2026 оны 10 дугаар сарын 26-нд Zulaa Zulaa хаягаас элэгний D,C вирусийг буулгана гэх sudoku нэртэй бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 239 реакц, 116 сэтгэгдлээр идэвхжүүлж, 103 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “12 сая байсан Д вирус хоёр сарын дотор 3 сая болж буурсан” гэх текст оруулж, тайлбар хэсэгт “🌽-ийн нунтгийн ач тус: ТООЧООД байвал жишээ их ээ их. Цусан дахь сахар тогтвортой байлгах, холестерин бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй, бөөрний үйл ажиллагааг дэмжих, арьсны уян хатан байдлыг сайжруулах, Д, С вирус бууруулах” хэмээн бичжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан мэдээлэлд sudoku брэндийн нунтаг бэлдмэлийг харуулсан. Бид өмнөх “Хятадад хуурамч сурталчилгаа явуулж, хууль бусаар борлуулж, торгууль хүлээсэн бүтээгдэхүүнийг сурталчилж байна” баримт шалгалтаараа тус бүтээгдэхүүн нь энгийн хүнсний бүтээгдэхүүн бөгөөд аливаа өвчнийг эдгээнэ гэж сурталчилснаас болж Хятадад хэд хэдэн хотын зах зээлийн зохицуулах газраас торгууль ноогдуулсан тухай хүргэж байсан.
Эрдэнэ шишийн хөврөл (Corn Germ) нь боловсруулах (тээрэмдэх) явцад салган авдаг, тосоор баялаг хэсэг бөгөөд ойролцоогоор 48% тос, 13% уураг, 12% цардуул агуулдаг. Үүнийг төрөл бүрийн бүтээгдэхүүнд ашиглагддаг ба ханаагүй тосны хүчил болон токоферол (Е витамин)-ын өндөр агууламжтай тул эрүүл мэндэд тустай гэж үздэг байна.
Эрдэнэ шиш холестерин бууруулдаг болохыг харуулсан судалгаа бий ч шалгасан мэдээлэлд дурдсан хавдарын эсрэг, элэгний вирус бууруулдаг, бөөрний үйл ажиллагааг дэмждэг болохыг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй.
- 2024 оны судалгаагаар муу холестерин өндөртэй нийт 36 оролцогчийг хамруулж, 4 долоо хоногийн турш цэвэршүүлсэн эрдэнэ шишийн гурилыг эрдэнэ шишийн хивэгтэй хольж хэрэглэсэн туршилт хийжээ. Тус судалгаагаар муу холестерины түвшин 10.4 мг/дл-ээр буурсан боловч сайн холестерин (HDL) болон триглицеридийн агууламжид мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна.
- 2015 хийсэн туршилтаар нийт 54 хүн хамруулж эрдэнэ шишийн тос болон оливын тос холестринд үзүүлэх нөлөөг судалжээ. Эрдэнэ шишийн тос нь муу холестерин (LDL)-ийг 10.9%-иар, оливын тос 3.5%-иар бууруулжээ. Нийт холестерины хэмжээ эрдэнэ шишийн тосны нөлөөгөөр 8.2%-иар, оливын тосоор 1.8%-иар буурсан байна. Судлаачид үүнийг эрдэнэ шишийн тосонд агуулагдах, холестерины шимэгдэлтийг саатуулдаг ургамлын стеролтой хэсэгчлэн холбон тайлбарлажээ.
- Нийт 21 судалгаа хамруулсан тойм судалгаагаар бүхэл үрийн эрдэнэ шишийн, ялангуяа эслэгээр баялаг эрдэнэ шишийн хивэг нь цусны липидийн (өөх тосны) үзүүлэлтийг сайжруулах боломжтойг харуулжээ.
- 2012 онд цагаан харханд хийсэн судалгаагаар эрдэнэ шиш исэлдэлтийн эсрэг үйлчилгээгүй хэмээн дүгнэжээ. Тодруулбал, тус туршилтад шилжүүлэн суулгасан элэгний хорт хавдартай цагаан хархнуудад эрдэнэ шишийн антоцианы ханд эсвэл Gratiola officinalis (Авгайн өвс)-ийн хандыг өгч туршсан. Эрдэнэ шишийн ханд нь бие махбодын дотоод хордлогыг бууруулсан боловч исэлдэлтийн эсрэг шинж чанар ажиглагдаагүй ба хавдарт үзүүлэх нөлөөг нь цаашид илүү судлах шаардлагатай гэж тэмдэглэжээ.
- 2020 онд нийтлэгдсэн лабораторийн судалгаагаар эрдэнэ шишийн хөврөл нь Е витамины нэгдэл, фенолт антиоксидант агуулдаг болохыг харуулжээ.
Дээрх судалгаануудад эрдэнэ шишийн гурил, үсний нунтаг, хивэг, ханд, тос зэргийг ашигласан бөгөөд хөврөлийн нунтаг ашиглаагүй. Дийлэнх судалгаа нь эрдэнэ шишийн тос, эсвэл ханд нь цусан дахь өөх тосны хэмжээнд нөлөөлөх байдлыг судалсан бөгөөд шалгасан мэдээлэлд дурдсан шиг олон төрлийн өвчин эмгэгийг нэг дор эмчлэх боломжтой талаарх шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Мөн эрдэнэ шишийн хөврөлийг хавдрын эсрэг, элэгний гепатит Д, С вирусийн эсрэг ашиглаж, туршсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй.
Нэг бүтээгдэхүүнээр олон төрлийн өвчин, эмгэгийг нэг дор эмчилнэ гэж сурталчлах нь эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн сурталчлахад ашигладаг түгээмэл арга бөгөөд ялангуяа хавдар, чихрийн шижинг эмчилнэ гэж сурталчилсан бүтээгдэхүүнээс сэрэмжлэхийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас анхааруулсан байна.
Шалгасан бичлэгт сурталчилсан Sudoku брэндийн эрдэнэ шишийн хөврөлийн нунтаг нь энгийн хүнсний бүтээгдэхүүн бөгөөд хятадын эрүүл мэндийн яамнаас гаргасан эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний шошго, тэмдэглэгээ байхгүй. Мөн тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани нь пирамид схемээр ажиллаж, худал сурталчилгаа явуулж, хууль бусаар борлуулсан тухай хятадын мэдээллийн сайтууд мэдээлж байсан. (энд, энд бас энд)
Дүгнэлт
Энгийн хүнсний бүтээгдэхүүнийг элэгний вирус эмчлэх мэтээр худал сурталчилж, төөрөгдүүлж байна. Эрдэнэ шишийн хөврөлийг элэгний вирус бууруулж, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг баталсан өргөн хүрээний клиник туршилт байхгүй бөгөөд баталгаа эмчилгээний арга биш юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь шууд илрэх гаж нөлөөгүй бага байж болох ч өвчин хүндрэх, цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохирох эрсдэлтэй.


