Search

“Хар тамхичид тариураа олон нийтийн нойлын цаасанд цэвэрлэдэг” гэдэг нь баталгаагүй мэдээлэл

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2112

Ерөнхий агуулга

“Гадаадад хар тамхичид нойлын цаасанд тариагаа цэвэрлэдэг. Үүнээс болж бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлтэй” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюунаар бүтээсэн, баталгаагүй мэдээлэл агуулсан бичлэг түгээж байна. “Нойлын цаасанд халдвартай тариа хийж байна” гэх мэдээлэл нь сошиал орчинд жил бүр түгдэг цуу яриа юм. ДОХ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчин биеэс гарснаас хойш халдварлах чадвараа алддаг тул нойлын цааснаас халдвар авах боломжгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 28-нд Чулуунбаатар Ариунаа Facebook хаягаас “Сонор сэрэмжтэй байгаарай” гэх бичлэг түгээж “Хар тамхичид хэрэглэсэн тариураа цэвэрлэх зорилгоор нойлын цаасанд шингээж цэвэрлэдэг юм байна. Нөгөөтээгүүр хүмүүсийг хордуулж кайф авч байх магадлалтай гэж үзэж байгаа” гэж тайлбарлажээ. Уг бичлэгийг 2.5 мянган реакц, 42 сэтгэгдлээр идэвхжүүлж, 7 мянган удаа цааш түгээсэн байна.  

“Хар тамхичид тариагаа нойлын цаасанд цэвэрлэдэг” гэх нь сошиал сүлжээнд тархсан баталгаагүй цуу яриа юм

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Проверено баримт шалгах төвөөс уг бичлэгийг нягталж худал гэж дүгнэжээ. Баримт шалгалтын тайланд дурдсанаар “Нойлын цаасанд ХДХВ тарьж байна”, “Хар тамхичид тарианыхаа зүүг олон нийтийн нойлын цаасанд цэвэрлэдэг” гэх бичлэг жил бүр сошиал орчинд түгдэг мэдээлэл юм. Проверено болон Vox Ukraine баримт шалгах төвөөс бичлэгийг шалгахдаа HiveModeration, Sensity AI хэрэглүүр ашиглаж, хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг харуулсан.

Зургийн тайлбар: Sensity AI хиймэл оюун шалгасан үр дүн (Vox Ukraine баримт шалгах төв)
Зургийн тайлбар: Hivemoderation хиймэл оюун шалгасан үр дүн (Проверено баримт шалгах төв)

Мөн Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Snopes баримт шалгах төвөөс 2019 онд “Хар тамхины тариурыг нийтийн нойрын цаасанд цэвэрлэдэг” гэх мэдээллийг шалгаж, баталгаагүй гэж дүгнэж байсан. Тодруулбал, олон нийтийн ариун цэврийн өрөөний нойлын цаасанд аливаа төрлийн бодис, халдвартай тарианы зүү цэвэрлэдэг талаарх мэдээлэл баталгаагүй хаягаас түгсэн бөгөөд АНУ-ын Мансууруулах бодисын хэрэглээг судлах хүрээлэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газарт энэ талаар бүртгэсэн мэдээлэл байхгүй. Мөн тус баримт шалгах төвөөс шалгасан бичлэгтэй ижил төстэй зураглал бүхий бичлэгийг нягталж, хуурамч зураглал, хиймэл оюунаар бүтээсэн баталгаагүй мэдээлэл болохыг мэдээлсэн.

Бэлгийн замын халдварт өвчин нойлын цаасаар халдварлах боломжгүй.

Хүний дархал хомстлын вирус (ХДХВ) болон бэлгийн эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг Терренс Хиггинсийн нэрэмжит хандивын байгууллагын эмнэлгийн албаны дарга Кэйт Намбиар “ХДХВ биеэс гадна орчныг тэсвэрлэдэггүй тул хэн ч нойлын цаасаар халдвар авч байгаагүй. ХДХВ ихэвчлэн бэлгийн замаар, тариагаар, ээжээс нярайд халддаг” гэж Forbes мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ. 

ДЭМБ-ын нийтэлснээр ХДХВ, ДОХ нь цус, хөхний сүү, үрийн шингэн гэх мэт шингэнээр дамжуулж халдварладаг ба үнсэлт, тэврэлт, гар барих, хувийн эд зүйлсээ хуваалцах, хоол хүнсээр халдварладаггүй байна. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлд нойлын суултуур, хаалганы бариул, бассейн, халуун устай ванн, хувцас, хоолны хэрэгслээ хуваалцсанаар бэлгийн замын халдварт өвчин тусахгүй гэдгийг дурджээ.

ДОХ-ын вирус биеэс гарснаас хэдэн цагийн дотор халдварлах чадвараа 90-99% алддаг. Тиймээс хатсан цус, биеийн шингэн халдвар түгээх эрсдэл багатай байна. Харин уг вирус тарианы зүүнд хэдэн сар идэвхтэй байдаг тул бусдын хэрэглэсэн тариурыг хуваалцахгүй, мансууруулах нөлөөтэй бодис хэрэглэхгүй байхыг эрүүл мэндийн мэдээлэл түгээх WebMD сайтаас анхааруулжээ.

Дүгнэлт 

Хиймэл оюунаар бүтээсэн, баталгаагүй мэдээлэл агуулсан бичлэг түгээж байна. “Нойлын цаасанд халдвартай тариа хийж байна” гэх мэдээлэл нь сошиал орчинд жил бүр түгдэг цуу яриа юм. ДОХ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчин биеэс гарснаас хойш халдварлах чадвараа алддаг тул нойлын цааснаас халдвар авах боломжгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Гадаадад хар тамхичид нойлын цаасанд тариагаа цэвэрлэдэг. Үүнээс болж бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлтэй” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document