ДЭМБ: Карантинд орох, зай барих хэрэггүй, коронавирус хүнээс хүнд халдварладаггүй гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #37

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ДЭМБ-аас корона вирус туссан өвчтөн тусгаарлагдах шаардлагагүй,хоорондын зай барих шаардлагагүй, нэгээс нөгөө хүнд халддаггүй гэдгийг хэллээ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн COVID 19-ийн техникийн удирдагч, халдварт өвчний тархвар судлаач, доктор Мария Ван Керхове “Астматай хүмүүс коронавирусыг цааш нь дамжуулсан тохиолдол ховор байгаа. Одоогоор бид судалж байна” гэж хэлсэн мэдээллийг мушгиж, түүнийгээ дэвэргэн хуурамч мэдээлэл болгон цахим орчинд түгээсэн байна.

Дотоодод цахим орчинд “ШУУРХАЙ МЭДЭЭ: ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГИЙН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!!” гэх #ХУДАЛ мэдээллийг Zanaa Jurmed гэх Facebook хаягаас түгээж, 24 цагийн дотор 45 хүн хуваалцаж, үүний араас тайлбар болгож оруулсан постыг мөн 300 орчим хүн хуваалцаж, хуурамч мэдээлэл эрчимтэй тархсан.

‼️Бид мэдээллийг шалгахад өмнө нь олон улсын баримт шалгагчдын төвүүд ХУУРАМЧ гэж нягталж тогтоосон агуулга байсан тул уг постыг report хийн сануулж, Facebook платформоос устгуулсан болно. Гэвч түүнээс хуваалцсан зуу зуун хүнд ташаа ойлголт төрж үлдсэн байх эрсдэлтэй тул баримт шалгалтыг болон эх сурвалжаар авсан бичлэг дэх анхаарал татсан хэсгүүдийг орчуулан, баримтын шалгалт хийснээ хүргэж байна.

📌Энэ нь өөр өөр цаг хугацаанд болсон, хоёр тусдаа зүйл. Олон улсын бие даасан баримт шалгагчдын төвөөс ХУУРАМЧ мэдээлэл гэж баталгаажуулсэн мэдээллийг Zanaa Jurmed нэг мэт харагдуулахаар оруулсан нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэл боллоо.

🔎“ДЭМБ 180 градус эргэлээ, тусгаалагдах, маск зүүхгүй байж болно, хүнээс хүнд дамждаггүй” гэх ХУУРАМЧ мэдээлэл анх 2020 оны зургадугаар сарын 9-нд болсон ДЭМБ-ын цахим хурлын дараа тараагдсан. ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн COVID 19-ийн техникийн удирдагч, халдварт өвчний тархвар судлаач, доктор Мария Ван Керхове 📎“Астматай хүмүүс коронавирусыг цааш нь дамжуулсан тохиолдол ховор байгаа. Одоогоор бид судалж байна” гэж хэлсэн мэдээллийг мушгиж, түүнийгээ дэвэргэн хуурамч мэдээлэл болгон цахим орчинд түгээж байсан юм.

📌Харин энэхүү хуурамч мэдээлэлийг Zanaa Jurmed өөрийн цахим хуудаснаа 11-р сарын 25-нд хуваалцсан юм. Тэрбээр эхний постоо оруулснаас хойш хоёр цагийн дараа “ОРЧУУЛЧИХЛАА. ЖИЧ: ЭНЭ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ САР ГАРУЙН ӨМНӨ БЕРЛИНД БОЛСОН 2 САЯ ХҮНИЙ ЖАГСААЛЫН ӨМНӨ ХИЙГДСЭН БАЙНА ГЭДГИЙГ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ АНЗААРЧ МЭДЛЭЭ! ХЭРҮҮЛ ӨДӨХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ, БИ ЗӨВХӨН ОРЧУУЛЖ ХЭЛ МЭДЭХГҮЙЧҮҮДЭД ХҮРГЭЖ БАЙНА. ХЭЛ МЭДДЭГЧҮҮД НЬ АЛЬ ХЭДИЙН ХЭДЭН САЯАРАА ҮЗЧИХСЭН БАЙНА” гэсан тайлбартай дэлгэрэнгүй пост оруулсныг нь мөн олон зуун хүн хуваалцсан байна.

📌Энэ нь зургадугаар сард болсон хурлын мэдээллийг орчуулан хүргэж байгаа мэт ойлголт өгч, нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН. Гэхдээ орчуулгандаа 2020 оны 10 дугаар сарын 10-нд Берлинд болсон ACU2020.org Дэлхийн Эмч Нарын Холбоо гэх сайн дурын байгууллагын эмч, эрдэмтэд, хуульч, физикч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй баг (үүний 7 нь эмч, эмнэлэгийн мэргэжилтэй хүмүүс байв)-ийн хийсэн мэдээллээс авч ашигласан байв.

