадаг нь үнэн. Би бүтэн судар одоо тайлбарлах боломжгүй. Домчийн сударт заасны дагуу яг 14 хоногт дэглэмийн хоолоо 60 удаа зажилж байж залгиад зохих ёсоор нь мөрдвөл элэг эрүүлжинэ. Эдгэх, эдгэхгүй нь тухайн хүний дэглэмээ хэр зөв барьснаас шалтгаална” гэв.
-“Биед давс орж ирэхгүй болохоор вирус нь өлдөөд үхчихнэ” гэдэг мэдээлэл хуваалцах явцад гуйвсан утга уу, эсвэл та ингэж томъёолсон уу? гэсэн асуултад
-“Зөв. Элгийг гэмтээж байгаа вирус, хавдрын үүсгэгч вирус зэргийн үндсэн хоол нь давс байдаг юм. Хоолоо сайн зажилж идээд, давсны хэрэглээгээ тэглэчихвэл вирус үхнэ, эсвэл биеэс гараад явдаг” гэв. /зохиогч Д.Мягмарсүрэн энэ тухай 2018 онд ярьсан бичлэгийг линкээр оруулав/
***
Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн их эмч, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга, анагаах ухааны магистр Г.Ган-Эрдэнэтэй холбогдож асуулаа.
-“Энэ мэдээлэл ор үндэсгүй зүйл байна. Уламжлалт анагаах ухааны онолоор энэ нь олон хүчин зүйлээр тайлбарлагддаг. Хэрэв вирус давсгүй үед үхдэг байсан бол монголчууд энэ олон жил зовохгүй байсан. Хүний бие таван махбодоос бүрддэг. Таван махбод нь зургаан амтаас үүсдэг. Энэ зургаан амтны нэг нь давс. Тиймээс огт хорино гэсэн онол байхгүй”
***
Анагаахын шинжлэх ухаанд давсны хэрэглээ болон элэгний өөрчлөлтийн талаар судалсан олон улсын эрдэмтдийн бүтээл бий. Тэдгээрээс хоёр судалгааны бүтээлийг дор танилцуулъя.
2015 оны хоёрдугаар сарын 13.
Америкийн Биотехнологийн Үндэсний төвийн цахим сэтгүүлд Японы Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд туршилтын хулгана дээр хүнсний өөх тос болон давсны хэрэглээг нэмэгдүүлсэн нь элгэнд хэрхэн нөлөөлөх судалгаа хийсэн тайлангаа байршулжээ. Уг судалгааны үр дүнд өөх тос ихтэй хоол хүнснээс гадна давс ихтэй байх нь хулганын биед исэлдлийн стресс, дислипидемээс үүдэлтэй элэгний статозын үрэвсэл, фиброзыг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ.
2016 оны хоёрдугаар сарын 24.
1876 оноос эхлэлтэй, 130 гаруй орны 152 мянга гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том эрдэм шинжилгээний байгууллагуудын нэг ACS-ийн Хөдөө аж ахуй, хүнсний химийн сэтгүүлд БНХАУ-ын Үндэсний Байгалийн Шинжлэх Ухааны Сангийн санхүүжилтээр хийсэн судалгаанд мөн дээрх үр дүн гарчээ. Давсны хэрэглээг нэмэгдүүлбэл цусны даралт ихсэхээс гадна натри хэтрүүлэн хэрэглэвэл элэг гэмтдэг гэжээ. Эрдэмтэд үүнийг эсийн түвшинд судлахын тулд мөн л трансженик хулгануудыг ашигласан байна. Хулгануудад давс ихтэй хоол өгч, үр хөврөлийг давсны уусмалд оруулжээ. Хэт их натри нь фиброзын хөгжилд хувь нэмрээ оруулж элэгний өөрчлөлтөд оруулж байв. Судлаачид гэмтсэн эсийг С аминдэмээр эмчлэх нь илүүдэл давсны хор уршгийг хэсэгчлэн дарах шинжтэй байгааг олж мэдсэн гэжээ.
Давсыг хэтрүүлэх нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж уламжлалт анагаах ухаан ба анагаахын шинжлэх ухаанд ижил үзэж байна. Гэхдээ энэ нь “14 хоног давс хэрэглэхгүй бол элэгний вирус устана” гэх ойлголтыг батлахгүй юм.
Тиймээс олон нийтийн дунд 4-5 жилийн турш дахин сэргээж түгээж байгаа “Давс хэрэглэхгүйгээр элэгний вирусийг устгаж болно”, “Давс идэхгүй бол вирус өлдөөд үхнэ” гэх дээрх мэдээлэл төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Уг агуулгыг анх гаргасан “Монгол домчийн судар” номын зохиогч Д.Мягмарсүрэн давс хэрэглэхгүйн зэрэгцээ хоолоо 45-60 удаа зажилж идэх байж вирус устана гэж тайлбарласан. Монгол Улсад уламжлалт анагаах ухааны аргууд, шашин шүтлэгтэй холбоотой домууд одоо ч судлагдсаар байгаа тул эцсийн дүгнэлт хийхэд учир дутагдалтайг энд онцолъё.