Search

“Франц, Японы тал уулзаж Монголд цөмийн хаягдал булшлах тухай ярьсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2122

Ерөнхий агуулга

“Японы ерөнхий сайд Такаити Санаэ, Франын Ерөнхийлөгч Макрон хоёр Монголоос яаж уран авах вэ, яаж хог хаягдлаа хаях вэ гээд стратегийн уулзалт хийж байна” гэх агуулга бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ. 

Баримт шалгалтын үр дүн

2026 оны 02 дугаар сард Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Францад хийсэн томилолтын зургийг 04 сар болсон ерөнхийлөгч Эммануэл Макроны Япон дахь айлчлалтай холбон тайлбарлаж, төөрөгдүүлжээ. Монгол Улсад гаднын улсын цацраг идэвхт хаягдлыг булшлахгүй бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж заасан байдаг.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 03-нд Ганбаатар Гэрэлээ гэх хаягаас “Японы ерөнхий сайд Такачи Санай, Франын Ерөнхийлөгч Макрон хоёр Монголоос яаж уран авах вэ, яаж хог хаягдлаа хаях вэ гээд стратегийн уулзалт хийж байна. Тэрэн дээр нь зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уран борлуулах гээд гүйгээд байгаа юм уу…” гэх агуулга бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг сүүлийн үед дахин түгээж байгаа бөгөөд нийт 2,100 гаруй реакц, 302 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,900 гаруй удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгт харуулсан зургийг  Google Lens хайлтын системээр хайхад Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны 02 дугаар сарын 18-нд Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл илэрцээр гарч ирлээ. Тус томилолтын үеэр Францын  Bpifrance банкны төлөөлөгчтэй уулзаж, Монгол улсын зам, тээврийн салбар, иргэний нисэхийн салбарт техник, технологийн шинэчлэл хийх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийн тухай санал солилцсон хэмээн Зам тээврийн яамны сайтад мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, уран олборлолтын тухай бус зам, тээврийн салбарт хөрөнгө оруулах боломжийн тухай хэлэлцсэн уулзалтын зургийг ашиглаж төөрөгдүүлжээ.

Францын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд 04 дүгээр сард хамтын ажиллагаагаа сайжруулах, Ойрх Дорнодод өрнөж буй асуудлыг хэлэлцэхээр уулзалт хийсэн ба энэ үеэр Монголд цөмийн хаягдал хаях тухай хэлэлцсэн гэх мэдээлэл байхгүй.

2026 оны 04 дүгээр сарын 1-нд Францын ерөнхийлөгч Макрон Токио хотод айлчилж, Ерөнхий сайд Такаичи Санаэ хүлээн авч уулзсан (AP News, Anadolu Ajansı, Японы Ерөнхий сайдын ажлын алба, France24 ). Тус уулзалтаар хоёр улсын эдийн засгийн тогтвортой байдал, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн хамтрал, аюулгүй байдал, эрчим хүч, цөмийн салбарын хамтын ажиллагаа, олон улсын нөхцөл байдал зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсаныг Японы Гадаад яамны сайтад мэдээлсэн. Тодруулбал, цөмийн эрчим хүчний салбарт нейтроны реакторыг хөгжүүлэх, цөмийн түлшний циклийг дэмжих, цөмийн хайлуулах эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхээр баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, Япон болон Францын цөмийн салбарын хөгжүүлэлтийг ярьсан.

Монгол Улс гаднаас ямар нэгэн цацраг идэвхт хаягдал авахгүй хэмээн Цөмийн энергийн комиссын ажлын албанаас бидэнд мэдэгдсэн тухай ““Цөмийн хог хаягдал булшлах гэрээ байгуулсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн” баримт шалгалтад дурдсан. Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуулийн 4.2-т “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж заасан байдаг.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, 2026 оны 02 дугаар сард Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Францад хийсэн томилолтын зургийг 04 сар болсон ерөнхийлөгч Эммануэл Макроны Япон дахь айлчлалтай холбон тайлбарлаж, төөрөгдүүлжээ. Монгол Улсад гаднын улсын цацраг идэвхт хаягдлыг булшлахгүй бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж заасан байдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Японы ерөнхий сайд Такаити Санаэ, Франын Ерөнхийлөгч Макрон хоёр Монголоос яаж уран авах вэ, яаж хог хаягдлаа хаях вэ гээд стратегийн уулзалт хийж байна” гэх агуулга бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document