Search

Цусны бүлгээр нь хүний зан чанарыг тодорхойлдог гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2128

Ерөнхий агуулга

Цусны бүлгийг тухайн хүний зан чанарыг тодорхойлж болно гэх мэдээлэл түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Цусны бүлэг хүний зан чанарыг тодорхойлдог гэх үзэл Япон зэрэг Азийн оронд тархсан ч  үүнийг батлах шинжлэх ухааны хангалттай нотолгоо байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 20-нд Oyuntuya Damdinsuren нэртэй хаягаас “…цусны бүлгийг тухайн хүний зан чанарыг тодорхойлох “код” гэж үзэх онол бий. Энэхүү онолоор бол цусны бүлэг болгон тэр хүний байгалиас заяасан үүсэл, зан чанарыг тодорхойлж болно гэж үздэг байна” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ. Тус постыг 147 реакц, 6 сэтгэгдлээр идэвхжүүлж, 435 удаа цааш түгээжээ.

Цусны бүлэг болон зан чанарын хооронд холбоо хамаарал байдаг гэдгийг нотолсон шинжлэх ухааны найдвартай баримт, нотолгоо одоогоор байхгүй

Эрүүл мэндийн Healthline сайтад “өнөөг хүртэл цусны бүлэг болон зан төлөвийн хоорондын хамаарлыг тогтоосон нэг ч судалгаа байхгүй” хэмээн мэдээлжээ.

Тухайлбал, 2014 онд АНУ-ын Үндэсний Биотехнологийн хүрээлэнгийн судалгааны санд нийтлэгдсэн Япон, АНУ-ын 10 мянга гаруй хүний мэдээлэлд хийсэн судалгаагаар зан чанарын 68 үзүүлэлтийн 65-д нь цусны бүлгүүдийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй байна.

Түүнчлэн 2021 онд Researchgate судалгааны санд нийтлэгдсэн “Америкчуудын нүдээрх Кецүэки-Гата: Цусны бүлэг ба зан чанарын хоорондын хамаарлыг судлах нь” гарчигтай судалгаагаар 100 насанд хүрэгчийн цусны бүлэг болон зан чанарын асуулгын хариултад хийсэн статистик дүн шинжилгээгээр цусны бүлэг ба зан чанарын хооронд ямар ч хамаарал илрээгүй хэмээн дүгнэжээ. Мөн “зан чанарт генетикийн хүчин зүйл нөлөөлдөг байж болох ч энэ нь тухайн хүний цусны бүлгээс хамаардаггүй. Хүний зан чанар нь биологийн хатуу тогтсон бүрэлдэхүүн хэсгээс илүүтэйгээр тухайн хүний туулж өнгөрүүлсэн туршлага, үйл явдлуудаар төлөвших хандлагатай байдаг” гэсэн байна.

“Цусны бүлэг хүний зан чанартай холбоотой” гэх онол Японд 1920-иод оноос үүсэж, улмаар олон нийтэд түгжээ. Уг онолоор А, В, О, АВ бүлэг бүрийг өөр өөр зан чанартай холбон тайлбарладаг байна.

Эрүүл мэндийн Verywell сайтын мэдээлснээр, Японы профессор Токэжи Фүрүкава тухайн үедээ “Зан араншин ба цусны бүлгийн судалгаа” нэртэй бүтээл нийтэлж, цусны бүлэг хүний зан чанартай холбоотой гэсэн санааг дэвшүүлжээ. Гэвч түүний судалгаа нь асуулгад хэт тулгуурласан, уг хамаарлыг батлах бодит туршилт, шинжлэх ухааны нотолгоо гаргаж чадаагүй хэмээн шүүмжлэгдэж байсан бөгөөд бусад судлаач Фүрүкавагийн дэвшүүлсэн энэ санааг судалгаагаа нийтэлснээс нь хойш эсэргүүцэж эхэлсэн байна.

Цусны бүлэг гэдэг нь цус сэлбүүлэх эсвэл эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай үед тухайн хүнд тохирох цусыг сонгоход эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ашигладаг ангиллын систем юм

АНУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн цусны донорын үйлчилгээний албан ёсны сайтад мэдээлснээр “цусны бүлгийг антиген гэж нэрлэгддэг тодорхой бодисуудын байгаа, эсвэл байхгүй эсэхээс нь хамааран тодорхойлдог байна. Хэрэв хүний биед өөрийнх нь биш, гаднын биет гэж танигдах антиген орж ирвэл дархлааны тогтолцоо түүнийг эсэргүүцэж, хамгаалах урвал үзүүлдэг аж.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, цусны бүлэг хүний зан чанарыг тодорхойлдог гэх онол байдаг ч үүнийг батлах шинжлэх ухааны хангалттай нотолгоо байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Цусны бүлгийг тухайн хүний зан чанарыг тодорхойлж болно гэх мэдээлэл түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document