2026 оны 10 дугаар сарын 05-нд Otgoo Sanjaa хаягаас “Вакцин хийлгэсэн хүүхдүүд 10 дахин ихээр үхдэг гэж Америкийн эрүүл мэндийн сайд ярьж байна” гэх пост түгээжээ. Уг постод Namuunaa Purevtseren Facebook хаягийн нийтэлсэн “Вакцин хийлгэсэн хүүхдүүд 10 дахин ихээр үхдэг байна гэж Америкийн эрүүл мэндийн сайд ярьж байна” гэх тайлбартай зургийг хавсаргасан байна. Тус постыг 593 реакц, 39 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1.1 мянган удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK:
Роберт Ф. Кеннедигийн дурдсан судалгааг мэргэжилтнүүд шалгаж, баталгаагүй гэж дүгнэсэн
Шалгасан постод хавсаргасан зурагт “Moms Across America” гэх Facebook хуудасны тэмдэг байсан. Уг хуудсыг шалгахад 2026 оны 09 дүгээр сарын 30-нд нийтэлсэн бичлэг илэрлээ. Бичлэгийн дүрслэлийг Google lens хэрэглүүр ашиглан хайхад Роберт Ф. Кеннедигийн “CHD in DC Conference” үйл ажиллагаанд ярьсан илтгэлийн бичлэг байв. 2026 оны 09 дүгээр сарын 17-нд уг үйл ажиллагааг зохион байгуулсан АНУ-ын Хүүхдийн эрүүл мэнд хамгааллын төв “Зохион байгуулагч болон зочдын илтгэсэн үзэл бодол Хүүхдийн эрүүл мэнд хамгааллын төвийн итгэл үнэмшилтэй нийцэх албагүй” гэж сануулжээ.
Роберт Ф. Кеннеди илтгэлийнхээ үеэр 2017 онд нийтэлсэн “Африкийн суурин газрын нярай хүүхдэд сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг болон амны хөндийн сагагийн эсрэг вакциныг нэвтрүүлсэн нь” гэх Баруун Африкийн Гвиней-Бисау улсад хийсэн 1980-1983 оны хооронд хийсэн судалгааны талаар ярьж, “Сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцин хийлгэсэн охид вакцин хийлгээгүй охидоос 10 дахин илүү нас барах магадлалтай” гэх агуулгыг хүргэсэн байна.
Уг судалгааны талаар эрүүл мэнд, шинжлэх ухааны сэтгүүлч, доктор Габриел Эмануэл 2025 оны 07 дугаар сард KAXE олон нийтийн радиогийн нэвтрүүлэгт ярьжээ. Нэвтрүүлгийн үеэр Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны их сургуулийн хүндэт профессор Бийт Кампманн “1980 оны тоон мэдээлэл өнөө үед хамааралгүй. Учир нь түүнээс хойш вакцины найрлага, үйлдвэрлэлийн явц ихээр өөрчлөгдсөн” гэсэн байна. Үргэлжлүүлэн, ДЭМБ-ын вакцин судлалын мэргэжилтэн Кэйт О Брэйн “Сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакциныг 50 жилийн турш хэдэн тэрбум хүнд хийсэн тул аюулгүй байдлыг батлах хэдэн арван жилийн тоон мэдээлэл бий” хэмээжээ.
Роберт Ф. Кеннедигийн дурдсан судалгааг Петер Ааби, Кристин Бен явуулсан. Гэвч тэдний арга зүй, үр дүнг Германы Аархус (Aarhus) их сургуулийн судлаачид шалгаж, баталгаагүй гэдгийг тайлагнасан байна. Аархус их сургуулийн судлаачдын илрүүлснээр “Петер Ааби, Кристин Бен дэвшүүлсэн онолоо батлах кейсийг тодруулж, нягтлах шаардлагатай байсан таамагт ач холбогдол өгөөгүй. Том дүр зургаар харахад бодит илрүүлэг байхгүй” гэжээ. Мөн “Петер Ааби, Кристин Бен нарын нийтэлсэн нийт судалгааны таамаглалын 7% нь л үнэн байх магадлалтай. Тэдний нийт 25 судалгааны тайлангийн 23-т дэвшүүлсэн онолоо дэмжихийн тулд үндсэн үзүүлэлтээс гадуурх үр дүнг онцолсон. Гэвч эдгээр 23 тайлангийн 22 тохиолдлыг статистикийн зөв аргачлалаар дахин тооцоолсны дараа нотолгоо хамааралгүй болсон” гэжээ. Өөрөөр хэлбэл Петер Ааби, Кристин Бен шинжилгээний арга зүйн алдаатай, үндсэн үр дүнг гаргах бус таамаглалаа батлахын тулд алдаатай судалгаа явуулсан байна.
