Search

Хуурамч гэрчилгээ ашиглаж баталгаагүй сорвины тос сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2115

Ерөнхий агуулга

Сорви арилгадаг тос гэх бүтээгдэхүүн сурталчилжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаягаас үр дүн, аюулгүй байдлын баталгаагүй тос сурталчилж байна. Тос ашиглаж сорви багасгах боломжтой ч үр дүнгийн баталгаагүй тос хэрэглэх нь мөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдэлийг дагуулдаг тул аливаа бүтээгдэхүүний мэдээллийг нягталж хэвшээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 23-нд Mongolia News Facebook хаягаас “Эдгэршгүй гэж бодсон сорвиноос гэрээсээ аюулгүй салах шинэ арга олдоогүй гэж үү?” гэх пост түгээж, линк хавсаргажээ. Уг постод “Тос ашиглаж мэс засал, лазер эмчилгээнд цаг, мөнгөө үрэх шаардлагагүй” гэж тайлбарласан байна. Постыг 14 реакц, 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 4 удаа цааш түгээжээ.

Хаяг шалгах

Mongolia News Facebook хуудсыг 2026 оны 10 дугаар сарын 22-нд нээсэн байна. Хаягийн дэлгэрэнгүй мэдээллийг шалгахад тодорхой хаяг, холбогдох утасны дугаар зэрэг илэрсэнгүй. Энэ нь хуурамч хаягийн шинж юм.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкэд хандахад илэрсэн үр дүн  

Сайтын байршлыг Urvoid хэрэглүүр ашиглан шалгахад Вьетнамаас гаралтай үр дүн гарсан.  

Зургийн тайлбар: Urlvoid хэрэглүүрийн үр дүн

Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкэд хандахад зөвхөн доош гүйлгэж мэдээлэл харах боломжтой, байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгагүй сайт илэрсэн. Сайтын хямдралын мэдээлэл, худалдан авахыг уриалсан хэсгийг анхаарал татах зорилгоор тавьж, утасны дугаар, нэр болон хаягийн мэдээллийг асууж байгаа нь хуурамч сайтын шинж тэмдэг юм.  

Сайтад “100% органик бөгөөд чанарын баталгаатай” гэх тайлбарыг оруулж, Obelis s.a. (O.E.A.R.C.) бүтээгдэхүүний чанар батлах байгууллагын гэрчилгээ, Япон улсын Үндэсний стандарт, чанарын шалгалтын үр дүнгийн зургийг хавсаргасан ч эдгээр нь өөр бүтээгдэхүүний гэрчилгээ байв.

Тодруулбал, чанар баталгааны гэрчилгээнд Nasopure гэх хамрын хөндийд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг компанийн нэр байна.

Мөн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр дүнгийн шалгалтын гэрчилгээнд сурталчилсан сорвины тос бус “Саруто” гэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний нэр байна. Түүнчлэн туршилтын бүтээгдэхүүний хэсэгт тос биш “30 ширхэг таблет эм” гэжээ.

Энэ нь сурталчилсан бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдал, үр дүнгийн баталгаагүй гэсэн үг юм.

Зургаар шалгах

Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүрээр зургаар шалгахад Alibaba, Amazon, Lazada зэрэг худалдааны сайт илэрсэн ба албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгч байсангүй. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “арьс цэвэрлэх, шим тэжээлээр хангах, сорви, батга арилгах үйлчилгээтэй” гэж тайлбарласан байна. Сурталчилгааны сайт болон онлайн худалдааны сайтад бүтээгдэхүүний дэлгэрэнгүй орц найрлагыг оруулалгүй “Эпидермис, ниацинамид, таван салааны ханд” гэж тайлбарлажээ. Дэлгэрэнгүй орц найрлага, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээлэлгүй байх нь хуурамч бүтээгдэхүүний шинж юм.

Агуулга нягтлах

Эрүүл мэндийн мэдээлэл түгээч WebMD сайтад нийтэлснээр эмчилгээний тос ашиглаж сорвио бүдгэрүүлэх боломжтой ч бүрэн арилгах боломжгүй юм. Тосноос гадна сорви бүдгэрүүлэх лазер, тариа, хагалгаа гэх мэт арга байдаг бөгөөд давуу болон сул талыг арьсны эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

Америкийн гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн нийтэлснээр сорвитой болсон үед тос хэрэглэж хэмжээг нь багасгах боломжтой юм. Лазер, тариа гэх мэт эмчилгээний аргыг сонгохоос өмнө ихэвчлэн тос түрхэх эмчилгээг арга хэмжээ авдаг ба жоргүй олгодог кортикостероид агуулсан түрхлэг, антигистамин тос нь загатнах, тавгүй мэдрэмжийг бууруулснаар гэмтлийг түргэн эдгэрэхэд нөлөөлж, сорвийг багасгадаг байна.

Дүгнэлт

Хуурамч хаягаас үр дүн, аюулгүй байдлын баталгаагүй тос сурталчилж байна. Тос ашиглаж сорви бүдгэрүүлэх боломжтой ч баталгаат үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээлэлгүй хуурамч тос хэрэглэх нь мөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдэлийг дагуулдаг тул аливаа бүтээгдэхүүний мэдээллийг нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Сорви арилгадаг тос гэх бүтээгдэхүүн сурталчилжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document