Search

Банк харилцагчдаараа асуулга бөглүүлж, мөнгөн урамшуулал олгодоггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2121

Ерөнхий агуулга

“Хаан банкны үйлчилгээг ашигласан туршлагынхаа талаар 6 асуулттай энгийн асуулт бөглөөд урамшуулал аваарай” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хаан банктай огт холбоогүй, шинээр нээгдсэн хуурамч хаягаас “асуулга бөглөөд урамшуулал аваарай” хэмээн урхидаж, хуурамч нэвтрэх цонхоор дамжуулан иргэдийн банкны нэвтрэх мэдээллийг авч, залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 30-нд Recomend нэртэй Фэйсбүүк пэйж “Хаан банкны үйлчилгээг ашигласан туршлагынхаа талаар 6 асуулттай энгийн асуулт бөглөөд урамшуулал аваарай” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 11 реакц, 4 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2 удаа цааш түгээжээ.

Хаан банкны урамшууллын талаар мэдээлэл түгээсэн Recomend гэх пэйжийн ил тод байдлыг шалгавал, 2026 оны 10 дугаар сарын 30-нд үүссэн, ямар ч дагагчгүй байна. Мөн хаан банктай огт хамаарал, холбоо байхгүй зэрэг залилангийн шинжүүдийг агуулж байна.

Хаан банкны албан ёсны Facebook хуудас нь “Khan Bank” гэсэн нэртэй 587 мянга гаруй дагагчтай хуудас байна.

Үргэлжлүүлэн постод хавсаргасан “khanten.icu” гэх вэбсайтыг Urlvoid хэрэглүүр ашиглан шалгахад, шалгаж буй мэдээлэл түгээхээс нэг хоногийн өмнө буюу 2026 оны 10 дугаар сарын 29-нд үүсгэжээ. Мөн техник үзүүлэлт болон IP хаягийн бүртгэлээс харахад уг сайтын сервер Энэтхэг улсад байршиж байна. Мөн үр дүнгийн мэдээлэл ногоон байвал тухайн сайт аюулгүй, харин шар, улбар шар байвал сэрэмжтэй байх шаардлагатайг илтгэдэг. 

Пэйж болон сайт үүсээд удаагүй байгаа нь залилангийн мэдээлэл түгээдэг хаягуудын түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм.

Хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлагаас хэрхэн сэргийлэх вэ?

Хэрэв та тухайн постын холбоос руу орох юм бол хялбар асуулгад хариулаад “их хэмжээний мөнгө хожлоо” хэмээн Хаан банк, Голомт банк, ХХБ, Төрийн банк зэрэг иргэдийн өдөр тутамдаа ашигладаг банкнуудын нэвтрэх нэр, нууц үг шаардсан цонх гарч ирдэг. Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.

Хаан банкнаас 2026 оны 10 дугаар сарын 25-нд энэ төрлийн фишинг халдлагаас хрхэн сэргийлэх талаар мэдээлэл оруулжээ. Тухайлбал, “линк дээр дарахын оронд вэбсайтын хаягийг өөрөө бичиж, эсвэл албан ёсны аппликэйшнээр нэвтрэх, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад хэлэхгүй байх, хэрэв мэдээллээ санамсаргүй байдлаар алдсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай” гэжээ.

Дүгнээд хэлбэл, Хаан банктай огт холбоогүй, шинээр нээгдсэн хуурамч хаягаас “асуулга бөглөөд урамшуулал аваарай” хэмээн урхидаж, хуурамч нэвтрэх цонхоор дамжуулан иргэдийн банкны нэвтрэх мэдээллийг авч, залилан үйлдэж байна.

Иймд та өөрийн интернэт банканд нэвтрэхдээ заавал албан ёсны сайтаар дамжуулж орж байгаа эсэхийг нь шалгаж байгаарай. Хуурамч, дуураймал сайтын нэг том шинж тэмдэг бол үүсээд удаагүй байдаг гэдгийг санах хэрэгтэй. UrlVoid хэрэглүүр ашиглаж, аливаа вэбсайт хэзээ үүссэнийг шалгах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хаан банкны үйлчилгээг ашигласан туршлагынхаа талаар 6 асуулттай энгийн асуулт бөглөөд урамшуулал аваарай” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document