2026 оны 10 дугаар сарын 19-нд DR.PUMA нэртэй хуудаснаас үе мөчний өвдөлтийг эмчлэх цацлага сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 381 реакц, 196 сэтгэгдлээр идэвхжүүлж, 307 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “Үе мөчний өвчнийг түр зуур биш бүрэн эмчлэх эм. Үений бүрхүүлийн үрэвсэл, үений шингэн хуримтлагдах, эсвэл олон жил үргэлжилсэн үений элэгдэлтэй байсан ч хамаагүй. Юньнань Хунхуа ясны чөмгөний үе мөчний шүршигч. Өвдөг өвдөж алхахад, хөл бадайрч, хавдсан, үе мөчний ургалт, шингэн хуримтлагдаж, нугалж чадахгүй болсон бол нэг шил л хангалттай” гэх агуулгыг дурдаж, үе мөчний өвчин хэчнээн хүндэрсэн байсан ч, аль ч насны хүн хэрэглэх боломжтой мэтээр сурталчилжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Сүүлийн үед интернэт орчинд чанар, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг аливаа өвчин, эмгэгийг бүрэн эмчилж, эдгээнэ гэж сурталчлах үзэгдэл ихэссэн. Ийнхүү сурталчилж буй бүтээгдэхүүнийг шууд худалдан авахаасаа өмнө баримт шалгах анхан шатны аргаар хаягийг шалгаж, зургаар хайж, агуулгыг нягтлах нь зүйтэй. Мөн баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө эрүүл мэндийн байгууллага, эмчид хандахыг зөвлөж байна.
Хаяг шалгах
DR.PUMA хуудас нийт 37 дагагчтай ба хуудасны ангилал хэсгээ “гоо сайхын салон” хэмээн сонгожээ. Пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад (Page transparency) 2026 оны 08 дугаар сарын 17-нд нээгдсэн бөгөөд өмнө нь Joe Kirschrxe гэдэг нэртэй байжээ. Бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний 3 бичлэг нийтэлснээс өөр зураг бичлэг огт нийтлээгүй байна. Мөн нүүр зурагтаа эмчийн зураг оруулсан боловч танилцуулга, холбогдох дугаар, аль эмгийг төлөөлж буй зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.
Зургаар хайх
Баримт шалгах анхан шатны аргын дараагийн алхам бол зургаар хайх. DR.PUMA хуудасны нүүр зургийг Google Lens хайлтын системээр хайхад тодорхой илэрцгүй байна. Иймд тус зургийг хиймэл оюуны контент таних Hive Detect хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн байх магадлал 99.9%-тай гарлаа. Хиймэл оюунаар бүтээсэн эмчийн зураг оруулж, хэрэглэгчдэд жинхэнэ мэт итгэл төрүүлэх зорилготой байна.

Мөн бичлэгийг сайтар ажиглавал хоёр өөр төрлийн бүтээгдэхүүн харуулжээ. Бичлэгийн эхлэл хэсэгт “Herbal Joint Relief” гэх бүтээгдэхүүн харуулсан бөгөөд Google Lens хайлтын систем ашиглан зургаар хайхад тодорхой илэрцгүй байна. Харин бичлэгийн төгсгөл хэсэгт хятад бичигтэй бүтээгдэхүүн харуулсан. Тус бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад хятадын Taobao, Yami зэрэг онлайн худалдааны сайтад 3 юань буюу ойролцоогоор 1200 төгрөгөөс эхлэн худалдаалж байна. Эдгээр худалдааны сайтад бүтээгдэхүүнийг өвчин намдаана гэж тайлбарлажээ. Гэвч үйлдвэрлэгч, орц найрлага, шинж чанар, аюулгүй байдлын баталгаа зэрэг мэдээллийг огт оруулаагүй байна.
Агуулгыг нягтлах
Өвчин намдаах цацлага нь хэсэг газрын өвчин намдаах эмийн нэг хэлбэр бөгөөд өвдөлтийг түр хугацаанд намжаахын тулд ашигладаг. Гэвч энэ нь үрэвсэлт өвчнийг бүрэн эдгээнэ гэсэн үг биш юм. Өвдөлтийн шалтгаан, зэргээс хамаарч өөр өөр төрлийн цацлага ашигладаг бөгөөд зөвхөн тодорхой хугацаанд өвчин намдаах зорилготой байдаг. Хугарсан яс, үений үрэвсэлт болон бусад хүндэрсэн өвчнийг бүрэн эмчлэхгүй юм. Гэвч шалгасан бичлэгт цацлагаар өвдөгний бүхий л өвчнийг эмчлэх мэтээр дүрсэлж тайлбарлажээ. Мөн эмчийн жоргүй олгодог өвчин намдаах цацлага хэрэглэсэн ч өвдөх, даамжирсан тохиолдолд заавал эмчид нь зүйтэй.
Английн үндэсний эрүүл мэндийн албан ёсны сайтад үений үрэвсэлт өвчлөлийн эмчилгээнд “амьдралын хэв маягаа өөрчлөх (эрүүл жингээ барих, тогтмол дасгал хийх гэх мэт), өвдөлтийг намдаах эм бэлдмэл, тосон түрхлэг хэрэглэх, өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх дэмжих эмчилгээ хийх аль эсвэл өвчлөл хүндэрсэн тохиолдолд гэмтсэн үеийг засах, бэхжүүлэх, солих мэс заслыг хийнэ” хэмээн дурдсан.
Дүгнэлт
Үений үрэвсэлт бүх өвчлөлийг цацлагаар богино хугацаанд бүрэн эдгээх боломжгүй. Судалгаа шинжилгээгээр батлагдаагүй, хуурамч сурталчилгаатай эм бэлдмэл, цацлахыг дур мэдэж хэрэглэх нь харшлах, арьсыг гэмтээх зэрэг эрсдэлтэй учир бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө заавал эмчид хандах нь зүйтэй.


