2026 оны 01 дүгээр сарын 28-нд Ujino store Facebook хуудаснаас “Гүйлсэн булчирхайн чулууг арилгаж, зовуур намдаах цацлага” гэх гарчигтай бичлэг түгээж, дахин идэвхжүүлжээ. Бичлэгт “Япон технологиор хийгдсэн, 100% байгалийн гаралтай. Нян бактерийг 99,9% устгаж, чулууг хайлуулна” гэж тайлбарласан байна. Уг постыг 5.6 мянган реакц, 3.6 мянган сэтгэгдлээр идэвхжүүлж, 2.8 мянган удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Зургаар шалгах
Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад Yami, Яндекс, Taobao гэх мэт худалдааны сайтаар борлуулж байгаа нь илэрсэн. Албан ёсны борлуулах, түгээх сайт байсангүй. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “Амны нүдэнд харагдахгүй хэсгийг цэвэрлэнэ, шүдний өнгөр арилгана, амны үнэр дарах үйлчилгээтэй” гэж оруулсан ба орц найрлагад “Зээргэнэ, алмонд, хятад гаа, гичгэнийн үндэс, хонхон цэцгийн үндэс, мандарины хальс” агуулсан, байгалийн гаралтай гэж тайлбарлажээ. Иймд бүтээгдэхүүнд орсон ургамал амны хөндийг эмчлэх, цэвэрлэх үйлчилгээтэй эсэхийг хайхад судалгаагаар баталсан үр нөлөө илэрсэнгүй.
Түүнчлэн зээргэнэ (Ephedra), гүйлс жимсний үр (Xing ren) эрүүл мэндэд эрсдэлтэй, хор хөнөөл учруулж болзошгүй тул АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас (FDA) хорьсон байна. Тодруулбал, 2026 оны 09 дүгээр сарын 28-нд FDA-н гаргасан анхааруулгад “Гүйлсний үр болон гашуун алмонд самарт их хэмжээний амигдалин байдаг. Эдгээрийг ихэвчлэн боловсруулахгүй иддэг тул булчин сулрах, толгой эргэх, цаашлаад таталт, зүрхний шигдээс болох эрсдэлтэй” хэмээжээ. Мөн ephedra гэх бодисыг бага хэмжээнд хэрэглэсэн ч даралт ихсэх, таталт, зүрхний шигдээс зэрэг ноцтой сөрөг нөлөө үзүүлж байсан учир үүнийг агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнийг хорьсон байна.
Эдгээрээс үзвэл хүний биед ноцтой сөрөг нөлөө учруулж болзошгүй ургамал агуулсан бүтээгдэхүүнийг “Байгалийн гаралтай” гэж сурталчилж, төөрөгдүүлж байна. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас гаргасан эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн таних гарын авлагад “байгалийн” гэсэн сурталчилгаа нь аюулгүй байдлын баталгаа биш гэдгийг сануулжээ.
Агуулга шалгах
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний төвөөс гаргасан нийтлэлд гүйлсэн булчирхайн чулууг шүршигч хэрэглэж эсвэл гараар авах нь булчирхайг гэмтээж, цус алдах, гаднын биет залгих, халдвар авах эрсдэл үүсгэдгийг сануулжээ. Уг байгууллагаас гүйлсэн булчирхайн чулууг гэртээ эмчлэх дараах аргыг зөвлөсөн байна:
- Давстай усаар амаа зайлах,
- Газтай шингэн ууж чулууны хэмжээг багасгаж унагаах,
- Ханиалгаж чулууг суллах,
- Амны эрүүл ахуйг сахих гэх мэт аргыг зөвлөсөн.
Mayo эмнэлгийн толгой, хүзүүний мэс засалч, эмч Пао Ван “Гүйлсэн булчирхайн чулуу эрүүл мэндэд аюулгүй бөгөөд ихэвчлэн амны үнэр өөрчлөгдөх шинж тэмдгээр илэрдэг. Үүнээс болж хоолой өвдөж эхэлбэл эмнэлэгт хандах хэрэгтэй” хэмээжээ. Мөн давстай усаар амаа зайлах, амны хөндийн ариун цэврийг сахиснаар үйсэн булчирхайн чулуунаас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн байна.
Үүнээс үзвэл шүршигч, цацлага ашиглаж гүйлсэн булчирхайн чулууг унагаах нь эрсдэл дагуулах магадлалтай тул эмчийн зөвлөсөн арга ашиглах, хоолой өвдсөн үед эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Дүгнэлт
Эрүүл мэндэд эрсдэл учруулах орц найрлага агуулсан, баталгаагүй цацлахыг эмчилгээний бүтээгдэхүүн мэт сурталчилж, төөрөгдүүлж байна. “Байгалийн гаралтай” гэж сурталчилж буй бүтээгдэхүүн бүр эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй гэсэн үг биш тул аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө гарал үүсэл, орц найрлагын аюулгүй байдлыг нягталж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө авч хэвшээрэй. Гүйлсэн булчирхайн чулуутай болсон үед шүршигч ашиглах бус амаа давстай усаар зайлах, ханиалгах гэх мэт арга хэрэглэх нь эрүүл мэндэд аюулгүй юм.


