Search

Согтуугаар жолоо барихад хүлээлгэх хариуцлагын талаар мөрдөж буй хуулийг “ирэх оны эхнээс хууль чангарна” хэмээн төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2118

Ерөнхий агуулга

“Хууль чангарна. 2027.01.01-ны өдрөөс жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол…” гэх пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд 2.7–14 сая төгрөгийн торгууль, эсвэл бусад төрлийн эрүүгийн ял оногдуулах зохицуулалт 2027 оноос бус, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгагдсан бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 27-нд Ачаа Тээвэр Нүүлгэлт хаягаас “Хууль чангарна. 2027.01.01-ны өдрөөс жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол…” гэх пост оруулсан нь 261 реакц, 32 сэтгэгдэгдэл авч, 168 удаа цааш түгээгджээ. Уг постод “…2.700.000- 14 сая хүртэлх мөнгөн дүнгээр торгох, 6-3 жил хүртэл зорчих эрх хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэл хорих хуулийн зохицуулалт мөрдөгдөж эхлэх тул тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг сануулж байна” гэсэн байна.

Уг мэдээлэл согтуугаар жолоо барихгүй байхыг уриалж байгаа нь сайн боловч хариуцлагыг чангаруулсан, одоо мөрдөж буй хуулийг хэрэгжиж эхлэх хараахан болоогүй мэтээр төөрөгдүүлсэн нь эрсдэлтэй тул доорх мэдээллийг нэгтгэлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход хүлээгхэ хариуцлагыг чангатгасан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль 2024 оны 01 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан, эсвэл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол дараах хариуцлага хүлээлгэхээр заажээ.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

  • -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
  • -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.
  • -“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
  • -“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан.

Энэхүү хуулт хэрэгжиж эхэлснээс хойш холбогдсон этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж ирсэн бөгөөд энэ оны гурвадугар улирлын байдлаар 396 хэрэг шүүхээр шийдвэрлүүлсэн тухай УЕПГ-ын мэдээлэлд дурджээ

Жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд 2.7–14 сая төгрөгийн торгууль, эсвэл бусад төрлийн эрүүгийн ял оногдуулах зохицуулалт 2027 оноос бус, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгагдсан бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хууль чангарна. 2027.01.01-ны өдрөөс жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол…” гэх пост оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document