2026 оны 07 дугаар сарын 28-нд Selle shop нэртэй хуудаснаас архины градусыг багасгаж, элэгний үйл ажиллагааг сайжруулах эрдэнэ шишийн нунтаг гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 708 реакц, 134 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2 мянга гаруй удаа цааш түгээсэн байна. Бичлэгт бүтээгдэхүүнийг архинд хийж градусыг хэмжиж буй туршилтыг дүрсэлсэн бөгөөд “Эрдэнэ шишийн үр хөврөлөөс гаргаж авсан зин уураг 38 градусыг 10 градус руу шууд шилжүүлдэг… Зуршил бууруулж, элэг хамгаалж, дотор эрхтэнийг эрүүлжүүлнэ. Архи, шээсний хүчил, сахарт задарна. Хамрын гамритад давхар нөлөөлнө. Хоолой өвдсөн үед хуурайгаар нь хэрэглэнэ. Өтгөн хаталт, ходоодны шарх, бүдүүн гэдэсний бохирдолуудад үйлчилнэ. Булчин суллаж, шөрмөс чөлөөлж, мэдрэлийг суллана. Яс, булчинд тэжээл өгнө. 6 сар уусан хүмүүсийн майга засагдана” гэж тайлбарлажээ. Мөн бичлэгийн тайлбар хэсэгт эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлыг эмчилнэ, элэг цөсийг цэвэрлэж, гэмтэхээс сэргийлнэ, дархлаа сайжруулна, бүх төрлийн үрэвсэл эдгээх чадварыг сайжруулна, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна гэх мэт олон төрлийн өвчин эмгэгийг эдгээж, урьдчилан сэргийлнэ гэж сурталчилжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шингэний нягтрал хэмжих багажаар согтууруулах ундааны алкохолын хэмжээг нарийн хэмжих боломжгүй.
Шалгасан бичлэгт Sudoku брэндийн гурван төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж, “олон төрлийн өвчин эмгэгийг эдгээнэ” гэж сурталчилсан. Sudoku брэнд нь хятадын Liaoning Future Biological Technology Co., Ltd компанийн бүтээгдэхүүн бөгөөд Азийн орнуудад өргөн худалдаалагддаг байна. Тухайлбал, онлайн худалдааны сайтад тус бүтээгдэхүүнийг усанд найруулж уух эрдэнэшишийн нунтаг хэмээн тайлбарлажээ. Харин согтууруулах ундаатай хольж хэрэглэх, градус бууруулах тухай огт дурдаагүй байна.
Түүнчлэн шалгасан бичлэгт согтууруулах ундааны градусыг хэмжихдээ шингэний нягт хэмждэг Hydrometer (заримдаа urinometer гэж нэрлэдэг) багажийг ашиглажээ. Тус багажаар шингэний нягт буюу хувийн жинг (харьцангуй нягтыг) устай харьцуулан хэмжихэд ашигладаг учир алкохолын градусыг нарийн хэмжих боломжгүй юм. Харин архи, виски, ром зэрэг нэрмэл спиртэд ус, бусад шингэн орсон эсэхийг спиртийн эзэлхүүнээр харьцуулан хэмждэг байна. Шингэн бүтээгдэхүүн буюу ус, этинол спирт, ундаа, шар айраг зэрэг нь бүгд өөр өөр нягттай. Энэ багажаар цэвэр болон ус хольсон спиртыг шалгахад хэрэглэдэг. Мөн шар айраг нэрэх, дарс хийхэд исэлдэлт, чихрийн агууламжийн өөрчлөлт хэмжээг эзэлхүүнээр тооцоход уг багажийг ашигладаг. Шалгасан мэдээлэлд архинд нунтаг бэлдмэл хийхэд тухайн шингэний нягт өөрчлөгдөж байна. Үүнийг алкохолын хэмжээ тодорхой тоогоор буурсан мэт тайлбарлаж төөрөгдүүлжээ. Уг багажаар шингэн дэх алкохолын хэмжээг нарийн хэмжих боломжгүй юм.
Sudoku брэндийн эрдэнэ шишийн нунтагийг “эрүүл мэндэд тустай” гэж хуурамч сурталчилгаа хийсэн тухай Хятадын мэдээллийн сайтууд онцолсоор байна.
