2026 оны 10 дугаар сарын 27-нд Fotrune Play&Lucky гэх хаягаас “Системийн шинэчлэлтийн нөхөн төлбөр” гэх гарчиг бүхий зураг (архивласан хувилбар) нийтэлсэн.. Тус зурагт “TDB банк 35 нас хүрлээ. Үүнийг тохиолдуулан бид харилцагчдадаа 5 сая бэлэг болгож байна” гэх текст оруулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Сүүлийн жилүүдэд цахим орчинд ялангуяа Facebook нийгмийн сүлжээнд Монголын банкнуудын нэр логог ашиглан “урамшуулал олгоно”, “сугалаа”, “мөнгө өгнө” гэх агуулга бүхий залилангийн мэдээлэл түгээх үзэгдэл ихэссэн. Иймд аливаа санхүүгийн холбогдолтой мэдээлэл, посттой таарвал баримт шалгах анхан шатны аргаар шалгаж, залилангаас сэргийлээрэй.
Хаяг шалгах
Хамгийн түрүүнд тухайн мэдээллийг түгээсэн хаяг албан ёсных эсэхийг нягтлах нь зүйтэй. Fotrune Play&Lucky хаяг нь нийт 3 дагагчтай, хуудасны ангиллаа зар сурталчилгааны агентлаг гэж сонгожээ. Гэвч холбогдох дугаар, танилцуулга, хаяг байршил зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй ба ¥Худалдаа хөгжлийн банкийг төлөөлөх албан ёсны хаяг эсэх нь тодорхойгүй байна. Үргэлжлүүлэн тус хуудасны ил тод байдлыг хэсгийг шалгахад 2026 оны 10 дугаар сарын 24-нд нээгдсэн байна.
Банк санхүүгийн байгууллага дөнгөж нээсэн шинэ хуудаснаас урамшуулал өгөх тухай мэдээлэл түгээхгүй юм. Худалдаа хөгжлийн банкны албан ёсны хуудас нь 2011 оны 01 дүгээр сарын 20-нд ба нийт 400 мянга гаруй дагагчтай байна.

Мөн байгууллагууд танилцуулга хэсэгтээ хаяг байршил, вэбсайт, холбогдох дугаарыг дэлгэрэнгүй, нээлттэй байршуулдаг учир хаягийг шалгахдаа эдгээрийг нягтлаарай.
Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээлэлд “Системийн шинэчлэлтийн нөхөн төлбөр” гэж дурдсан. Худалдаа хөгжлийн банкны албан ёсны Facebook хуудас болон вэбсайтыг шалгахад энэ талаарх мэдээлэл огт байхгүй байна. Мөн шалгасан зурагт 35 жилийн ойн баярын урамшуулал гэж оруулсан. Худалдаа хөгжлийн банк 1990 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2025 онд 35 жилийн ойн баяр нь болсон. Тэмдэглэлт баяр, онцгой тохиолдлын үеэр “урамшуулал олгоно” гэж хэрэглэгчдийг залилах нь түгээмэл арга юм. Иймд аливаа урамшуулал, мөнгө олгоно гэх санхүүгийн холбогдолтой мэдээллийг сайтар нягталж, шалгаж хэвшээрэй.
Дүгнэлт
Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэлтийг тохиолдуулан хуурамч хаягаас”нөхөн төлбөр олгоно” гэж залилж байна. Аливаа санхүүгийн холбогдолтой мэдээллийг сайтар нягталж хэвшээрэй. Мөн албан ёсны эх сурвалжаас мэдээллээ аваарай.


