2026 оны 10 дугаар сарын 24-ны өдөр World Surveys (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Монголын оршин суугчдын судалгаа” гэсэн тайлбартай судалгааны холбоосыг хавсаргасан пост түгээжээ. Уг пост 819 реакц, 65 сэтгэгдэл авч, 17 удаа цааш түгээгджээ.
Мөн World sociology нэртэй хаягаас адил тайлбартай пост түгээсэн нь 1,100 гаруй реакц, 153 сэтгэгдлээр идэвхжүүлж, 55 удаа цааш түгээжээ. Энд бас адил нэртэй хаягаас түгээсэн байна.
FACTCHECK:
Хаяг шалгах
World Surveys, World sociology зэрэг ижил төстэй, нэр, профайл зурагтай олон хаягаас Facebook-т төлбөр төлж судалгаа бөглөх пост түгээж байгаа учир хаягийг нь шалгалаа.
Эдгээр постыг түгээж буй хуудас нь 2026 оны 07 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 07-нд нээгдсэн, танилцуулга хэсэг хоосон, ерөнхий мэдээлэл огт байхгүй байна.
Мөн хуудасны ил тод байдлын хэсгийг шалгахад АНУ, Украин зэрэг улсаас админ удирдаж байна.

Үргэлжлүүлэн, түгээсэн постууд нь тухайн хаягт ил харагдахгүй байгаа учир “Ad Library” хэсгийг шалгахад 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн судалгаа бөглөх агуулгатай постыг түгээсэн байна. Facebook-т төлбөр төлөх байдлаар уг судалгааг зориуд, хиймлээр түгээх үзэгдэл нь олон нийтийн санаа бодлыг тандах, зохион байгуулалттай мэдээлэл түгээх үйл ажиллагааны нэг илрэл юм.

Агуулгыг нягтлах
Судалгааны шинж чанар, асуулгыг нягтлахын тулд постод оруулсан линк рүү хандаж үзсэн. Судалгааны асуулгыг pollvero.com сайтад хийжээ. Үргэлжлүүлэн судалгааны асуулгуудыг харахад эрх баригчдын эсрэг жагсаал гарах боломж, иргэдийн хандлагыг тандах зэрэг зорилготой асуултууд байна.

Мөн ашигт малтмалын орлогын шударга бус хуваарилалт, гадаадын компаниуд, Rio Tinto, төрийн хяналт зэргийн талаарх агуулгатай асуултууд байна.

Тус асуулгад “Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх ням гарагт болбол та одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төлөө саналаа өгөх үү, эсвэл өөр нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх үү?” гэжээ.
Монгол улсын “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуульд 43.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 43.1.8-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно” гэж зааж өгсөн. Он гараад сонгуулийн жил эхлэх тул энэ мэт санал асуулга зохион байгуулах нь хориотой болохыг энэ ташрамд сануулъя.

Албан ёсны байгууллагаас зарлаагүй, асуулгын зорилго нь тодорхойгүй тохиолдолд судалгаа бөглөхөөс зайлсхийж, хувийн мэдээллээ алдагдахаас сэргийлнэ үү.
Тус судалгааг түгээхдээ “Монголын оршин суугчдад зориулсан санал асуулгад оролцоорой” гэж уриалсан боловч судалгаа явуулж буй байгууллага, зорилго, цуглуулсан мэдээллийг хэрхэн ашиглах талаар тодорхой мэдээлэл огт байхгүй байна.
Бид өмнө нь Хуурамч судалгаа бөглөж, хувийн мэдээллээ алдахаас сэргийлээрэй, “Утас хожоорой” гэх тайлбартай, хуурамч мэдээлэл агуулсан судалгаанд хамрагдахыг уриалжээ” зэрэг баримт шалгалтаараа гаднын улсаас явуулж буй энэ төрлийн судалгааны талаар анхааруулж байсан.
Дүгнээд хэлбэл, гаднын улсаас удирдлагатай хаягаас Facebook-т төлбөр төлж түгээсэн уг судалгааг зохион байгуулж буй байгууллага, зорилго болон цуглуулсан мэдээллийг хэрхэн ашиглах нь тодорхойгүй байна. Мөн асуулгад Монголын улс төрийн нөхцөл байдал, иргэдийн хандлага, Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын талаар асууж байгаа ч судалгааны үр дүнг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгөөгүй байна. Иймд судалгааны найдвартай байдлыг баталгаажуулах боломжгүй үед энэ төрлийн судалгаанаас зайлсхийх нь зүйтэй.