Гэвч түүний дурдсан судалгааг 2021 онд дахин хийхэд, сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцин хүүхдийн нас баралтын түвшинтэй хамааралгүй гэсэн үр дүн гарчээ.
Олон улсын судалгаанууд вакцины аюулгүй байдлыг баталж байна.
ДЭМБ-ын нийтэлснээр 2002 онд Баруун Африкийн Гвиней-Бисау улсад хийсэн судалгааны үр дүнгийн талаар Олон улсын вакцины аюулгүй байдлын зөвлөх гишүүд хуралдаж, Бангладэш, Буркина Фасо, Индонез, Папуа Шинэ Гвиней улсуудад сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцины аюулгүй байдлын судалгаа хийх, санхүүжүүлэх шийдвэр гаргажээ. Эдгээр судалгааны үр дүнд вакцин хийлгэсэн хүүхдийн нас баралтын түвшин буурсныг баталсан байна.
2026 онд нийтэлсэн “7-оос доош насны хүүхдэд сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг хавсарсан вакцины аюулгүй байдал” судалгааны үр дүнд вакцин хийлгэсний дараа биед илэрсэн гаж нөлөөний дийлэнх нь ноцтой бус байсан гэдгийг илрүүлжээ. Судалгаанд 1990-2025 онд 7-оос бага насны хүүхдэд илэрсэн 57,368 тохиолдлыг бүртгэж, боловсруулсан бөгөөд дараах нөлөө хамгийн олон илэрсэн байна. Үүнд:
| Насны бүлэг | Хамгийн олон бүртгэгдсэн нөлөө |
|---|---|
| 2-оос доош нас | Вакцин тарьсан хэсэгт улайх, уйлах, загатнах |
| 2-5 нас | Вакцин тарьсан хэсэгт улайх, хавдах |
| 5-7 нас | Вакцин тарьсан хэсэгт улайх, хавдах |
2025 онд Хятадын судлаачид Сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцины аюулгүй байдлын бодит үзүүлэлтийг шинжилж, вакциныг аюулгүй гэж дүгнэжээ. Судалгаанд Хужоу хотын 2020–2024 онд бүртгэсэн 483 вакцины сөрөг нөлөөний тоон үзүүлэлтийг боловсруулахад нийт 304,386 тун вакцин хийсний 10,000 тохиолдолд 15.87 сөрөг нөлөө илэрсэн байна. Гаж нөлөөний 97.72% нь нийтлэг илэрдэг хэв шинж, 2.07% нь ховор үзэгдэл байсан аж. Хамгийн өндөр илэрсэн гаж нөлөө нь уйлах (10,000 тун тутам 2.66), загатнах (10,000 тун тутам 0.79), хоолны дуршил буурах (10,000 тун тутам 0.30) тохиолдол байжээ.
Ourworldindata мэдээллийн сангийн тоон үзүүлэлт сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо нэмэгдэхэд татрангаар нас барсан хүний тоо буурч байгааг харуулж байна.


Дүгнэлт
Вакцин хийлгэсэн хүүхдүүд 10 дахин ихээр үхдэг гэх Роберт Ф.Кеннедигийн ярьсан алдаатай судалгааны үр дүнг түгээж, төөрөгдүүлж байна. Уг судалгааг хуучирсан мэдээлэл ашигласан, арга зүйн томоохон алдаа гаргасан асуудлын улмаас олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд баталгаагүй гэж дүгнэсэн. Мөн олон улсын орчин үеийн судалгаанууд сахуу, татран, хөхүүл ханиадны вакцины аюулгүй байдлыг баталж байна.