Sudoku брэндийн бүтээгдэхүүнийг Хятад компани үйлдвэрлэдэг учир Хятадын Baidu хайлтын системээс дэлгэрэнгүй мэдээлэл хайхад тус компани нь пирамид схемээр ажиллаж, хуурамч сурталчилгаа явуулсан тухай мэдээллүүд илэрцээр гарч ирлээ.
Тодруулбал, 蓝鲸新闻 (Blue Whale News) сайтын албан ёсны Baidu хаягт 2026 оны 03 дугаар сарын 29-нд Sudoku брэндийн хуурамч сурталчилгаа, пирамид схемийн тухай сурвалжилга нийтэлжээ. Liaoning Future Biological Technology компани нь 2015 онд шууд худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан ч бүтээгдэхүүнээ пирамид схемээр буюу гишүүнчлэлээр худалдан борлуулж буй тухай мэдээлсэн. Мөн тус компани нь хуурамч сурталчилгаа явуулж, хууль бус шууд борлуулалт хийсэн талаар олон нийтийн маргаанд удаа дараа өртөж байсныг тэмдэглэжээ. Тухайлбал, FutureBio компани эрдэнэн шишийн хөврөлийн нунтаг бүтээгдэхүүнээ “олон төрлийн өвчин эмгэгийг эдгээнэ” гэж хуурамч сурталчилгаа явуулсан учир Чанчунь, Чанду хот болон Ланжоу хотын Лунматан дүүргийн зах зээлийн хяналтын газраас торгууль ноогдуулж, мэдэгдэл хүргүүлсэн байна.
2024 оны 07 дугаар сарын 24-нд Sina мэдээллийн сайтад Future Bio компанийн борлуулагчид энгийн хүнсний бүтээгдэхүүнийг эмийн бүтээгдэхүүн мэт худал сурталчилж буй тухай мэдээлжээ. Тус компанийн борлуулагчид ойр дотнын хүн нь эрдэнэ шишийн хөврөлийн нунтаг бэлдмэлийг хэрэглээд ужиг, хууч өвчин эдгэрсэн мэтээр сурталчилж байжээ. Гэвч тус бүтээгдэхүүний сав баглаа боодолд эмийн бүтээгдэхүүний шошго байдаггүй аж.
Хятадад эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол дээр цэнхэр өнгө бүхий тусгай шошго, зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн гэрчилгээтэй эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнд уг шошгыг тэмдэглэдэг байна. Харин sudoku брэндийн эрдэнэ шишийн нунтаг бэлдмэлд шошго байхгүй ба энэ нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн бус энгийн хүнсний бүтээгдэхүүн гэдгийг илтгэж байна.

Мөн эрдэнэ шишийн хөврөлийн нунтаг гэх бэлдмэлийг чихрийн шижин өвчнийг эмчилнэ гэж сурталчилснаас үүдэн өвчтөн эмчилгээгээ зогсоож оронд нь тус бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэг гарсан тухай Guangdong телевизээс 2026 оны 10 дугаар сарын 28-нд мэдээлжээ. Энгийн хүнсний бүтээгдэхүүнийг эм мэтээр “эмч, мэргэжилтэн, докторууд зөвлөсөн” гэж хуурамч сурталчилгаа хийсэн байна. Эрдэнэ шишийн үр агуулсан нунтаг нь чихрийн шижинг эмчлэх ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлгүй болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, эрдэнэ шишийн хөврөлийн нунтаг гэх бүтээгдэхүүн нь Хятадын эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний шошгогүй энгийн хүсний бүтээгдэхүүн юм. Хятадын хэд хэдэн хотын зах зээлийн зохицуулах газраас тус бүтээгдэхүүнийг “олон төрлийн өвчнийг эдгээж, урьдчилан сэргийлнэ” гэж хуурамч сурталчилгаа явуулж, хууль бус борлуулалт хийсэн хэргээр шалгаж, торгууль ноогдуулж байжээ. Хятадад энгийн хүнсний бүтээгдэхүүнээр худалдаалагддаг найруулдаг бэлдмэлийг эмийн бүтээгдэхүүн мэт худал сурталчилж, төөрөгдүүлж байна.


