2026 оны 10 дугаар сарын 04-нд Wild Fortune Facebook хуудаснаас “ХасБанк 25 нас хүрлээ” гэх пост түгээжээ. Постод “Та бүхний итгэл, дэмжлэгт маш их баярлалаа. Үүнийг тохиолдуулан бид харилцагчиддаа 2,500,000₮ хүртэлх бэлэг олгож байна” гэх бичигтэй зураг оруулж, линк хавсаргасан байна. уг постыг 30 реакц, 7 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах

Wild Fortune Facebook хуудсыг 2026 оны 10 дугаар сарын 30-нд нээсэн байна. Хуудасны ил тод мэдээллийг харахад “Home decor, Business service” буюу гэрийн тохижилтын худалдаа наймааны хуудас гэх тохиргоотой байсан.
Мөн хаягийн дэлгэрэнгүй хэсгийг шалгахад тодорхой хаяг, холбоо барих утасны дугаар илэрсэнгүй.
Нээгдээд удаагүй хаягаас банкны мэдээлэл, мөнгө тараах гэх мэт пост түгээх нь залилангийн шинж юм.
Линкэд хандахад илэрсэн үр дүн
Шалгасан постод хавсаргасан линкийг Urlvoid хэрэглүүрээр шалгахад Энэтхэгээс гаралтай гэдэг нь илэрлээ. Энэ нь тус сайт Хасбанкны албан ёсны, баталгаат сайт биш гэсэн үг юм.


Уг линкэд хандахад “ХасБанк – 25 Жилийн Ой!” гэх бичигтэй, харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаатай сайт илэрлээ.
Судалгааг бөглөж, илгээх товчийг дарахад банк руу нэвтрэх хэсэг рүү шилжсэн. Хонжвор амласан судалгаа бөглөсний дараа банкны нэвтрэх нэр, нууц үг шаардсан цонх гарч ирэх нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.

ХасБанкнаас 2026 оны 06 дугаар сарын 02-нд цахим залилангийн талаар сануулсан пост түгээсэн байна. Постод сэжигтэй линк дээр дарсан, нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодоо бусдад дамжуулсан, хувийн мэдээллээ алдсан гэж сэжиглэж байгаа бол ЦЕГ-ын 102 болон 5126-5666 дугаарт яаралтай хандахыг зөвлөж, иргэдэд анхааруулжээ.

Дүгнэлт
Хуурамч хаягаас “ХасБанк 25 жилийн ойгоороо хэрэглэгчдэд их хэмжээний бэлэг түгээж байгаа” мэт мэдээлэл түгээж, фишинг залилан хийж байна. “Ойн баярын бэлэг“, “Хэрэглэгчийн асуулгад оролцоод мөнгө хожоорой” гэх мэт агуулгатай пост, линкэд хандахгүй байхыг анхаарч, мэдээлэл түгээсэн хаяг албан ёсны мөн эсэхийг шалгаж хэвшээрэй.


