2026 оны 10 дугаар сарын 27-нд Улаанбаатар дахь супермаркет – 4 нэртэй хаягаас “Үе мөчний түрхлэг, өвдөг, мөр, хүзүү, нурууны өдөр тутмын арчилгаанд зориулав” гэх тайлбартайгаар “LUHNS soothing pain relief massage gel” гэх бүтээгдэхүүний сурталчилгаа болох богино хэмжээний бичлэгийг түгээжээ.Тус бичлэгийг 72 реакц, 32 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 51 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
Гаднын улсаас удирддаг хуурамч хаягаас шинжлэх ухааны баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулах үзэгдэл ихэссэн. Иймд “богино хугацаанд үр дүнд хүрнэ” гэж сурталчилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө худалдаалж буй хаягийг шалгаарай.
Шалгасан бoтүээгдэхүүнийг түгээсэн Улаанбаатар дахь супермаркет – 4 хаяг нь 2025 оны 10 дугаар сарын 17-нд шинээр нээгдсэн ба Вьетнам улсаас 9 админ удирдаж байна.
Цаашлаад тус хуудаснаас түгээсэн мэдээллийн шинж чанарыг шинжлэхэд орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл түгээдэг нь ажиглагдсан. Төрөл бүрийн барааны захиалга авч буй агуулгатай мэдээлэл түгээдэг ч холбогдох дугаар, хаяг байршил гэх мэт албан мэдээлэлгүй. Зөвхөн чатаар холбогдож, холбоосоор дамжихыг уриалдаг байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад ажиглагддаг түгээмэл шинж чанарууд юм.

Агуулгыг нягтлах
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу Google Lens хэрэглүүр ашиглаж, зургаар хайв. Хайлтын үр дүнд уг бүтээгдэхүүн олон улсны худалдааны сайтуудаар “өвчин намдаах массажны тос” гэж худалдаалагдаж буй нь илэрсэн.
Энгийн массажны тосонд үе мөчний өвчин бүрэн эмчлэгдэхгүй
Өвдөгний үений өвдөлт нь гэмтэл, бэртлээс эхлээд зарим төрлийн артрит хүртэл олон шалтгаанаар тохиолддог, нийтлэг өвчин юм. Артрит нь үе мөчний үрэвсэл бөгөөд өвдөг, үе мөчний өвдөлтийг үрэвслийн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн аргаар эмчилдэг байна.
Эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “Үе мөчний өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч шинж тэмдэг, зовуурийг намдаах боломжууд бий. Үүнд зориулалтын эм, тос, дасгал хөдөлгөөн, физик эмчилгээ, нэмэлт амин дэм зэрэг багтаж болно. Харин өвдөлт хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгэж, шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээ бий” гэж мэдээлсэн байна. Нэг үгээр бол энгийн өвчин намдаах тосонд үе мөчний өвчин бүрэн эмчлэгдэхгүй. Иймд богино хугацааны үр дүн амласан баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж, эмчид хандан, тохирох эмчилгээний талаарх мэргэжлийн зөвлөгөөг аваарай.
АНУ-ын Үе мөчний өвчин судлалын сангийн зөвлөмжид:
“Иллэг хийлгүүлэх нь өвдөг, гарын үе мөч, нуруу өвдөх болон хуян хөөрөх үед таатай мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ иллэг хийх үедээ хэт их хүч ашиглах эсвэл хэт зөөлөн байвал үр дүнгүй аж. Хэрэв танд:
- Үе мөч гэмтсэн
- Үрэвслээс үүдэн улайлт үүссэн, харшил туурсан
- Яс сийрэгжсэн
- Цусны даралт ихэссэн
- Судас бүдүүрсэн зэрэг шинж тэмдэг байгаа бол өөрөө дур мэдэн иллэг хийлгүйгээр мэргэжлийн эмч, бариа засалчид хандаарай” гэсэн байна.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад байршуулсан үе мөчний өвчний тухай мэдээлэлд “Жингээ зохицуулах, зөв хооллох, зөв суух зэргийг анхаарч, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хэрэв биед үрэвсэл явагдаж байвал түүнийг эрт илрүүлснээр үе мөчний өвчний эрсдэлийг бууруулна. Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр физик эмчилгээ, эсвэл мэс засал хийлгэх боломжтой” гэсэн байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, энгийн массажны тосыг “үе мөчний өвчнийг эмчилнэ” гэж хэтрүүлэн сурталчилж байна. Иллэг, массаж хийлгүүлэх нь өвдөг, гарын үе мөч, нуруу өвдөх болон хуян хөөрөх үед таатай мэдрэмж төрүүлдэг ч өвчний суурь шалтгааныг эмчлэхгүй тул мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээг хийлгэх нь зүйтэй юм шүү.


