2026 оны 10 дугаар сарын 19-нд Өдөр бүрийн эрүүл мэнд Facebook хуудаснаас “Орос загасны тос цус харвалтаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулна” гэх бичлэг түгээжээ. Бичлэгт “Оросын загасны тос нь Омега-3 тосны хүчлээр бие махбодыг хангаж, зүрх судасны эрүүл мэнд болон цусны эргэлтийг дэмжихийн зэрэгцээ өдөр бүр эрүүл, чийрэг байхад тусална. Цусны эргэлтийг дэмжинэ, хүний биед шаардлагатай Омега-3 тосны хүчлээр хангана, ядаргаа, сульдааны мэдрэмжийг багасгахад тусална” гэх тайлбар оруулж, линк хавсаргасан байна. Уг бичлэгийг 76 реакц, 10 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 31 удаа түгээжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах

Өдөр бүрийн эрүүл мэнд Facebook хуудсыг 2026 оны 09 дүгээр сарын 08-нд нээсэн байна. Хуудасны нээлттэй мэдээллийг харахад Вьетнамаас 5 удирдлагатай гэдэг нь илэрсэн.
Мөн хуудасны дэлгэрэнгүй хэсгийг шалгахад тодорхой хаяг, байршлын мэдээлэл оруулаагүй ба хавсаргасан дугаарыг гаднын улсаас удирдлагатай 2 өөр Facebook хуудас ашигласан байна. Гаднын удирдлагатай, тодорхой хаяг байршлын мэдээлэлгүй байх нь хуурамч хуудас гэсэн үг юм.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкэд хандахад илэрсэн үр дүн
Шалгасан постод хавсаргасан линкэд хандахад зөвхөн доош гүйлгэж мэдээлэл харах боломжтой, байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгагүй сайт илэрсэн. Сайтын мэдээллийг нягтлахад бүтээгдэхүүнийг “Сибирийн тэнгисийн крилл тос” гэсэн бөгөөд “Зүрх, тархи, үе мөчид сайн. Мэдрэлийн үйл ажиллагаа, зүрх судас, мэдээ алдалтыг бууруулж, тэсвэр хүчийг нэмэгдүүлнэ” гэж тайлбарлажээ.

Сайтын бүртгэлийн мэдээллийг Whois хэрэглүүрээр нягтлахад Вьетнам улсаас удирдлагатай байна. Мөн байгууллагын тодорхой мэдээлэлгүй, хямдралын мэдээлэл, худалдан авахыг уриалсан хэсгийг анхаарал татах зорилгоор тавьж, утасны дугаар, нэр болон хаягийн мэдээллийг асууж байгаа нь хуурамч сайтын шинж юм.
Зургаар шалгах
Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүрээр зургаар хайхад Lazada, Taobao, Theplace зэрэг худалдааны сайтад борлуулж байна. Бүтээгдэхүүний шошгод “Vchenyige” гэх бичиг байсан ч уг нэрээр албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгч илэрсэнгүй.
Zhihu сүлжээний хэрэглэгч уг бүтээгдэхүүний савлагаан дээрх орц найрлагын зургийг нийтэлжээ. Тухайн зургийг орчуулахад “Крилл загасны тос, маалингийн үрийн тос (flaxseed oil), сойн тос (soybeen oil)” агуулсан гэсэн ч тунгийн дэлгэрэнгүй мэдээллийг бичээгүй байна.

Криллийн тосны үйлчилгээг судалсан судалгаанууд үр дүнгийн зөрүүтэй бөгөөд үйлчилгээг батлаагүй
2023 онд нийтэлсэн Крилл тосны эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зүрх судасанд үзүүлэх нөлөө мета-анализын үр дүнд “Криллийн тосыг цусан дахь өөх тосыг хянахад ашиглаж болох юм. Цаашид зүрх судасны өвчнөөр нас барсан тохиолдлыг криллийн тосны хэрэглээтэй уялдуулан судлах шаардлагатай” гэсэн байна. Уг судалгаанд нийт 1458 оролцогчтой 14 туршилтыг хамруулсан. Анализын үр дүнд криллийн тос өөх тосны эсрэг үр дүнг үзүүлж байсан ч цусны даралт, глюкозын хэмжээнд өөрчлөлт үзүүлээгүй аж.
2025 оны Үе мөчний элэгдэлд крилл тосны үзүүлэх нөлөө тойм судалгаанд Австрали, Канад, Япон, Өмнөд Солонгос улсын нийт 730 иргэнийг оролцуулсан, 5 туршилтын судалгааг хамруулж, шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний үр дүнд криллийн тос үе мөчний элэгдэлд нөлөө үзүүлээгүй бөгөөд энгийн асаргаанд байсан бүлгийн хүмүүстэй ижил үр дүнтэй байжээ.
2026 онд нийтэлсэн Насанд хүрэгчдийн тромбоцит бөөгнөрөл болон артерийн судасны хатууралд криллийн тосны үзүүлэх нөлөө ба аюулгүй байдал судалгаанд криллийн тос хэрэглэсэн хүмүүсийн цусны даралтад эерэг нөлөөтэй байх боломжтой гэж дүгнэжээ. Судалгаанд 120 оролцогчийг тунгийн хэмжээгээр 2 бүлэг болгож хувааж, 17 долоо хоногийн турш үйлчилгээний хугацаа, цусны даралт, үрэвсэл намдаах үйлчилгээг ажигласан байна. Туршилтын эцэст өндөр тун хэрэглэсэн бүлгийн цусны даралт, судасны хатуурал буурсан аж.
Үүнээс үзвэл, криллийн тосны судалгааны үр дүнгүүд зөрсөн, нөлөө үзүүлээгүй үр дүнгүүд гарчээ. Энэ нь одоогийн байдлаар тосны бүрэн үйлчилгээг батлаагүй гэсэн үг юм.
Кливланд эмнэлгийн нийтэлснээр криллийн тос зүрх судас дэмжих, үрэвсэл намдаах магадлалтай бөгөөд үйлчилгээг судалсан судалгааны үр дүнгүүд зөрүүтэй, бүрэн судлагдаагүй байгаа аж. Уг эмнэлгийн хоол зүйн мэргэжилтэн Мира Илишийн мэдээлснээр криллийн тос гүйлгэх, өтгөн хатах, цээж хорсох гэх мэт шинж тэмдэг үүсгэх эрсдэлтэй, цус шингэлэх үйлчилгээтэй тул эмчийн зөвлөмжөөр хэрэглэхийг санал болгосон байна.
Дүгнэлт
Гаднын удирдлагатай хуудаснаас “Оросын загасны тос” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Одоогийн байдлаар криллийн тосны хүний биед үзүүлэх нөлөөг бүрэн батлаагүй учир эмчийн зөвлөгөөгүй баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаарай.


