2026 оны 07 дугаар сарын 21-нд Жин Хасах Нууц нэртэй хуудаснаас DÁNG NGỌC BÁCH MỘC ургамлын цай гэх бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 659 реакц, мянга гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 120 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт цай ууснаар жин хасаж, эрүүл болно хэмээн эмч ярьж, зөвлөж буй мэтээр дүрсэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Хаяг шалгах
Жин хасах нууц хуудас нь 2025 оны 08 дугаар сарын 16-нд нээгдсэн ба ВЬетнам улсаас 8 админ удирдаж байна. Холбогдох дугаар, хаяг байршил, танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.
Гаднын улсаас удирддаг хуурамч хаягаас шинжлэх ухааны баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулах үзэгдэл ихэссэн. Иймд “богино хугацаанд үр дүнд хүрнэ” гэж сурталчилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө худалдаалж буй хаягийг шалгаарай.

Агуулгыг нягтлах
DÁNG NGỌC BÁCH MỘC цай нь Вьетнам улсад худалдаалдаг бүтээгдэхүүн бөгөөд онлайн худалдааны сайтад тус бүтээгдэхүүнд “Бадамлянхуа навч, Долоогонын навч, Гуава навч, Кассиа үр, Стевиа, Lemongrass, Ногоон цай болон Гиностемма пентафиллум” ургамал орсон гэж тэмдэглэжээ. “Жин хасна, биеийг эрүүлжүүлж, хоргүйжүүлнэ” гэх бүтээгдэхүүнд ихэвчлэн олон төрлийн эмийн ургамал, идэвхт найрлага орсон гэж сурталчилдаг. Гэвч судалгаа шинжилгээ хийгээгүй идэвхт бүрэлдэхүүнтэй олон эмийн ургамал хамтад нь хэрэглэх нь хоорондоо зөрчилдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болзошгүй юм.
Үргэлжлүүлэн PudMed, Google Scholar, Science Direct, ResearchGate зэрэг нээлттэй судалгааны сангаас бүтээгдэхүүний орц найрлагын түлхүүр үгээр хайхад, эдгээрийг нэгтгэж, цайны ханд хэлбэрээр хэрэглэх нь тураах, биеийг эрүүлжүүлэх үйлчилгээтэйг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй байна. Судалгаа шинжилгээ хийгээгүй, чанар аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй. Их хэмжээний шингэн эсвэл ургамлын цай ууж, хоол идэхгүй удах электролитийн тэнцвэрийг алдагдуулна хэмээн АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвийн сайтад мэдээлжээ.
АНУ-ын Холбооны худалдааны комиссоос зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай анхааруулсан. Иймд аливаа эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг шууд худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө аваарай.
Зураг бичлэгийг шалгах
Шалгасан бичлэгт эмч, мэргэжилтэн зөвлөж буй мэт дүрсэлсэн. Гэвч тус бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн бөгөөд хэрэглэгчдэд итгэл төрүүлэхийн тулд эмчийн хувцастай дүр оруулж, зөвлөгөө өгч буй мэтээр сурталчилжээ. Эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.
Дүгнээд хэлбэл, хиймэл оюунаар эмчийн дүр бүтээж, чанар аюулгүй байдлын баталгаагүй, бүтээгдэхүүн сурталчилсан борлуулж байна. Шалгасан мэдээлэлд харуулсан бүтээгдэхүүний орц найрлага дахь эмийн ургамлуудыг нэгтгэж, үр дүн, сөрөг нөлөөг хянаж, тураах үйлчилгээтэй эсэхийг баталсан өргөн хүрээний судалгаа байхгүй.