📌Тус хурлаар эмч нар хуурамч мэдээлэл түгээсэн болохыг мөн л олон улсын баримт шалгагчдын бие даасан төвүүд баримтын шалгалт хийж, хуваалцсан байна.

Харин Zanaa Jurmed хаягаас энэхүү англи хэл дээр түгээгдсэн хуурамч мэдээллийг орчуулан хүргэхдээ 28 минутын бичлэгийн 14 дахь минутад Дэлхийн эмч нарын холбоо байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалтай гэх Дублиний их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн профессор Долорис Кахилын үгийг орчуулан хүргэжээ.

/Хурлын бичлэгийн үзэхийг хүсвэл та комент хэсэг дэх холбоос дарж сонирхоно уу👇/

📌Цахим орчинд хэдэн зуун мянган удаа түгээгдсэн энэхүү бичлэгт ХУУРАМЧ мэдээллийн хэд хэдэн агуулгыг дурдсан байсныг хүргэж байна.

1. Тухайлбал, Монгол хэлэнд хөрвүүлж, түгээгдэж буй агуулга дотор Долорис Кахил: 📎“Бид өнөөдөр энд маш сайн мэдээ дуулгая. Коронавирус бол улирлын вирус, 12 сараас дөрөвдүгээр сарын үед хидроксиклоракуайн, цайрын хамт эмчлэгддэг гарч байсан томууны өвчний шинж тэмдэгтэй адил байна гэдгийг мэдээлж байна. Тиймээс одоо бид түгжигдэх ч хэрэггүй, айх ч хэрэггүй, амны хаалт ч хэрэггүй, бие биеэсээ зай барих ч хэрэггүй, хүмүүсийг хорих ч хэрэггүй. Бид урд жилүүдэд тархаж байсан томууг амжилттай эмчилж байсан” гэж дээрх бичлэгт мэдээлсэн юм.

‼️БАРИМТ: Одоогоор эрдэмтэд коронавируст цайрын эмчилгээ тустай байдаг талаарх албан ёсны ямар ч баримт нотолгоо гаргаагүй байгааг СОVID-19-тэй холбоотой шинжлэх ухааны ололт, баримтад түшиглэсэн мэдээллийг түгээдэг АНУ-ын Анагаах, Инженерингийн Үндэсний Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс мэдээлсэн байна.

2. Коронавирус энгийн томуугийн вирус, PCR-ын шинжилгээгээр эерэг гэж хуурамч гарч болдог гэж хэлсэн.

‼️Энэ нь ХУУРАМЧ мэдээлэл бөгөөд коронавирус нь томуутай төстэй шинж тэмдгээр илэрч болох ч огт өөр төрлийн вирус юм. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 📎“COVID-19 нь томуунаас хялбар тархдаг ч илүү ноцтой үр дагавартай” гэж мэдээлсэн байдаг.

3. “Де Клерк: PCR-ын шинжилгээний 89-94 хувь нь эерэг гэж хуурамч хариу гаргадаг байна. COVID-19-ийн шинжилгээ өгөх хэрэггүй. Эмнэлгийн эмч нар эдгээр шинжилгээг харахаа болих хэрэгтэй” гэж хэлсэн байна.

‼️Энэ талаар AP-ийн баримт шалгагч нар Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлалын профессор, доктор Майкл Жозеф Минагаас тодруулж ХУУРАМЧ мэдээлэл болохыг нотолжээ. Тэрбээр, 📎“Олон хүний шинжилгээний хариу дараа нь эерэг гарч болно. Яагаад гэвэл хүмүүсийн РНХ-д хэвээр байгаа ч амьдрах чадвартай вирусыг устгасан гэсэн үг, тэдгээр хүмүүс дахиад халдвар тараахгүй байж магадгүй” гэж имэйлээр хариулсан байна.

📌Дан ганц Zanaa Jurmed гэлтгүй олон улсад ч бас энэ хоёр хуурамч мэдээллийг нэг мэтээр ойлгож хуваалцсан нийгмийн сүлжээний хэрэглэгчид байсаар байна. Тухайлбал, Parvez36320601 гэх хаягтай Twitter хэрэглэгч мөн л дээрх хоёр тусдаа хуурамч мэдээллийг хольж, нэг мэтээр хуваалцсан байсан юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Хурлын бичлэгийн үзэхийг хүсвэл та дараах холбоос харж сонирхоно уу.
Эмч нар хуурамч мэдээлэл тараасан талаарх олон улсын бие даасан баримт шалгагч байгууллагуудын хийсэн баримтын шалгалттай холбоотой мэдээлүүдийг та бүхэн дараах холбоосоос үзэж танилцах боломжтой.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document