Search

Зеленский Шведийн хааны хөл рүү нулимж байгаа мэт бичлэг нь Оросын мэдээллийн манипуляц

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2108

Ерөнхий агуулга

Зеленский Шведын хааны өмнө нулимсан гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шведийн хааны Украинд айлчилсан бичлэгийг “Украины ерөнхийлөгч Шведийн хаан руу нулимсан” гэх худал тайлбартайгаар түгээж байна. Шведийн хааны ордны мэдээллийн албаны дарга, гадаад хэргийн сайдын мэдээлснээр энэ нь Оросоос явуулж буй мэдээллийн манипуляц юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 23-нд Erdene Complex Facebook хуудаснаас “Айхтар эр юм өө” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Тус бичлэгт Шведийн хаан Украины ерөнхийлөгч Зеленскийтэй гар барилгүй зогсоход Зеленский нулимж байгаа мэтээр дүрсэлсэн байна. Уг постыг 636 реакц, 11 сэтгэгдлээр идэвхжүүлж, 99 удаа цааш түгээжээ. 

Зургаар хайх 

Шалгасан бичлэгийн зургийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад Шведийн хааны Украин улсад айлчлилсан зураг илэрлээ. Шведийн хааны гэр бүлийн мэдээлэл түгээх албан ёсны сайтад энэхүү айлчлал 2026 оны 04 дүгээр сарын 17-нд болсон гэдгийг мэдээлж, Швед улс Украиныг бүрэн дэмжиж байгааг мэдээлсэн байна. Уг мэдээлэлд Зеленский үл хүндлэл үзүүлсэн, нулимсан талаар дурдаагүй. 

Reuters мэдээний агентлагийн мэдээллийн сан дахь бичлэгийн эхлэлд Зеленский Шведийн хаантай ярьж байгааг дүрсэлсэн байна. Гэтэл шалгасан мэдээлэлд тэрхүү агшныг Шведийн хааны хөл руу нулимсан мэт харуулжээ.  

Зургийн тайлбар: Шалгасан бичлэг ба Reuters агентлагийн бичлэг

Мөн Украины Суспільне Новини олон нийтийн телевизийн Youtube хуудсанд Шведийн хааны айлчлалын эхэн хэсгийг бүрэн зураглалтай байршуулжээ. Уг бичлэгт мөн Зеленский Шведийн хаантай ярьж байгааг дүрсэлсэн байна.

Зургийн тайлбар: Шалгасан бичлэг ба Суспільне Новини телевизийн бичлэг

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Myth Detector баримт шалгах төв 2026 оны 04 дүгээр сарын 18-20 өдөр Gazeta.ru, Lenta.ru, Russia Today гэх мэт Оросын мэдээллийн сайтаар Шведийн хааны айлчлалын худал агуулгатай бичлэг түгээж эхэлснийг илрүүлсэн байна. Оросоос түгээсэн мэдээлэлд айлчлалын бичлэгийн зөвхөн эхэн хэсгийг оруулж, Украины ерөнхийлөгч Шведийн хаантай гар барьсан хэсгийг хассан аж. Мөн бичлэгт “Хаан цагаа хулгайд алдахаас сэргийлсэн“, “Зеленскийгийн хараал” гэх мэт тайлбар оруулжээ.

Зургийн тайлбар: Оросын сайтаар түгсэн хуурамч мэдээллийн жишээ

Агуулга нягтлах

Хэвлэл мэдээллийн агентлагууд хааны айлчлалын бичлэгийн агуулгыг Оросоос санаатайгаар өөрчилж байгааг сануулж, “Оросод ийм төрлийн мэдээ түгээж байгаа нь буруу бас зохисгүй” гэж шүүмжилжээ.

Хааны ордны мэдээллийн албаны дарга Маргарета Торгрен SVT Nyheter телевизэд “Шведийн эзэн хааны айлчлал Украиныг дэмжих, ард нь хамгаалах зорилготой гэдгээ мэдэгдэх байсан” гэдгийг мэдээлсэн байна. Мөн Шведийн Гадаад хэргийн сайд “Украинд үзүүлж буй Шведийн тусламж Оросыг сандаргаж байгаа тул тэд бодит мэдээллийг өөрчилж байна” хэмээсэн. 

Украины Ukrinform олон нийтийн мэдээллийн агентлагийн нийтэлснээр энэхүү айлчлалын талаарх худал мэдээллүүд Украины ерөнхийлөгчийг бусад улсын удирдагчаас хөндийрсөн, салангид мэт агуулгыг хүргэх зорилготой юм. Швед улс Украины цэргийн хүчийг хамгийн их дэмжиж, хандив өгсөн улсуудын нэг бөгөөд 2026 оны 02 дугаар сард 1.4 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлжээ.

Дүгнэлт 

Шведийн хааны Украинд айлчилсан бичлэгийг “Украины ерөнхийлөгч Шведийн хаан руу нулимсан” гэх худал тайлбартайгаар түгээж байна. Шведийн хааны ордны мэдээллийн албаны дарга, гадаад хэргийн сайдын мэдээлснээр энэ нь Оросоос явуулж буй мэдээллийн манипуляц юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Зеленский Шведын хааны өмнө нулимсан гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document