Search

“Авгай махны тос” гэх бүтээгдэхүүн эрүүл мэндэд эрсдэлтэй бодис агуулсан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2124

Ерөнхий агуулга

“Тос ашиглаж гарын өөх шатааж, арьс чангална” гэх сурталчилгээ түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрүүл мэндэд эрсдэлтэй, зөвхөн эмчийн жороор ашигладаг бодис агуулсан тосыг “гарын өөх хайлуулах тос” гэх агуулгаар сурталчилж байна. Тосны орц найрлагад орсон ацетат хлоргексидина хэмээх бодис нь хүчтэй харшил үүсгэх эрсдэлтэй бөгөөд FDA-аас аюулгүй байдлын сануулга гаргаж байжээ. Мөн зөвхөн тос ашиглаж өөх шатаах, турах агуулга хүргэж буй сурталчилгаа нь хуурамч амлалт гэдгийг АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулсан байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 07-нд Ankhaas – Store Facebook хуудаснаас “Сул унжсан авгай маханд баяртай гэж хэлээрэй!” гэх гарчигтай бичлэг нийтэлжээ. Бичлэгт “Авгай махны тос хэрэглэснээр гарын өөхлөг хэсгийг арилгаж, арьс чангална” гэх агуулгыг хүргэсэн байна. Уг бичлэгийг 425 реакц, 211 сэтгэгдлээр идэвхжүүлж, 184 удаа цааш түгээжээ.

Зургаар шалгах

Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар шалгахад Amazon, Ozon зэрэг худалдааны сайтаар борлуулж байна. Бүтээгдэхүүнийг “Хятад улсаас гаралтай” гэсэн ба албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгч илэрсэнгүй. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “хибискусын холтос, хуан бай, ку шэнь, годжи, ментол…” гэх мэт ургамлуудыг жагсааж, “өөх шатааж, арьс чангалах үйлчилгээтэй” гэж тайлбарласан байна.

Бүтээгдэхүүний орц найрлагын үйлчилгээ, аюулгүй байдлыг шалгахад эрүүл мэндэд эрсдэл үзүүлэх магадлалтай ацетат хлоргексидина (chlorhexidine acetate) бодис агуулсан нь илэрсэн. Тодруулбал, АНУ-д энэхүү бодис нь зөвхөн эмчийн жороор олгодог бактери устгагч бөгөөд ховор тохиолдолд амь насанд эрсдэлтэй харшил үүсгэдэг гэж АНУ-ын эмийн мэдээлэл хүргэдэг Drugs.com сайтад мэдээлжээ. Мөн ацетат хлоргексидина агуулсан арьс цэвэрлэх, мэдээгүйжүүлэх бүтээгдэхүүн өндөр эрсдэлтэй харшил үүсгэж байгаа тул анхаарал, сэрэмжтэй ашиглахыг FDA-аас сануулсныг Америкийн Мэдээгүйжүүлэгч эмчийн нийгэмлэгээс анхааруулсан байна. Энэ нь сурталчилсан бүтээгдэхүүн эрүүл мэндэд эрсдэл дагуулах магадлалтай орц найрлага агуулсан гэсэн үг юм.

Агуулга нягтлах

Шалгасан мэдээлэлд дурдсан “өөх хайлуулах” гэх ойлголт нь хуурамч тураах бүтээгдэхүүн сурталчлах түгээмэл арга. АНУ-ын Худалдааны комиссоос гаргасан тураах бүтээгдэхүүний хуурамч сурталчилгааг таних гарын авлагад:

  • Дасгал хийхгүй турах,
  • Хоолны дэглэм барилгүй турах,
  • Турсны дараа дахин таргалахгүй,
  • Ганц бүтээгдэхүүн хэрэглээд турах,
  • Богино хугацаанд их жин хаях,
  • Бүх хүнд тохирсон бүтээгдэхүүн,
  • Тос ашиглаж турахыг сурталчлах нь хуурамч амлалт өгч, хэрэглэгчийг төөрөгдүүлдэг гэж сануулжээ. Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмгүйгээр жин хасах боломжгүй бөгөөд ямарваа тос, түрхлэг зэрэг нь өөх шатаах боломжгүй байна.

Үүнээс үзвэл шалгасан мэдээлэл “зөвхөн тос ашиглаж гарын өөхийг шатаах боломжтой” гэх агуулгыг хүргэж, хуурамч сурталчилгаа түгээжээ.

Дүгнэлт

Эрүүл мэндэд эрсдэлтэй, зөвхөн эмчийн жороор ашигладаг бодис агуулсан тосыг “гарын өөх хайлуулах тос” гэх агуулгаар сурталчилж байна. Тосны орц найрлагад орсон ацетат хлоргексидина хэмээх бодис нь зөвхөн эмчийн жороор хэрэглэдэг бодис бөгөөд FDA-аас аюулгүй байдлын сануулга гаргаж байжээ. Мөн зөвхөн тос ашиглаж өөх шатаах, турах агуулга хүргэж буй сурталчилгаа нь хуурамч амлалт гэдгийг АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Тос ашиглаж гарын өөх шатааж, арьс чангална” гэх сурталчилгээ түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document