2026 оны 09 дүгээр сарын 30-нд Жаргалын Сүхбат (архивласан хувилбар) нэртэй хаягаас мөнгө олох боломжтой хэмээн онлайн бооцооны сайт сурталчилсан пост нийтэлжээ. Уг постыг нийт 1,700 гаруй реакц, 604 сэтгэгдлээр идэвхжүүлж, 257 удаа цааш түгээжээ. Постод зохиомол түүхээр санхүүгийн асуудлаа шийдсэн мэтээр бичиж, бодит бус зураг хавсаргажээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
Шалгасан мэдээллийг түгээсэн Жаргалын Сүхбат гэх хаягийн ил тод байдлын хэсгийг шалгахад 2026 оны 09 дүгээр сарын 30-нд шинээр нээгдсэн, Энэтхэг болон Украин улсаас админ удирдаж байна.

Зургаар хайх
Тухайн постод хавсаргасан зургийг хйимэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг шалгадаг hivemoderation хэрэглүүрээр шалгахад 99,9 хувь хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “бүртгүүлэхэд маш хялбархан, 5 минут ч болохгүй. Дээрээс нь анхныхаа цэнэглэлтийг хийнгүүт шууд гоё бонус өгнө. Би өөрөө сохор зоос ч үгүй болчихсон, цөхрөнгөө барж байхдаа яг эндээс л эхэлж байлаа” гэсэн тайлбарын хамт холбоос байршуулжээ.

Үргэлжлүүлэн тухайн холбоос дээр дарж орох юм бол “paripulse-71717.pro” гэсэн сайт руу орж байна. Уг сайт нь цахим мөрийтэй тоглоомын сайт буюу бооцоо тавьдаг сайт аж.

2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль хэрэгжиж байгаа
Тухайлбал, 2026 оны 06 дугаар сарын 30-нд Монголбанкны сайтад “Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хориглох тухай Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ” хэмээн мэдээлжээ.

Дүгнэлт
Өмнө нь бид “Зохион байгуулалттайгаар цахим бооцооны сайт сурталчилж байна”, Гаднын удирдлагатай пэйжээс зохиомол түүхээр залилан үйлдэж байна зэрэг баримт шалгалтаараа зохиомол түүхээр бооцооны сайт сурталчилж буй талаар мэдээлж, эдгээр постын үзэгдэлт, хандалтыг бууруулсан билээ.
Дүгнээд хэлбэл, гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягаас зохиомол түүхээр дамжуулан цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг сайтыг сурталчилж байна. Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль хэрэгжиж байгаа юм.


