2026 оны 10 дугаар сарын 21-нд Green Pharma Mongolia – 100% байгалийн гаралтай Facebook хуудаснаас “Яс, үе мөчний архаг өвдөлтийг эсийн түвшинд нэвтэрч эмчлэх зориулалттай тос!” гэх бичлэг түгээж, линк хавсаргажээ. Уг бичлэгт “Үений шингэнийг нөхөн сэргээж, мөгөөрсний элэгдлийг зогсоох хүчтэй үйлчилгээтэй. Булчин, шөрмөсний үрэвслийг дарж, хөшүүн байдал, хурц өвдөлтийг тэр даруй намдаана. Ясны эдэд гүн шингэж, гэмтсэн эсийг нөхөн төлжүүлж хөдөлгөөнийг эрс сайжруулна. Цусны эргэлтийг эрчимжүүлж, үе мөчний хавдар болон хөндүүрийг бүрэн устгана” гэх тайлбар оруулсан байна. Тухайн бичлэгийг 36 реакц, 20 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 29 удаа түгээжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах

Green Pharma Mongolia – 100% байгалийн гаралтай Facebook хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 24-нд Madem smart гэх нэрээр нээсэн байна. Пейжийн нэрийг 2025 оны 09 дүгээр сарын 10-нд Green Pharma Mongolia – 100% байгалийн гаралтай болгож өөрчилжээ.
Үргэлжлүүлэн, хуудасны админы байршлыг шалгахад Вьетнамаас 8, Энэтхэгээс 1 удирдлагатай байна. Энэ нь уг хуудас гаднын удирдлагатай, хуурамч пейж гэсэн үг юм.
Хавсаргасан линкийг шалгахад гарсан үр дүн
Шалгасан постод хавсаргасан линкэд хандахад зөвхөн доош гүйлгэх зориулалттай, байгууллагын мэдээлэл, тодорхой хаяг, холбогдох дугааргүй сайт илэрлээ. Сайтын мэдээллийг Urlvoid хэрэглүүрээр нягтлахад Вьетнамд байрлалтай байна.

Шалгасан сайтад хавсаргасан гэрчилгээг хиймэл оюунаар бүтээсэн
Сайтад АНУ-ын FDA, Арилжаа худалдааны нэр, тамга агуулсан сертификатын зураг хавсаргасан байсныг Hivemoderation хиймэл оюун шалгах хэрэглүүрээр нягтлахад хиймэл оюунаар бүтээснийг баталсан.


Мөн гэрчилгээнд бичсэн бүртгэлийн дугаараар АНУ-ын FDA-ын эм, эмчилгээний бүтээгдэхүүний жагсаалтаас шалгахад уг бүтээгдэхүүн илэрсэнгүй. Энэ нь сурталчилсан бүтээгдэхүүн аюулгүй байдал, үр дүнгийн баталгаагүй гэсэн үг.
Зургаар шалгах
Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүрээр зургаар хайхад Ozon, Lazada зэрэг худалдааны сайтаар борлуулж байгаа нь илэрлээ. Албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгчийн мэдээлэл байсангүй. Сайтын бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “Өвчин намдаах тос”, “Цагаан гаа, триптеригиум уилфордии (Tripterygium wilfordii), сычуань перц, хонгорзул, гүргэм, хуурамч хүн орхоодойн үндэс, булцуут анхилуун давирхай агуулсан” гэж тайлбарлажээ.
Мөн Тайванийн Онлайн залилангийн мэдээлэл лавлах сайтад уг бүтээгдэхүүнийг хуурамч гэж мэдээлсэн байна. Хэрэглэгчид уг тосыг 704 удаа шалгуулахаар мэдэгдэхэд Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас шалгаж, 2026 оны 03 дугаар сарын 10-нд хуурамч гэдгийг баталж, мэдэгдсэн аж.

Агуулга шалгах
Харвардын Анагаах ухааны их сургуулийн нийтэлснээр эмчилгээний тос, түрхлэг ашиглаж үе мөчний өвдөлтийг намдаах боломжтой. Харвардын харьяа Спаулдинг-Уэллесли нөхөн сэргээх төвийн эмнэлгийн захирал, доктор Жоанн Борг-Штейны хэлснээр үе мөчний хүнд хэлбэрийн өвчин байсан ч өвдөлт бууруулахын тулд үрэвслийн эсрэг тос түрхэхийг зөвлөдөг байна. Мөн үе мөчний өвчин намдаах тосыг түрхэх тохиромжтой, тохиромжгүй тохиолдлыг хүргэжээ:
| Түрхэх тохиромжтой нөхцөл | Түрхэх тохиромжгүй нөхцөл |
|---|---|
| Үрэвслийн эсрэг эмд мэдрэмтгий бол | Арьсны гадарга дээр шархтай бол түрхэж болохгүй |
| Өвдөлтийн голомт арьстай ойр бол | Ходоод, гэдэснээс цус алдаж байсан бол түрхэж болохгүй |
| Өвдөлт нэг хэсэгт төвлөрсөн бол | Өвдөлт маш хүнд байгаа бол үйлчилгээ нөлөөлөхгүй |
Mayo эмнэлгийн нийтэлснээр эмчийн зөвлөсөн үе мөчний тосыг өдөр бүр, зааврын дагуу, дасгал хөдөлгөөнтэй хослуулан хэрэглэх нь үр дүнтэй. Гэвч шалгасан мэдээлэлд сурталчилсан тос хуурамч мэдээлэл агуулсан, баталгаагүй бүтээгдэхүүн тул үр дүн, аюулгүй байдал тодорхойгүй юм.
Шалгасан мэдээлэлд дурдсан “үений шингэнийг нөхөн сэргээх” үйлчилгээтэй тос, эмийн эмчилгээ одоогийн байдлаар байхгүй гэдгийг 2024 оны “Үе мөчний элэгдлийн эмчилгээнд үений шингэний чанарыг нөхөх, үрэлтийг бууруулах аргын дэвшил” судалгаанд дурдсан байна. Судлаачдын үзэж байгаагаар эмнэлзүйд батлагдсан зуурамтгай орлуулагчид (viscosupplements) үений шингэний чанарыг сэргээх болон үрэвсэл бууруулахад чиглэдэг ч тэдгээрийн үр нөлөө тодорхойгүй хэвээр байгаа аж.
АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэл үүсгэхээс гадна тухайн өвчнийг эмчлэх хугацаа алдахад хүргэж болзошгүй гэдгийг анхааруулж байна.
Дүгнэлт
Гаднын удирдлагатай, хуурамч хуудаснаас хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэрчилгээ ашиглаж баталгаагүй тос сурталчилж байна. Одоогийн байдлаар үе мөчний өвдөлтийг эмчийн зөвлөсөн тос, эмээр намдаах боломжтой ч үений шингэн нөхөх боломжгүй. Баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь таны бие махбодод сөрөг нөлөө үзүүлэх, эмчилгээ авах хугацааг хойшлуулж, эмчлэх боломжийг багасгах эрсдэлтэй тул бүтээгдэхүүний баталгаат чанарыг шалгаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө авч хэвшээрэй.


