2026 оны 10 дугаар сарын 30-нд Opcumin Pro by Dr.Vita Facebook хуудаснаас “Түрүү үрээс болон бэлгийн эрүүл мэндийн асуудалтай эрэгтэйчүүдэд сайн мэдээ” гэх гарчигтай бичлэг түгээсэн. Бичлэгт “Түрүү булчирхайтай холбоотой өвчин эмгэгүүдийг эмчлэхийн тулд Opcumin pro-г өдөр бүр 2 удаа хэрэглэхийг зөвлөж байна. 100% ховор байгалийн гаралтай найрлагатай, ямар ч гаж нөлөөгүй” гэж тайлбарлаж линк хавсаргажээ. Уг бичлэгийг 5 реакц, 1 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 4 удаа түгээсэн байна.
FACTCHECK:
Хаяг шалгах

Opcumin Pro by Dr.Vita Facebook хаягийг 2026 оны 10-р сарын 25-нд нээжээ. Хаягийн дэгэрэнгүй хэсэгт Филиппинд байршилтай гэж тайлбарласан.
Зургаар хайх
Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүрээр зургаар шалгахад Lazada, Tiktok зэрэг онлайн худалдааны сайтаар борлуулж байгаа нь илэрлээ. Албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгч байсангүй. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “хорт хавдраас сэргийлэх эм” гэж оруулсан нь шалгасан мэдээлэлд дурдсан “түрүү булчирхайтай холбоотой өвчин эмгэгийг эмчилнэ” гэх тайлбартай нийцэхгүй байна.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкэд хандахад илэрсэн үр дүн
Сайтын байршлыг Urvoid хэрэглүүр ашиглан шалгахад Вьетнамаас гаралтай үр дүн гарсан.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкэд хандахад зөвхөн доош гүйлгэж мэдээлэл харах боломжтой, байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгагүй сайт илэрсэн. Сайтын хямдралын мэдээлэл, худалдан авахыг уриалсан хэсгийг анхаарал татах зорилгоор тавьж, утасны дугаар, нэр болон хаягийн мэдээллийг асууж байгаа нь хувийн мэдээлэлд халдах эрсдэлтэй юм.
Сайтын мэдээлэлд “1 эмээр 7 өөр төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ” гэх агуулгыг хүргэжээ. Энэ нь эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн сурталчилхад ашигладаг түгээмэл арга бөгөөд хавдар, чихрийн шижинг эмчлэх гэж сурталчилсан бүтээгдэхүүнээс сэрэмжлэхийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас анхааруулсан байна.

Мөн шалгасан бүтээгдэхүүнийг “Филиппиний FDA-н гэрчилгээтэй, баталгаатай” гэж тайлбарлаж, дараах зургийг хавсаргасан ч “Хоолны нэмэлт бүтээгдэхүүн. Үйлчилгээний үр дүнг судалгаагаар батлаагүй” гэж бичсэн байна. Энэ нь уг бүтээгдэхүүн эм бус эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэсэн үг юм.
Уг бүтээгдэхүүнийг Филиппин улсын бүртгэлийн жагсаалтаас хайхад уг бүтээгдэхүүн эм бус “Эмчилгээний үр нөлөө байхгүй хүнсний нэмэлт” гэсэн бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл хүнсний нэмэлтийн бүртгэлийн гэрчилгээг эмийн аюулгүй байдал, үйлчилгээний гэрчилгээ мэт худал агуулгаар сурталчилжээ.

Агуулга шалгах
Шалгасан бичлэгт эм ашиглаж түрүү булчирхайн олон төрлийн өвчлөлийг эмчилнэ гэж сурталчилсан. Үүний дагуу хайхад дараах мэдээлэл илэрлээ:
- Эрт дур тавих: Хөдөлгөөн, өдөр тутмын дасгалаар өөрчлөх боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар эм уух боломжтой
- Хөвчрөлийн үйл ажиллагааны алдагдал: Амьдралын хэв маягаа өөрчлөх, эмчээс зөвлөгөө авч үйл ажиллагааны алдагдалд хүргэж буй цаад асуудлыг илрүүлэх
- Шөнийн цагаар ойр ойр шээх: Мэргэшсэн эмчид үзүүлсний дараа эмээр эмчлэх, хагалгаанд орох зэрэг арга хэмжээ авах
- Шээх үед өвдөх: Мэргэшсэн эмчид хандаж, арга хэмжээ авах шаардлагатай.
- Төмсөг өвдөх: Халуун бүлээн усанд хэвтэх, хүйтэн жин тавих, өвчин намдаагч хэрэглэх. Хүндэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай.
Эдгээрээс үзвэл шалгасан мэдээлэлд дурдсан асуудлыг амьдралын хэв маягийг өөрчлөх, зарим тохиолдолд эмчид хандаж оношлуулах шаардлагатай байна. Гэтэл бичлэгт баталгаагүй эмийг өдөрт 2 удаа уух заавар өгч байгаа нь үзэгчийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж болзошгүй юм. Тиймээс түрүү булчирхайн өвдөлт, асуудал илэрсэн үед мэргэшсэн хүнээс зөвлөгөө авч, эмчилгээнд хамрагдана уу.
Дүгнэлт
Хүнсний нэмэлтээр бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг “Түрүү булчирхай болон бэлгийн эрүүл мэндийн эм” гэх агуулгаар гаднын удирдлагатай сайт ашиглан худалдаалж байна. Түрүү булчирхай, бэлгийн асуудал илрэвэл сошиал орчноос баталгаагүй эм худалдан авч, хэрэглэхгүйгээр мэргэшсэн эмч, эмнэлэгт хандаж, эмчилгээнд хамрагдана уу.


